"Шаардлагатай гэж үзвэл 8.5 саяын үнэлгээтэй автомашиныг 1.5 саяар зарсан асуудлаар Ерөнхий сайдад хандана"

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлөх тухай саналыг аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгээс гаргаж, улмаар хууль бус үйлдлүүдийг нь нэрлэн мэдээлэл өгсөн. Эндээс ЗДТГ-т бүртгэлтэй Ланд 200, Лексус 470, Соната 7 автомашинуудыг 500-1.5 сая төгрөгөөр үнэлж хувьд шилжүүлсэн нь олны анхаарлыг татаж байна. Бид Говь-Алтай аймагт үүсээд буй нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар Говь-Алтай аймгийн МАН-ын дэд дарга, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Отгонбаяртай ярилцлаа.
-Та бүхний мэдээлэл хийхдээ дурьдсан машинуудын талаар тодруулж асуумаар байна. Жишээ нь яг одоо эдгээр машинуудыг хэн эзэмшиж байгаа вэ?
-Бид яг л та нартай адилхан мэдэхийг хүсч байгаа учраас орон нутгийн өмчийн албанаас өчигдрийн хурал /2022.06.13/ дээр асууж тодруулсан. Тэгэхэд бичиг цаасаа өгөөд албанаар тодруулж мэдээлэл авч болно гэсэн. Тэгэхээр бид нар маргааш дэлгэрэнгүй мэдээлэл авна гээд хүлээж байна.
-Машин зарсан асуудал дээр Тамгын газрын дарга н.Батзориг гэдэг хүний нэр яригдаж байсан?
- Яг одоо бол би тэр энэ гэж нэр хэлж чадахгүй. Өмчийн албанаас дэлгэрэнгүй мэдээлэл авахад бүх нэрс тодорхой болно гэж найдаж байгаа. Орон нутгийн өмч хөрөнгийн захиран зарцуулалт бусад мэдээлэл ил тод биш, хаалттай байгаа нь эндээс харагдаж байна. Эзэмшигчид нь гаргаж ирээд, тэргүүлэгчдийн хурлаар оруулж шийдвэр гаргаад, шинэ эзэмшигч гарч ирж мөнгөө тушаагаад явчихаж байгаа байхгүй юу. ИТХ-ын төлөөлөгч бид нар хүртэл мэдээгүй байна.
-Оны өмнө 170 байгууллага худалдах, хувьчлах эд материалын жагсаалт нэрсийг өгсөн, хуулийн дагуу явагдсан гэж холбогдох албаны хүн хэлсэн. Урьд нь орон нутгийн өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, шамшигдуулсан тохиолдол гарч байв уу?
-Ганц нэг сумдын УАЗ 469 машинд эзэд нь үнэлгээ тогтоогоод зарсан асуудал бол гарч л байсан. Харин одоо яриад байгаа автомашинууд бол тодорхой хэмжээний үлдэх өртөгтэй байхгүй юу. Жишээ нь, 2019 онд би тамгын газарт ажиллаж байсан учраас тэр Соната-7 машиныг тодорхой мэдэж байна. Тэр үед 11 сая төгрөгөөр авч байсан. Ингээд 2022 онд үнэлгээ тогтооход үлдэх өртөг нь 8.5 сая төгрөг. Төрийн дансанд энэ машин 8.5 сая төгрөгийн үнэлгээтэй бүртгэлтэй байна гэсэн үг шүү дээ. Үүнийг л 1.5 саяар зарчихсан байна.
-500 мянган төгрөгөөр зарагдсан Лексус 470 машиныг та бүхэн уржигдрын хурал дээр яриагүй. Тухайлбал, энэ машин хэдэн онтой, үлдэх өртөг нь хэд байсан бол?
-Тэр машин арванхоёрдугаар сараас өмнө хурлаар орж шийдэгдээд зарагдсан байдаг. Бид нар өчигдөр зөвхөн 93 тогтоолоор гаргасан эд зүйлсийг ярьсан. Өмчийн албанаас мэдээлэл авахаар эдгээр бүх зүйл тодорхой болно.
-МАН-ЫГ ДЭМЖДЭГ ГЭХ ШАЛТГААНААР 140 ХҮН АЖИЛГҮЙ БОЛЛОО-
-Засаг дарга О.Амгаланбаатарын оролцоотой гэх маш олон хууль бус үйлдэл байна. Сөрөг хүчин нь хазаарлаж, өөрөө ухамсарладаг юм уу. Нүүр тулаад асуудлаа ярилцаж байсан нь олон уу?
