УЛС ТӨР

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.09) хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ё.Мөнхбаатар танилцуулсан.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсвийг УИХ-ын төсвийн бүрэлдэхүүнд баталж зарцуулалтыг УИХ-ын төсвийн ерөнхий менежерийн хувьд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын албан ёсны хүсэлтээр зориулалтын дагуу зарцуулж байгаа билээ. Төсвийн энэхүү харилцааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу тус Зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна. Төсөлд “5.З.УИХ-ын Тамгын газар нь Зөвлөлийн төсвийг батлагдсан төсвийн хүрээнд, зориулалтын дагуу Зөвлөлийн даргаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зарцуулна.

5.4.3өвлөлийн даргын цалин, гишүүдийн урамшууллыг Зөвлөлийн батлагдсан төсөвт туссан цалингийн сан, урамшууллын дүнд багтаан сар бүр олгоно.” гэж ажиллах журамд өөрчлөлт оруулахаар тусгасныг дурдав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.

Монгол УИХ-ын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтын 8.2 дахь хэсэгт зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 2, Засгийн газраас 2, Монголбанкнаас 2 хүний нэрийг дэвшүүлж, хараат бус 3 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлж, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилно гэж заасны дагуу Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор зөвлөлийн гишүүдийг томилсон гэдгийг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тайлбарлав.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд нэг гишүүний сул орон тоо гарсан тул нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгыг өдөр тутмын сонинд нийтлүүлсэн. Сонгон шалгаруулалтад оролцохоор О.Бат-Эрдэнэ, Л.Отгонтуяа, Г.Энхбаяр нар өөрийн нэрээ дэвшүүлж, материалаа Байнгын хороонд ирүүлжээ.  Эдгээр гурван нэр дэвшигчээс нэг хүнийг тус зөвлөлийн гишүүнээр томилох байсан ч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд Засгийн газрын нэр дэвшигчтэй хамт хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн хойшлуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button