ОУВС Монгол Улсыг хөшигний ард “Бүтэхгүй гарууд” гэж дүгнэсэн үү

"Тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэх мэдэгдэл нийгэмд нэлээдгүй дуулиан дагууллаа. Улмаар зургаан сая төгрөг хүртэлх зээлийг тэглэхээр болж, зээлгүйд нь нэг сая төгрөгийн ваучер олгох шийдвэр гаргасан нь асуудлыг улам дэвэргэв. Хамгийн гол нь өвөр түрийндээ орсон хэрүүлээс илүү ОУВС тойрсон асуудал хамгийн их эргэлзээ дагуулж буй. Энэ талаар бид тодорхой тойм байдлаарх дүгнэлт, мэдээллийг хүргэж байна.
НЭГДҮГЭЭРТ: ОУВС хөшигний ард биднийг “бүтэхгүй гарууд” гэж ДҮГНЭСЭН
Тэтгэврийн зээл тэглэх хууль батлагдсантай зэрэгцээд Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб “ноцтой” мэдэгдэл хийсэн.
Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчлөө. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ санал нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна. Нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болсон төдийгүй үүндээ Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Эл мэдэгдлээс харахад ОУВС хөшигний ард биднийг “жинхэнэ бүтэхгүй гарууд” хэмээн дүгнэж суугаа нь ойлгомжтой. Цаашид хөтөлбөрөө үргэлжлүүлэх эсэх талаарх яриа ч хэдийнэ яригдаж буй биз ээ.
ХОЁРДУГААРТ: ОУВС хөтөлбөрөө “одоогоор зогсоогоогүй”, шууд зогсоох БОЛОМЖГҮЙ
Тэгвэл ОУВС хөтөлбөрөө зогсоосон гэх мэдээлэл бидэнд дуулдсан юм. Энэ дагуу бид ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас тодруулахад, “Одоогоор хөтөлбөрөө зогсоогоогүй. Харин хөтөлбөрийн хяналтаа хойшлуулсан. Эл хяналтыг гурван сард нэг удаа хийдэг” гэх товч хариултыг л өгсөн юм. Ямартай ч хөтөлбөрөө шууд зогсоох боломжгүй гэдгийг эдийн засагчид ч хэлж байна.
Нэгдүгээрт, ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаж байж, хоёрдугаарт хоёр тал хэлцэлд орж байж гэрээ цуцлагдан, хөтөлбөр зогсох аж.
ГУРАВДУГААРТ: ОУВС-гийн гэрээ ИРЭХ ТАВДУГААР сард дуусгавар болох ЁСТОЙ
ОУВС-гийн гэрээ төлөвлөгөө ёсоор бол энэ буюу 2020 оны тавдугаар сард дуусгавар болох ёстой. Сүүлийн төлбөр нь орж ирээгүй байгаа бөгөөд уг төлбөр дээрх асуудлаас болж орж ИРЭХГҮЙ байх магадлал өндөртэй болоод байгаа юм байна.
ЭНД ТОДОТГОХОД: Улсын авдар улайж, бадар гуйхдаа тулсан тэр үед буюу одоогоос хоёр жил хагасын өмнө ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар 2017 оны тавдугаар сарын 24-ны өдөр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан.
Товчхондоо бол Монгол Улсын эдийн засгийг ОУВС-нд шилжүүлээд тэдний юу хий гэснийг өчиггүй хийнэ гэж амлаад, оронд нь хүү багатай зээл авна гэсэн үг. Тус хөтөлбөр гурван жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээнд ОУВС-гаас 434.3 сая ам.долларын зээл олгогдохоос гадна ОУВС болон олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилт, зээлийг авах эрх нээгдсэн. Энэ нь ерөнхийдөө эргүүлж төлөх “хүү багатай зээл” буюу ӨР гэсэн юм.
Тэгвэл, хугацаа дуусахад /2020 оны тавдугаар сард/ нийт санхүүжилт олгогдоогүй байгаа нөхцөлд, “Нэгдүгээрт хугацааг уртасгах, эсвэл дахин шинээр хөтөлбөр тохирох” гэсэн хоёр сонголт байсан. Одоо ОУВС-аас тодорхой хэмжээний үлдэгдэл аваагүй тухай дээр дурдсан билээ. Эл үлдэгдлийн хувь заяа хэрхэх нь бүрхэг болчихлоо.
ДӨРӨВДҮГЭЭРТ: ОУВС-ийн гэрээний тусламжтайгаар Хятадын юанын своп хэлцлийг сунгасан
Тэгвэл зарим эдийн засагчид Монгол Улсыг ОУВС-ийн хөтөлбөрт орсноор Хятадын своп хэлцлийг сунгаж чадсанаас өөрөөр эерэг үр дүн үзүүлээгүй хэмээж буй. Гэвч нөгөө хэсэг нь үүнийг үгүйсгэх байр суурьтай байгаа юм.
Хөтөлбөрийн нийт санхүүжилт болох 5.5 тэрбум ам.долларын хоёр орчим тэрбум нь БНХАУ-ын Ардын банкинд Монгол Улсын төлөх ёстой зээл буюу своп хэлцлийг сунгасан. Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх зээлийн төлөх хугацааг гурван жилээр сунгасан. Үлдсэн гурван орчим тэрбум ам.доллар Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ төсвийн болон төслийн дэмжлэгээр орж ирэхээр гэрээлэгдсэн байдаг.
ТАВДУГААРТ: ОУВС-ийн хөтөлбөр зогсвол ГАДНААС ЗЭЭЛ АВАХ боломж буурч, долларын ХАНШ ӨСНӨ
ОУВС-гийн хөтөлбөр зогссоноор ямар эрсдэл үүсэх вэ гэдэг асуулт одоо хамгийн их анхаарал татаж байгаа.
