НИЙГЭМ

Японд төгссөн 1000 инженерийн нэг О.Оюун-Эрдэнэ: Хүнд үед "Эх орон минь миний төлбөрийг төлсөн шүү" гэж боддог байлаа

Би өөрийгөө бараг юу ч мэддэггүй, болоогүй юм байна гэдгийг Японд очоод л мэдэрсэн. Тиймээс залуу хүний сайн сайхан явахын эхлэл бол суралцах гэдгийг сайн ойлгосон” хэмээн ярих түүнийг Отгонбуянгийн Оюун-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Япон улсад Монгол-Коосэн хөтөлбөрөөр Ай Ти /IT/ инженерийн мэргэжил эзэмшиж ирээд удаагүй байгаа юм. 

-Эх орондоо ирээд удаагүй байна. Мэдээж сайхан байгаа байх? 

-Тэгэлгүй яах вэ, сайхан. Японд гурван жил болоод ирж байгаа учраас өөрчлөгдсөн зүйл их байна. Жаахан тиймхэн санагдаж байгаа зүйлс ч ажиглагдаж л байна. Гэхдээ эх орон, гэр бүл, найз нөхдөө их санасан болохоор гоё байна.

-Анх 2015 оноос Монгол Коосэн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Та хэдэн онд энэ хөтөлбөрт хамрагдсан бэ?

-2017 онд 12-р ангиа төгсөөд ЭЕШ болон Коосэн хөтөлбөрт шалгалт өгөөд тэнцэж байлаа. Тухайн өдөр улсын физикийн олимпиад  давхцаад өгч чадаагүй ч улсын ранкаар нь жагсаахад тэнцэх болзолыг хангаж чадсан. Би физик суурьтай байсан л даа. Хөтөлбөрт эхний байдлаар тэнцсэн тохиолдолд 1.5 жил ШУТИС-д сурах байсан. Энэ хугацаанд Япон хэлээ үзсэн. Мөн Япон улсын зүгээс гадаад оюутнуудаас авдаг математик, хими, физикийн IGU нэртэй шалгалтыг өгч тэнцээд Япон улсад үргэлжлүүлэн гурван жил сонгосон мэргэжлээрээ суралцахаар болсон. Анх 2019 оны гуравдугаар сарын 27-нд явж байсан. 

-Энэ хөтөлбөрт хамрагдаад 100 хувийн тэтгэлгээр мэргэжил эзэмшээд ирлээ. Хүн бүрт олдоод байхгүй боломж. Нөгөөтэйгүүр таны хичээл зүтгэл хөдөлмөр энэ бүхнийг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн. Хөтөлбөрийн тухайд таны сэтгэгдэл?

-Маш их талархаж байгаа. Анхнаасаа өөр улсын өөр тэтгэлэг хайгаад явсан бол илүү хэцүү байсан байх. 800 оюутан гэдэг их тоо шүү дээ. Энэ хөтөлбөр байснаар бүгд сураад хүссэн мэргэжлээ эзэмшээд хамгийн гол нь Монголдоо буцаж ирж байна гэдэг маш том баялагийн нэг хэлбэр. Тийм учраас их баярлууштай, талархах ёстой төсөл гэж боддог.

-Чухам аль салбарын инженерээр суралцаж төгсөв. Монголоос тантай адил мэргэжлээр Японд суралцаж төгссөн хичнээн хүн байдаг юм бэ?

-Ай ти инженер мэргэжлээр суралцаж төгсөөд ирлээНадтай адилхан мэргэжлээр төгсөөд ирсэн найм, есөн инженер бий. Дээд курсийн арав, хорин залуучууд байгаа байх. Манай хөтөлбөрийн хувьд бүх зардлыг хөтөлбөрөөс дааж байсан. Сургалт болон байрны, онгоцны тийзний төлбөр төлөөгүй. Сар болгон 117000 еэний тэтгэлэг авдаг байсан. Тэр мөнгөөрөө өөрсдөө дотуур байрныхаа болон хоолны мөнгөө зохицуулдаг гэсэн үг.

-Энэ мэргэжил Монголд нилээн эрэлттэйд тооцогддогЯпон улсад энэ мэргэжлийг эзэмшээд ирнэ гэдэг амаргүй даваа шиг санагдаж байна?

