Францын шүүх сөрөг хүчний гол улстөрч Марин Ле Пенийг хөрөнгө шамшигдуулсан гэж үзлээ

Францын шүүх даваа гарагт /2025.03.31/ сөрөг хүчний гол улстөрчдийн нэг болох Марин Ле Пенийг хөрөнгө шамшигдуулсан буруутай гэж үзэн түүнийг 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хориглосон байна. Тэрбээр ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгчийн нэг байсан юм. Түүний Үндэсний хөдөлгөөн (RN) нам нь сүүлийн жилүүдэд хүч түрэн гарч ирсэн.
“TF1” телевизэд ярилцлага өгөхдөө Ле Пен өөрийгөө гэм буруугүй хэмээж шүүхийн шийдвэрийг аль болох хурдан давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилготой, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг нь хаах зорилготой хэмээжээ. Ле Пен 2027 онд өрсөлдөж чадахгүй ч гэсэн тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэсэн юм. Тэр “Өнөө шөнө хүний эрхийн эх орон болох Францад шүүгч нар авторитар дэглэмд л байдаг гэж бидний бодож байсан үйлдлүүдийг хийснийг хараад олон сая францчууд маш их уурсаж байна” гэж хэлжээ.
Ле Пенийг таван жил төрийн албан тушаал хашихаас хориглосон шийдвэрийг давж заалдаж түдгэлзүүлэх боломжгүй. Гэхдээ тэр бүрэн эрхт хугацаа нь дуусах хүртэл парламентын суудлаа хадгалах юм. Тэр мөн дөрвөн жил хорих ял сонссоноо хоёрыг нь тэнсэн харгалзах, үлдсэнийг нь гэрийн хорионд өнгөрөөнө.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.