ЭРГЭЖ ЗАЛГАЖ БОЛОХГҮЙ: “Wangiri” дуудлага дэлхий даяар 1.8 тэрбум ам.доллар залилжээ

Үндэсний их баяр наадам тохиолдуулсан амралтын өдрүүд шувтрахын алдад иргэдийн гар утсанд 881-ээр эхэлсэн дугаараас дуудлага ирэх боллоо. Улмаар “Ийм дугаараас ирсэн дуудлагыг авч болохгүй”, “Луйвар шүү” гэж олон нийтийн зарим хэсэг сануулж байгаа юм.
Энэ мэдээллийг нээлттэй эх сурвалжуудаас тодруулж үзэхэд, хэд хэдэн улсад тохиолдож байсан “Wangiri” луйвар байж болзошгүй нь ойлгогдож байна.
+881 гэх олон улсын код байдаггүй
Юуны өмнө, энэ дугаар аль улсад бүртгэлтэйг тогтооё гэвэл мухардалд хүрэх аж. Өөрөөр хэлбэл +88 юм уу +881 бүхий олон улсын код байдаггүй. Харин +880 байвал энэ нь Бангладеш улсад хамаардаг байна. Харин иргэдэд ирж буй дуудлага нь +881-ээр эхэлж буй.
2018 онд Гуам арлын иргэдэд ийм зүйл тохиолдож байжээ
Сонирхолтой нь, 2018 онд Гуам арлын иргэд рүү яг +881 эхлэл бүхий дугаараас дуудлага ирж, улмаар залилангийн хэргийн үүтгэл болж байжээ. Гуам нь АНУ-ын нутаг дэвсгэрт хамаардаг бөгөөд 2020 оны байдлаар 168 мянган хүн амтай, тусгаарлагдмал нутаг юм.
Тэгвэл, Гуам арлын Homeland Security and Civil Defense буюу монголчилбол Дотоодын аюулгүй байдал, иргэний хамгаалалтын албанаас 2018 онд сэрэмжлүүлэг гаргаж байсан нь өдгөө цахим орчинд ил байна. Тодруулбал, үүнийг “Wangiri” луйвартай төстэй байгааг гэж тодотгоод, тус дуудлагыг авбал валютаар хохирч буй талаар дурджээ. Хэрэв дуудлагыг авбал, эсвэл эргэж залгавал хэрэглэдэг үүрэн телефоны компанидаа минут тутамд 1 ам.долларын төлбөрт унадаг гэжээ.
Улмаар Гуам арлын Дотоодын аюулгүй байдал, иргэний хамгаалалтын албанаас ийм дуудлага авсан иргэдийг мэдэгдэхийг уриалж, сүлжээнээс блоклох арга хэмжээ авч байсан байна.
“Wangiri” луйвар гэж юу вэ
“Wangiri” нь япон үгээс үүсэлтэй нэршил бөгөөд “Ганц дуудаад тасарна” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Тодруулбал, гадаад орны гэж харагдах олон оронтой дугаараас ирэх дуудлага нь ихэвчлэн удаангүй хугацаанд дуудаад тасардаг байна. Харин эргэж залгавал төлбөрт унадаг, эсвэл шууд данснаас нь валют татдаг аж. Энэ утгаар олон улсад ийм төрлийн луйвар нь “Wangiri” нэрээр тогтжээ.
Ийм луйвар 2018 оноос Либериа, Чад зэрэг Африкийн буурай орнуудын дугаараас АНУ, Их Британи тэргүүтэй улсын иргэд рүү дуудлага ирэх байдлаар бүртгэгдэж эхэлжээ. Дугаарууд ихэвчлэн Premium буюу тусгай зэрэглэлийнх байдаг аж. Хүмүүсийн ихэнх нь Missed болсон тус дугаар луу сониуч зангаар эргэж залгадаг. Харин дуудлагыг гадаад хүн авч, ихэвчлэн “Сайн байна уу?”, “Намайг сонсож байна уу?”, “Та жаахан тод ярихгүй юу, холбогдох яаралтай хэрэг байна” хэмээн англиар хэлдэг талаар бичжээ.
Тус дугаартай удаан ярих тусам их мөнгө алддаг.
Хэрхэн сэргийлэх боломжтой вэ
“Wangiri” дуудлага үргэлж шөнө юм уу ид ажлын цагаар ирдэг гэж сэрэмжлүүлжээ. Өөрөөр хэлбэл, дуудлага ирэх үед шууд авах боломж бага байх цагаар. Ингэж дуудлагыг авалгүй өнгөрөөх буюу Missed болгох зорилготой бөгөөд эргэж залгасан тохиолдолд луйвардуулдаг аж.
Иймд хүмүүсийг үл мэдэгдэх олон оронтой дугаараас дуудлага ирсэн байвал эргэж залгахгүй байхыг анхааруулдаг байна. Хэрэв сонирхол татаж байвал олон улсын кодыг нь шалгаж үзэх, эсвэл тантай и-мейл, мессеж зэрэг өөр замаар холбоо тогтоохоор оролдох эсэхийг хүлээсэн нь дээр. Гадаадаас тантай холбогдох яаралтай чухал хэрэгцээ гарсан бол заавал бичгэн хэлбэрээр холбоо тогтоодог гэдгийг мөн анхааруулсан байна.
Харин үүнийг системийн хэмжээнд таслан зогсоох амаргүй байдаг аж. Иймд үүрэн телефоны операторууд аюулгүй байдалдаа анхаарах шаардлагатай.
2019 оны судалгаагаар, “Wangiri” луйвраар дэлхийн үүрэн телефоны компаниуд нийт 1.8 тэрбум ам.долларыг алджээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hayaa ene garj irdeg toohgui haydag ni zuv bolj
manaihan bolgoomjtoi baimaar ym bna shvv
Болгоомжил
Ийм дуудлага ирсэн байсан.
Orc alnuud hohi chin haha
Шөнө 2 цагт ирсэн утсаа авах гэж явтал тасарчихсан шүү.холоос хүүхдүүд ярих гэж бгаа боловуу гэж бодоод эргээд залгая гэтэл нойр залхуу хүрээд чадаагүй шүү.болгоомжлох хэрэгтэй юм бна.тэгнээ тэр хар шөнөөр......