УЛС ТӨР

ДАТА: Сангийн яам хоёрдугаар сард Дарханы замд зориулж 2.2 тэрбумыг зарлагаджээ

Дарханы замыг барьснаас, Дарханыг наашлуулсан нь дээр гэсэн онигоо шахуу зүйл гарчхаад байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн зам гурав дахь жилдээ гацаж байгаатай холбоотой. Ямартай ч дарханы замын ажил ид явагдаж эхэлсэн талаар дарга, сайд, гишүүд нь ам уралдан шуурцгаах болов. Газар дээр нь очиж танилцаад мэдээлэл, пи-ар аа ч явуулж буй.

-ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛД ЗОРИУЛСАН 2.2 ТЭРБУМЫГ САНГИЙН ЯАМ ХОЁРДУГААР САРД ДАНСНААСАА ЗАРЛАГАДЖЭЭ-

Тэгвэл шилэн дансны дата мэдээлэлд Сангийн яамнаас 2021 оны хоёрдугаар сард дархны замд зориулагдсан мөнгөн зарлагууд хийгджээ. Тодруулбал тус яамнаас 2.2 тэрбум төгрөг дарханы замын ажлыг хэрэгжүүлж буй байгууллагууд руу шилжсэн байна.

Сангийн яамны 2021 оны хоёрдугаар сарын 10, 15-ны өдрүүдийн шилэн дансны мэдээлэл:

-ДАРХАНЫ ЗАМД ХАЯГЛАСАН МӨНГИЙГ ТӨМӨР ЗАМ, ТҮҮХ УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН, НИЙСЛЭЛИЙН ЗДТГ, БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУД РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Дээрх шилэн дансны дата мэдээлэлд тавигдсан зарлагын мэдээллийг харахад Сангийн яам Булгансүүлт компани, МЗХНН Улаанбаатар төмөр зам, Биологийн хүрээлэн, Эм Си Пи Си Жи Ар ХХК, Магнай Трейд, Шунхлай трейдинг, УБЦТС, Шунхлайпетролиум, ЗТХЯ Хяналтын хэлтэс, Дарханы ДЦС, Нийслэл ЗДТГ, Түүх угсаатны зүйн хүрээлэн зэрэг байгууллагууд руу шилжүүлсэн нь анхаарал татаж байна.

Тодруулбал эл 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг замын газар чөлөөлөлт, газар чөлөөлөлтийн хяналтын ажил, замын гэрэлтүүлэг цахилгаан, замын ажлын барьцаа зэрэгт зарцуулсан нь ажээ.

-ГАЦСАН ЗАМЫН АЖЛЫГ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ-

Хамгийн анх Дарханы замыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр дөрвөн эгнээ болгох ажил эхэлсэн ч Хятадын компаниудын инженер, техникийн ажилчид нутаг буцах үеэр Covid-19 халдвар дэгдэж улс орон даяар хөл хорио тогтоосон. БНХАУ-ын компаниуд ажлаа хангалтгүй хийсэн, барилгын ажлын хугацаанд бороо орсон зэрэг шалтгааны улмаас зам ашиглалтад оруулах хугацаа төлөвлөгөөнөөсөө хоцорсон билээ.  

Харин одоо замыг дөрвөн эгнээ болгох ажил Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхлээд буй. ЕСБХБ-аас 2020 оны аравдугаар сарын сүүлээр тендер зарлахад Хятадын дөрөв, Монгол нэг компани шалгарсан байдаг.

  • “Багц-1”-ийн гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК,
  • “Багц-2”-ын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК,
  • “Багц-3”-ын гүйцэтгэгчээр “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх” ХХК,
  • “Багц-4”-ийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК,
  • “Багц-5”-ын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба групп” ажиллаж байна.

Ерөнхийдөө хоёр өөр банкны хоёр өөр төсөл, хөтөлбөрөөр Дарханы зам баригдаж байна гэсэн үг билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button