“Тэжээвэр амьтад эзнээсээ халдвар авч байна”

Амьтад энэ өвчнөөр өвчилж байгаатай холбогдуулан гэрийн тэжээвэл амьтад энэ өвчлөлөөр өвчлөх магадлалтай эсэх, өвчилсөн бол ямар арга хэмжээ авах хэрэгтэйг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын орлогч дарга М.Түмэннастаас лавлав.
-Монголд амьтдаас халдвар илрээд аль хэдийнээ эхэлчихлээ. Минжнээс өөр төрлийн амьтан өвдсөн мэдээлэл бүртгэгдсэн үү?
-Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдвараар минж болон муур өвчилсөн. Одоогоор энэ хоёр төрлийн амьтдаас илрээд байна. Нийт хоёр муураас илэрсэн. Дэлхий нийтэд маш олон амьтнаас өвчлөл бүртгэгдэж байгаа. Ихэвчлэн барын төрлийн муур, усны хулгана, нохой зэрэг амьтдад голчилж буй юм.
-Гэрийн тэжээвэр амьтад нэг сартайдаа вакцин хийлгэж дархлаагаа тогтоодог. Вакцинтай гэрийн тэжээврүүд энэ халдвараар халдварлах эрсдэл бий юу?
-Тийм. Өвчлөх эрсдэл өндөр. Хэрэв халдварласан тохиолдолд манай байгууллагад хандана. Гадаадаас нислэгээр ирж байгаа иргэд УОК-т бүртгүүлж хэдэн амьтан, хэдэн хүн ирж байгаа мэдээллийг МИАТ төрийн өмчит компанид өгдөг. Харин тэд бидэн рүү энэ мэдээллийг дамжуулж тусгаарлах амьтдын мэдээллийг шилжүүлдэг юм.
Гаднаас импортоор орж ирж байгаа нохой муур, тэжээвэр амьтдаас шинжилгээ авч заавал тусгаарлаж байгаа. Яагаад гэхээр хүн амьтан хоёр нэг өрөөнд байж, агаар нэг байгаа учраас тэр.
-Өвчилсөн амьтанд ямар эмчилгээ хийдэг вэ?
-Тэдэнд хүнтэй л адилхан эмчилгээ хийж байгаа. Муурын хувьд хоёр арга зам байгаа. Монголд илэрсэн халдварын тухайд яривал минж эмчлэгдсэн. Муурын хувьд эмчлүүлж болно. Эсвэл устгалд оруулна. Ер нь УОК-ын заавар зөвлөмжөөр устгалд оруулах заалттай. Учир нь хүн, мал амьтны халдвар холилдох юм бол мутаци үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс муурыг шууд устгуулж, чандарлана.
-Тэжээвэр амьтнаа халдвараар өвчилсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?
-Найтааж эхэлнэ. Ер нь амьтад найтаагаад бие нь нэг л өөрчлөлттэй болоод ирвэл танай тэжээвэр амьтан өвчилсөн байна л гэж ойлгох хэрэгтэй.
-Иргэд тэжээвэр амьтнаа халдварт өртүүлэхгүй байхын тулд яах ёстой вэ, ер нь амьтны вакциныг Монголд хийж байгаа юу?
-Эзэн өөрөө халдвараас хамгаалж байж нэг агаараар амьсгалж байгаа тэжээвэр амьтнаа хамгаалж чадна.
ОХУ-д вакцин үйлдвэрлэгдсэн. Европын улсууд АНУ зэрэгт вакциныг хийгээд эхэлчихсэн. Харин Азийн орнуудад дэлгэрээгүй. Учир нь ковидын вакциныг амьтан дээр туршсан болохоор тэдэнд таарсан сайн вакцин аль хэдийнээ үйлдвэрлэгдсэн гэсэн үг. Сүүлийн үед Монгол руу транзит нислэгээр ирж байгаа иргэдийн тэжээвэр амьтад вакцин хийлгэчихсэн ирж байгаа тохиолдлууд бий.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.