-Миний хувьд Монголд байхдаа ай ти-гийн хичээлүүд үзэж байгаагүй. Тэнд очиход манай ангийн хүүхдүүд намайг бодвол хоёр жил мэргэжлийн хичээлээ үзчихсэн байсан. Би маш их хоцрогдолтой очсон. Энэ тухайгаа ч багш, профессорууддаа хэлсэн л дээ. Тэгээд Шимакава профессор намайг дааж аваад давтлага өгч эхэлсэн. Ер нь сар гаруй хугацаанд хоёр жилийн хичээлийн хоцрогдолыг нөхөж чадсан гэж хэлж болно. Түүнээс хойш хичээлээ саадгүй ойлгодог болсон. 

-Маш бага хугацаа зарцуулж. Сургалтынх нь онцлогийг юу гэж анзаарав. Практик давамгайлдаг юм уу?

-Бүх хүнд зориулсан сургалттай. Хэт гүнзгий биш хэрнээ амархан биш. Нэг зүйлээ удаан хугацаанд заадаг. Тийм болохоор хэн ч очоод суралцах боломжтой, нээлттэй. Хүн бүр сураасай гэсэн хандлага давамгайлдаг юм билээ. Маш хялбархнаар ойлгомжтой заадаг. Түүнээс гадна манай сургууль, ялангуяа коосэн илүү практик тал руугаа. Онол үздэг ч гэсэн онолтойгоо дүйцүүлэх хэмжээний 50 хувь нь практик хэлбэрээр. 

ЯПОНЫ ТОМООХОН ДЭЛГҮҮРҮҮД ХУДАЛДАГЧГҮЙ, РЕСТОРАНУУД НЬ ЦААСАН ЦЭСГҮЙ

-Манай улсад Ай Ти салбарын хөгжил ямар түвшинд яваа гэж дүгнэхээр байна вэ. Мэдээж Япон улстай харьцуулалтгүй байх тийм үү?

-Өөрийгөө тийм мундаг түвшнийх гэж хэлж чадахгүй л дээ. Дөнгөж суралцаад ирсэн, ажиллаж үзээгүй тул харьцуулж хэлэхэд хэцүү. Нөгөө талаар хөндлөнгөөс ажиглахад Японд бүх зүйл автоматжсан. Томоохон дэлгүүрүүдэд худалдагч байхгүй, ресторанд цаасан цэс бус “ай пад” байх жишээтэй. Товчхондоо хүн хүнтэйгээ харилцах нь багасч байгаа.

-Ай ти инженер мэргэжлийн зовлонтой, бэрхшээлтэй тал нь юу вэ?

-Яг нэг зүйлээ сураад тогтчих биш байнга суралцаж байхыг шаарддаг. Өдөр бүр шинэ технологи гарч байна. Тэднийг сурахгүй бол гүйцэгдэнэ, орхигдоно. Технологийн дэвшилтэй байнга зэрэгцэж явах нь зайлшгүй бидний хэрэгцээт зүйл л дээ. Нэг зүйл дээр очоод гацчихаж болохгүй. Тийм учраас хүнийг ур чадвар болоод мэргэжлийн мэдлэг, мэдээлэл гээд бүх талаар байнга сорьж байдаг. Насаараа өөрийгөө сорино гэсэн үг шүү дээ.

-Та мэргэжлийнхээ гол онцлогийг юу гэж хардаг юмбэ? Юун дээр тулгуурласан гэж ер нь ойлгож болохоор юм бэ?

-Миний сураад ирсэн чиглэл нь болохоор Human-Oriented information Systems Engineering. Хүн технологи хоёрыг холбодог гэсэн үг. Хүнд ямар технологи байвал илүү амар вэ гэх үү дээ. Хүний төлөө буюу хүн төвтэй технологи. Үүнийг хөрвүүлбэл программ хангамж. Программ хангамж гэхээр софтвэр, вэб сайт, мобайл аппликэйшн хийнэ. 