-Бид бол зөвхөн асуудлаа тавьж байна. Хариуцлага тооцох эрх бүхий субьект нь ерөнхий сайд. МАН бүлгийн хуралдаан дээрээ ярьдаг, хэлдэг. Харамсалтай нь, бидний саналыг хүлээж авсан удаа байхгүй. Нүүр тулаад уулзаж байсан нь тоотой хэд.
-Говь-Алтай аймгийн нийгмийн голлох салбар болох агентлагуудын дарга нар бүгд үүрэг гүйцэтгэгчид байна. Үүнээс болж ямар сөрөг үр дагавар гарч байна вэ?
-Бодит байдал, үнэн дүр төрх ийм л байна. Нэгдүгээрт, хууль зөрчигдөнө гэдэг эргээд сөрөг үр дагавар ихтэй. Төрийн алба дээр намчирхаж, ажлаас нь гаргадаг, шахдаг, шилжүүлдэг гээд асуудал их байна. МАН-ыг дэмждэг гэдэг агуулгаар 140 хүн ажилгүй болсон. Зарим нь хуулийн байгууллагад хандаад явж байгаа байх. Зарим нь үнэхээр дарамт, ялгаварлан гадуурхалтаас нь болоод тэр чигтээ явсан л байх.
-Эгэл жирийн иргэд хохирч байна уу?
- Байхыг үгүйсгэхгүй. Газрын асуудал дээр манай иргэд санал гомдол их хэлдэг.
-Засаг даргын энэ хоёр жилд бүтээсэн ажил, мөрийн хөтөлбөрийг сөрөг хүчний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Дүгнэж яригдсан юм бол алга. 2021 оны эцсээр дүгнэлт орж ирсэн нь бодит байдалтай нийцэхгүй байсан. Дүрэм, хөтөлбөр зарлаад ажил явуулж, үүндээ орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг тэр чигт нь зарцуулдаг. Зах зухаас нь л ингээд харахад жимс жимсгэнэ хөтөлбөр дээр ганц нэг суманд хүлэмж л барьснаас өөр дорвитой ажил хийсэнгүй. Боловсролын салбар дээр л гэхэд мөнгө зарцуулаад л байдаг. Бодит юм байхгүй л байгаа.
-Хэдхэн сумдыг тордож, хөрөнгө санхүү хуваарилдаг гэсэн. Тодруулбал...?
-Манай аймаг 18 сумтай. Бигэр бол өөрийнх нь төрсөн нутаг. За тэгээд дээрээс нь Цогт, Тонхил, Шарга гээд нэр бүхий хэдхэн сумдад орон нутгийн хөрөнгийн 3/1 зарцуулдаг. Үүний хажуугаар нөгөө намчирхаж, талцуулдаг байдал арай хэтэрхий.
-ИТХ-ын 12 гишүүн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөхөөр санал нэгдэж гарын үсэг зурсан байсан. Цөөнх бүгд орсон гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. 41 мандаттай. 29 АН, 11 МАН, нэг бие даагчтай.
-Бодит байдлыг дүгнээд та юу хэлмээр байна вэ?
-Засаг дарга бол өөрөө хууль хэрэгжүүлэнх субьект. Үүргээ л биелүүлээсэй. Намчирхал, ялгаварлан гадуурхалтыг зогсоогоосой. Хууль зөрчөөд суусаар байгаа олон албан тушаал дээр ямар зөрчил гарч байгааг бид мэдэхгүй. Өмнө нь бид сургууль, эрүүл мэндийн байгууллагад үүссэн асуудал дээр шаардлага тавьж байсан. Огцруулах саналыг анх удаа гаргаж байна. Маргааш бид бүлэг дотроо дахин ярилцаад шаардлагатай гэж үзвэл ерөнхий сайдад хандана.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ланд200-бараг 100сая 470- 35 сая санота 7сая кантанер 5.5 сая даа тэгээд зөрүүг төлж дээ
улсын хөрөнгө үнэгүй мөнгө авсан ч хуулгүй улсых бол хулгай хий гэдэг болсон юм бишүү
570 ыг нь авии 200 иин үнииг нь диилэхгүй юм бна ????
Тэж болдымуууу????
Авахсан????
МАН намынхан архидалт хүчирхийлэл энэ тэрээ санаад байж ядаж баына аа
Аль нь адилхаан, гэхдээ Амгаланбаатар нь энэ хэдээсээ хавь илүү.
Otgonbayar ikh hvnleg daruu hvn bn le
Аяа Раднаасэд авилгалыг хаа очсон газраа цэцэглүүлдэг.