УДШ-д нэр дэвшигчид Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нарыг “муудалцуулав”
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “ҮХЦ хамгийн сүүлд байж боломгүй шийдвэр гаргасан. 1991 онд Улсын бага хурлаар холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах санал хураалт явуулахад унасан. Үүнийг үндэслэж, 2016 онд тогтоол гаргасан байсан. Гэтэл зургаан жилийн дараа энэ шийдвэрийг эргэж хараад, цуцалчихсан. Үндсэн хуульд анхнаасаа ороогүй агуулгыг Үндсэн хуулийн цэц хэлэлцсэн. Та бүгд үүнийг юу гэж бодож байна. Хоёрдугаарт, УДШ-д өөрийн илгээсэн гурван хүнээ буцааж тат гэж байгаа. Та бүхэн очоод үүнд яаж хандахыг асууя. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зөрчөөд явбал засаглалын хямрал үүснэ” гэлээ.
Түүний асуултад хариулахдаа нэр дэвшигч Н.Баярмаа “Нэлээд тодорхой буюу тухайн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт гаргахуйц асуулт асуулаа гэж ойлголоо. ҮХЦ-ийн саяхан гаргасан шийдвэр болоод УДШ-ийн шүүгчээр томилогдсон хойно баримтлах байр суурийн талаар ярихад: Шүүгчийн ёс зүйн хүрээнд урьдчилж хариулах боломж байхгүй. Хоёрдугаарт ҮХЦ-ийн асуудлаар өөрөө тайлбар өгөх нь хуульд нийцнэ. Миний бие тайлбар өгөх нь шүүгчийн ёс зүйн дүрэмд боломжгүй асуудал байдаг” гэлээ.
Харин нэр дэвшигч Д.Батбаатар “УДШ Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулиас бусад хуулийг хэрэглэх талаар тайлбар гаргах ёстой. Үндсэн хуулийн асуудлыг ҮХЦ шийдэх зохицуулалттай. Энэ тал дээр ҮХЦ-ийн шийдвэрийн зөв, буруу асуудалд шүүгчид байр сууриа илэрхийлэх боломжгүй. Ер нь шүүгч өөрт нь ирээгүй, хэрэг материалыг нь судлаагүй асуудалд дүгнэлт, тайлбар хэлэх нь хуулиар хориойтой байдаг” гэлээ.
Хариултын дараа тодруулахаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Та хоёр төрийн эрх барих дээд байгууллагын хэлэлцүүлэгт оролцож байна. Та хоёр бас л халаасны улс юм байна. Ийм арчаагүй. Хувь хүний үзэл бодолгүй. Хуульчийн ёс зүйн төлөвшил байхгүй. Хуульчид ингэж хандахаар яаж монгол төр, ҮХЦ цэвэр байх юм. Ийм улсуудыг яах гэж оруулж ирсэн юм, С.Бямбацогт оо. Ховдынх уу, гарал үүслийг нь шалга” гэлээ.
Үүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ховдынх уу гэж асуулаа. Өөрт нь таалагдахгүй хариулт өгвөл хууль бус, тэнэг хүн болж харагддаг. Ийм байж болохгүй. Шүүхийн тухай хуулиа унш. Би энэ хүмүүсийг оруулж ирээгүй. ШЕЗ хэнээс ч хараат бусаар сонгон шалгаруулалт явуулсан юм билээ” гэж хариуллаа.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.