-Хүн төвтэй мэргэжил гэж онцоллоо. Хүнд суурилсан гээд байгаа өнцөг хэрхэн, яаж энэ мэргэжилд шингэдэг юм бэ

-Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн байлаа гэж бодъё. Яавал тэр хүн илүү амархан амьдрах вэ? Харааны бэрхшээлтэй хүн утас ашиглаад эргэн тойрондоо байгаа зүйлсийг яаж, мэдэж мэдэрч болох вэ гэсэн үг.

-Танай мэргэжлээр суралцахад хэлний мэдлэг чухал байх л даа?

-Күнзийн “Чи суралцвал сайхан амьдарна” гэж хэлсэн үг бий. Япон сургуулийн настай хятад багш надад хэлж байсан юм. Өөр орны хэл суралцах нь одоо үед хамгийн чухал зүйл. Ялангуяа манай мэргэжилд хэлний мэдлэг их чухал нөлөөтэй. Яагаад гэвэл монгол хэл дээр “Ай Ти инженер”-ийн хичээл үзнэ гэж байдаггүй. Тиймээс хүссэн, хүсээгүй өөр ямар нэгэн хэлтэй байхыг шаардаж байдаг. Тэр хэмжээгээрээ цаашаа өөрийгөө хөгжүүлээд явах боломж бүрдэнэ гэсэн үг л дээ. Мэдээж хэрэг хэл сурна гэдэг амаргүй даваа боловч сурсаны хойно дэлхийг өөртөө нээж байгаа нэг хэлбэр. Одоо би үргэлжлүүлээд хятад хэл сурч байгаа.

ШИНЭЭР ХЭЛ СУРНА ГЭДЭГ ДЭЛХИЙГ ӨӨРТӨӨ НЭЭЖ БАЙГАА НЭГ ХЭЛБЭР Л ДЭЭ.

-Япон улсад очсон анхны сэтгэгдэл. Тодорхой төсөөлөл тээж очсон байх

-Мэдээж бүх зүйл шинэ байсан. Үнэр нь хүртэл өөр. Очоод, “хөөх ямар том газар вэ” гэж дуу алдсан. Хүмүүс маш олноороо холхидог улс юм билээ. Ямар ч хоггүй маш цэвэрхэн.

-Монголдоо ажиллах дүүрэн хүсэл тэмүүлэл өвөртлөөд ирсэн байх. Буцаад явах бодол бий юу?

-Манай коосэн хөтөлбөрийн оюутнуудын сургалтын төлбөрийг улсаас 100 хувь даасан. Ингэхдээ тэтгэлэг хэлбэрээр суралцсан тул бид Монголдоо таван жил ажиллах гэрээтэй. Таван жил ажиллаж байж сургалтын төлбөрөө тэглүүлнэ гэсэн үг л дээ.

-Тэгэхээр таван жилийн хугацаанд ямар ч л байсан Монголдоо ажиллах нь ээ. Ямар компанид ажиллах сонирхолтой байна вэ?

-Одоогоор ганц, хоёр компани руу ажиллах хүсэлтээ явуулж, ажлын ярилцлаганд орсон. Япон, англи хэлтэй тул Японы хөрөнгө оруулалттай компани байвал надад илүү давуу тал болохоор санагдаж байгаа. Одоогоор ийм л компаниуд хайж байна. Ямартай ч чадна гэсэн ажилдаа ороод ажиллаж үзэх бодол бий. 

-Цалин хөлс Японыхоос асар ялгаатай. Гэхдээ Монголд ай ти инженерийн цалин бусад салбартай харьцуулахад боломжийн гэж үнэлэгддэг?

-Миний төгссөн Японы сургуулийн төгсөгчид багадаа 200 мянган еэнийн цалин авдаг. Монгол мөнгөөр таван сая төгрөг. Тогтвортой ажиллавал нэмэгдэх боломжтой юм билээ. Манайд дунджаар 1.5 сая төгрөг юм байна лээ. Бага санагдсан. 

МАНАЙ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ БОЛ НАСАН ТУРШДАА ЗОГСОЛТГҮЙГЭЭР СУРАЛЦАХЫГ ШААРДДАГ

-Монгол залуус гадны улсыг ихээр зорих болсон. Энэ мэдээж хоёр талтай. Амьдрахад төвөгтэй зүйлс ч их байгаа нь үнэн. Таны хувьд залуус гадагшаа явах нь хэр зөв сонголт шиг санагдаг вэ?