Энэ оноос ихээхэн хэмжээний гадаад өр төлөгдөх учиртай. Харамсалтай нь, энэ өрөө төлөх нөөц байхгүй учир дахин өрийг өрөөр дарах арга хэмжээг эрх баригчид хайж таарах нь. Ингээд дахиад л ОУВС-д хандах шаардлага үүснэ. Гэтэл Монгол Улс гэрээгээ биелүүлдэггүй, өрийн тааз нэлээн өндөр байгаа болохоор ОУВС-гаас сүүлийн төлбөрийг оруулахгүй байх магадлалтай. Дээрээс нь нэмээд тэтгэврийн зээлийн асуудал ОУВС-гийнхны араанд зуугдчихсан тул, ерөнхийдөө ГОРЬДОЛТГҮЙ тийшээ хандаж байна.
Үүнээс гадна ОУВС-тай гэрээ цуцлагдвал наад зах нь ямар эрсдэл үүсэж болох талаар дурдвал:
- Гаднаас зээл авах боломж буурна
- Долларын ханш өснө
- Төгрөгийн ханш улам суларч, инфляци өснө
ЗУРГАДУГААРТ: Улс төрчдийн “ЭЛЭГ ХӨШИМ” тайлбар
Харин тэтгэврийн зээл тэглэж, ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчсөн дүйвээнээр манай улс төрчид эхнээсээ “элэг хөшим” тайлбаруудыг хийж эхлэв. Тэдний зарим нь хүний амьдрал юм хойно ОУВС харж үзэх байлгүй дээ гэж хээв нэг ярих. Нөгөө нь танай нам ОУВС-гаас мөнгө авч идсэн, хариуцлагаа өөрсдөө үүр гэж ярьж байх жишээний. Энд танай, манай нам биш улс оронд үүсч болох том нөхцөл байдал, эрх ашиг, эдийн засаг, эрсдэл яригдаж байхад жижиг байр суурь ярьж дүрэмгүйгээр тоглож байна.
ЕТГ-ын дарга З.Энхболд: ОУВС-тай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар өөрөө хариуцлагаа хүлээ
“Тэтгэврийн зээл тэглэсэн нь зөв. Харин Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз. Ерөнхийлөгч Олон улсын валютын сантай гэрээ хийгээгүй. Ардын намынхан л гэрээ хийсэн. Гэрээ хийх шаардлагагүй байсан. Валютын сангийн үгэнд орж есөн татвар нэмсэн биз дээ. Өөрсдийнх нь л асуудал шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ямар ч хамааралгүй. Валютын сангийн үгээр яваад амьдрал сайхан болдог бол болохоор боллоо. Валютын сан амьдралгүй шийдвэр гаргадаг. Ардчилсан нам 2012-2016 оны хооронд Валютын сангаас мөнгө аваагүй” гэж мэдэгдэв.
МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн: Монгол Улсын амьдралын асуудал учир арай ч хөтөлбөрөө зогсоочихгүй байх
“Монгол Улсын амьдралын асуудал. БИ ОУВС-г арай ч хөтөлбөрөө зогсоочихгүй болов уу гэж бодож байна. Тэгэхээр амьдралтай холбогдсон асуудал гараад ирж байгаа юм” хэмээн хээв нэг ярих аж.
ДОЛДУГААРТ: Манайх шиг ОУВС-ийн EFF хөтөлбөрт хамрагдсан олон улсын жишээ
Манай улстай адилхан ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан улс орнуудын жишээ дурдъя. Манайхаас өмнө Боснигийн эдийн засгийн шинэчлэлийг дэмжих зорилгоор эхний ээлжинд 612 сая ам.долларын зээл олгосон. Тус улс 2016 оны тавдугаар сард гурван жилийн хугацаатай хөтөлбөрт хамрагдахаар тохиролцоод есдүгээр сард анхны санхүүжилтээ авсан. Харин мөн оны арваннэгдүгээр сард ОУВС эхний тайлангаа гаргахдаа шаардсан нөхцлийг биелүүлээгүй учир хоёрдахь зээл олгохгүй гэдгээ мэдэгдсэн байдаг.
Энэ хөтөлбөрт хамрагдсан өөр нэг жишээ бол Украин. Украин анх Стэнд бай хөтөлбөрт хамрагдаж, таван тэрбум ам.долларын зээл авсан ч үр дүнд хүрээгүй болохоор 2016 онд “Extended Fund Facility” буюу арай урт хугацаатай хөтөлбөрөөр сольжээ. Үүний дагуу Олон улсын валютын сан эрчим хүчний үнийг чөлөөл, тэтгэврийн насны хязгаарыг нэм, нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөрөө зогсоо, орон сууцны төлбөр, ахуйн хэрэглээний хий, халаалт дулааны үнэ тарифыг нэм гэж шаардлага нэмж тавьж манайд тавьсан шаардлагатай адилхан чангатгасан байдаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖИНГЭР НОХОД ХУЦВАЛ ХУЦАЖ Л БАЙГ ЖИНГИЙН ЦУВАА ЯВДГААРАА ЯВНА
МАН-ыг унагаах д�##�д санааг Занданшатар ойлгохгүй баярлаад байх юм. З.Энхболдоос дор ухаантай. Арай өндөр баймаар юм. 6 сар хүртэл
Хоосон толгойтой ширэн нүүртэй том мөрөөдөлтэй хэлэх үггүй хийсэн бүтэлгүй гээд 9 шид нь бүрджээ.яана даа цаашид.