Нийгмийн

Дархан-Уулд байх цэргийн ангийн алба хаагчид эрүүгийн хоёр, зөрчлийн 28 хэрэгт шалгуулж байна

Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн хэмжээнд үйлдэгдсэн цэргийн анги, салбарын алба хаагчид холбогдох зөрчлийн болон эрүүгийн хэрэг, түүний шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг 2020, 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар судалжээ.

Дээрх хугацаанд тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Зэвсэгт хүчний 322 дугаар тусгай салбар болон аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салбарын алба хаагч нараас нийт хоёр эрүүгийн гэмт хэрэг, 28 зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдсан байна.

Зөрчлийн хэргийн тухайд цэргийн анги, салбарын алба хаагчид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ихээр холбогджээ. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд 21, 14.7 дугаар зүйлийн 5-д заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодсон” зөрчилд 4, 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан” зөрчилд нэг алба хаагч холбогдсон бол “цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн”, “бусдын эд хөрөнгө хууль бусаар  устгасан” зөрчилд тус бүр нэг алба хаагч холбогдон, хуульд заасны дагуу шийтгүүлсэн байна.

Харин эрүүгийн хоёр хэргийн тухайд ахуйн хүрээнд Хүний эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүд байна. Үүнээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бол нэг хэрэг нь шүүхийн шатанд байгаа ажээ.

Дархан-уул аймгийн прокурорын газраас судалгааны дүнг үндэслэн дээрх байгууллагуудад прокурорын мэдэгдэл хүргүүлж, алба хаагч нарыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button