-Хувь хүний өөрсдийнх нь шийдвэр байх л даа. Миний хувьд гадагшаа явж суралцах нь хамгийн зөв сонголт гэж боддог. Монголд ажиллах орчин, ажлын байр үнэхээр хэцүү гэдгийг ирээд ажигласан. Юмны үнэ өсчихсөн, цалин бага, нийгэм асар их стресстэй байгааг анзаараад “манайхан чардайж байгаа юм байна даа” л гэж бодсон шүү. Үүний улмаас гадагшаа явах хүсэлтэй хүмүүс асар их болчихож. Үүнийг буруутгах аргагүй. Нэг л амьдрах хугацаандаа яагаад ингэж зовох ёстой гэж. Гайгүй газар очоод ажиллавал гэр бүлийнхэндээ дэмтэй шүү дээ. 

-Гэр бүлийн гишүүдээс нэг нь хилийн дээс алхчихвал мөнгөтэй төгрөгтэй, боломжтой болчихно гэх ойлголт түгээмэл болчихсон байна? 

-Тийм. Гадагшаа гараад шуудхан л сайхан амьдарна гэх ойлголт буруу. Маш хэцүү. Монголд ажиллах хэцүү ч, гадаадад бүр л хэцүү. Хайртай хүмүүс, эх орноосоо хол. Үүнийг биеэр үзэж, туулж байж мэдэрдэг. Мөн дасаагүй газар гэдэг өөр. Ялангуяа хамгийн эхний жил. Дасахгүй шантрах тохиолдол байдаг. Шантралгүй хичээсээр, зүтгэсээр амжилттай сайн яваа хүмүүс ч олон бий. Ер нь гадагшаа гараад л сайхан амьдарчихна гэдэг нь өрөөсгөл ойлголт. 

-Очсон даруйд юу хамгийн хэцүү санагдаж байв. Бүх зүйл шинэ сонин байхын хэрээр бэрхшээл тулгарч л байсан байх. Ялангуяа хичээл?

-Японы сургуулиуд дүнг хэзээ ч зүгээр өгдөггүй. Заавал ямар нэг зүйл хийж, бодитоор харуулж, шалгалт өгч байж үнэлгээгээ авдаг. Чи энэ хичээл дээр юу сурсан, яг сурч чадсан юм уу, үгүй юм уу гэдгээ шалгуулж дүн авна. Тийм болохоор нойргүй хоносон, хичээлээ хийсэн шөнүүд зөндөө бий. Мөн ганцаараа амьдарснаас сэтгэл зүйн асуудал жаахан хэцүү байсан. Ядаж л суугаад ярилцах, сэтгэлээ хуваалцах хүн маш хэрэгтэй гэдгийг мэдэрсэн шүү.

Хайртай хүмүүсээсээ хол байснаар гэр бүлийн үнэ цэнийг илүү ухаарч ойлгосон байх. Ялангуяа хамт байхдаа ойлгодоггүй байсан гэр бүлийн үнэ цэнийг? 

-Монголд байхдаа хичээлээ сайн хийж байна гээд гэрийнхэнтэйгээ сайн ярилцдаггүй байж. Тийм л байх ёстой юм шиг. Очсон хойноо их зүйл боддог юм билээ. Монголд очоод гэр бүлдээ, эмээдээ цаг зарцуулах, илүү ойр байх, халамжлах хайрлах, хамтдаа аялах, сайхан дурсамж бүтээх тухай бодсоор яваад л ирсэн дээ. Хүний амьдралд гэр бүл хичнээн чухал болохыг илүү ойлгосон гэж хэлж болно.

-Үүнийг дагаад амьдралыг харах өнцөг бас өөрчлөгдсөн байх л даа. Ирээдүйн төлөвлөгөө?

-Япон явахаасаа өмнө илүү амбицтай байсан. Юу ч мэдэхгүй байж л бүгдийг чадна гээд л. Гэтэл тэнд очоод, “би чинь бүр жижигхэн юм байна, болоогүй юм байна. Бараг юу ч мэддэггүй юм байна” гэдгээ ойлгосон. Юу ч мэддэггүй гэдгээ, сурах зүйлс асар олон гэдгийг тэнд очоод л мэдэж байгаа байхгүй юу. /инээв.сурв/ Түүнээс хойш айж эхэлсэн. Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэггүй байсан учраас чөлөөт цагуудаа өөртэйгөө ярих, дүгнэлт хийхэд зарцуулсан. Тэр хэмжээгээр өөрийгөө танисан. Өөрийгөө таних тал дээр бараг гурван жил зарцуулсан даа. 

ГАДАГШАА ГАРААД Л САЙХАН АМЬДАРЧИХНА ГЭДЭГ ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ, ГАДААДАД БҮР Л ХЭЦҮҮ

-Гэр бүлээсээ хол, ганцаараа байх нь амьдралыг ойлгох давуу тал болсон байна?

-Тиймээ, илүү хүчтэй болсон. Хувь хүний тал дээр ч гэсэн үзэл бодол нэлээн их өөрчлөгдсөн. Сэтгэл зүйн хувьд ч илүү хүчтэй болсон. Японд хувийн орон зай нэгдүгээрт тавигддаг юм байна лээ.

-Тэнд олон орны өөр найз нөхөдтэй болов ууМонгол хүний ялгарах чанар гэх юм уу. Бидний ямар чанар давуу, ямар нь сул юм шиг санагдав?

-Өөрийгөө болон Өвөр монгол найзууд дээрээ жишээ авъя л даа. Бид аливаад маш хурдан дасдаг, хурдан сэтгэдэг юм билээ. Самбаачлах чадвар их сайн. Нүүдэлчин соёлтой холбоотой байдаг юм болов уу. Шинэ зүйлийг хурдан сурчихдаг, мартахдаа удаан. Эдгээр чанарууд давуу гэдгийг анзаарсан. Манай Япон багш нар ч их гайхсан. Дөнгөж ирчхээд хоёр жилийн хичээлийг ганцхан сар шахаад гүйцчихсэн гээд. /инээв.сурв/

-Тэгвэл дутагдалтай чанар?

-Цагийн юмыг цагт нь хийдэггүй. Тав хоногийн өмнөх зүйлийг бараг өмнөх орой нь хийдэг. Шалгалтын өмнөх орой бүх хичээлээ уншдаг. Хамгийн инээдтэй нь Япон хүүхдүүд шалгалтаа хоёр долоо хоногийн, бараг сарын өмнөөс бэлдэж эхэлдэг. Тэгсэн ч яг адилхан оноо авдаг. Гэхдээ цагийг нь тулгах буруу л даа. Нэмээд хэлэхэд цаг барих, төлөвлөх тал дээр дутмаг юм билээ.

ГАНЦААРАА БАЙХ НЬ ЗАРИМ ТАЛААР ХҮЧ ӨГДӨГ

-Японоос сая сүүлд ирсэн инженерүүдийн дунд өрсөлдөөн гарах болов уу. Өмнөх ирсэн инженерүүдийн ихэнх нь Монголын томоохон групп компаниуд руу орсон шиг анзаарагдсан. Миний харж байгаагаар, нэгэнт хөлөө олсон том компанид ажилд орсноос, шинэ старт апуудад элсвэл илүү хэрэгтэй санагддаг. Таны хувьд?

-Нэг талаараа тийм л дээ. Миний хувьд Старт Ап компаниас эхлэе гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж өөрөө үүсгэн байгуулаад, удирдаад захирал гээд явах биш. Хүмүүстэй нэгдэж нийлээд чадахаараа хувь нэмрээ оруулаад явах бодолтой байгаа. Бусад найзууд маань бол янз янз л даа. Угаасаа хүн хүний өөрийнх нь л сонголтын асуудал байх. 

-Монголчууд гадаадад суралцаад ирсэн инженерүүдээ сайхнаар хүлээж авч байгаа нь анзаарагдсан. Цахим орчинд ч эерэг хандлага ажиглагдсан. “50 залуу инженер эх орондоо ирлээ. Ирээдүй гэрэлтэй байна” гэх мэт сэтгэгдлүүд хөвөрч байсан лээ. Улсыг хөгжүүлэх гол цөм нь яалтчгүй инженерүүд шүү дээ?

-Инженерүүд номер нэгт гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Инженертэй байж л улс хөгжинө шүү дээ. Улсынхаа хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс инженерийн мэргэжлийг сонгосон. Анхнаасаа инженер болох сонирхолтой байсан. 

-Ай Ти инженерээс өөр ямар салбарын инженерүүд Японд бэлтгэгдэв?

-За, механик, цахилгааны, электроникийн, зам гүүрийн, барилгын архитектур, хими биологийн инженер зэрэг чиглэлүүдээр сургасан.

-Нэг талаар олон залуусыг гадны улсад өндөр оронд боловсрол эзэмшүүлж байгаа хэлбэр. Нөгөө талаар та бүхнийг эх орноо хөгжүүлэхэд түлхэц болох хүч болгон бэлтгэж байгаа бодлого ч гэж хэлж болохуйц санагддаг?

-Хэдий өөрийнхөө төлөө сурч буй боловч Монгол Улсын нэр хүндийг үүрч яваа гэдгээ цаг ямагт санаж явдаг байсан. Амьдралд бэрхшээлтэй зүйл тулгарахад "Эх орон минь миний төлбөрийг төлсөн тул би энд ирсэн шүү, энэ багш нарын цалинг Монголоос өгч байгаа шүү" гэж боддог байлаа. Тийм учраас багш нараас авч болох мэдлэг, туршлага, чадвар бүхнийг нь суралцах юм шүү гэсэн чин хүсэлтэй суралцдаг байсан. 

-Хөтөлбөрийн хүрээнд 1000 инженер бэлтгэгдэх ёстой. Салбар салбарт хуваагаад үзвэл энэ тийм ч том тоо биш л дээ. Та бүхнийг ирэхэд ажиглагдсан бас нэг зүйл бол энэ залуус төгсөөд ирэнгүүт Монгол хөгжчих юм шиг, сайхан болчих юм шиг ярьж, бичиж, ойлгож байгаа олон хүн байна шүү дээ?

-Харин тийм ээ. Хурдан өөрчлөгдчихдөг зүйл гэж байхгүй л дээ. Бид чадахаараа хөдөлмөрлөж, салбар салбарт хувь нэмрээ оруулаад явах л байх. Монголд мэдлэгтэй хүмүүс байна гэдэг нь сайхан. Наад зах нь бид эргэн тойрны болон хүрээллийнхээ 10 хүнд сайнаар нөлөөлөх боломжтой. Мэдлэг боловсролоос гадна хамгийн чухал нь эерэг нөлөөлөл үзүүлэх. Харилцааны соёл, хандлагын тал дээр ч гэдэг юм уу.

-Ярилцлагаа энэ хүрээд өндөрлөх үү. Залууст хандаж юу хэлмээр байна вэ?

-Энэ талаар Японд байхдаа нэлээн бодсон л доо. Миний өөрийн итгэдэг зүйл бол хүн бүрт бурханаас заяасан ямар нэгэн гайхалтай өгөгдөл, чадвар байдаг. Хамгийн чухал нь тэр зүйлээ хайж олоод нээж хөгжүүлнэ гэдэг хамгийн зөв зам. Хүн бүр математикч, физикч байх албагүй. Өөрийнхөө дуртай зүйлийг олж чадалгүй дургүй зүйлээ хийгээд явах нь загасыг модонд авир, сармагчинг усанд сэл гэж хэлэхтэй ялгаагүй зүйл л дээ. Сармагчин модондоо, загас усандаа л сайн.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

ЯРИЛЦСАН Д.МӨНХБАТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо эх орондоо ажиллаад үзүүлээд өгөөрэй

Зочин
Зочин

Хөөрхөн охин бэ, бүр уярчихлаа

Зочин
Зочин

Ийм залужс олон байгаа шүү

Зочин
Зочин

Үзэсгэлэнтэй ухаантай бүсгүй байна амжилт хүсье

Зочин
Зочин

Ийм л залуу боловсон хүчин, шинэ үе хэрэгтэй байгаа юм даа

Bidon
Bidon

Japanaar bavaltsana haha

Холбоотой мэдээ

Back to top button