УЛС ТӨР

НЭГ ДОРООС: Цэцийн тогтоолын талаар ГИШҮҮД юу ярьж байна вэ

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн шийдвэрийг хэлэлцэж байна.

Тодруулбал, ҮХЦ-ээс Үндсэн хуулийн 39.1-д заасан “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэдэг заалтыг ХҮЧИНГҮЙ болгон шийдвэрлэсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


НЭМЭЛТ: 15.50 ЦАГ

"Т.ДОРЖХАНД, Ш.АДЬШАА НАРЫН ЭХЛҮҮЛСЭН ХУУЛЬ ЗҮЙН МАРГААН УЛСТӨРИЙНХ БОЛЧИХЛОО"

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр: Улс төрийн маргаан дэгдэж, хууль зүйн маргаан босч байна. Ш.Адьшаа, Т.Доржханд нарын үүсгэсэн хууль зүйн маргаан улс төрийн маргаан болж даамжирлаа. ҮХНӨ оруулах журмын тухай хуулийн 1.2-т энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглодог. Энэ бол журмын тухай хуулийн амин сүнс нь. Тэгэхээр журмын тухай хуулиар нэмэлт өөрчлөлт хийх бололцоо байгаа гэж харж байна. Цэцийн хуульд "Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хянах эрхгүй болгочихъё" гэдэг заалт ороод ирж байна. Үүнийг нэлээн бодож дэнсэлж байгаад дэмжихгүй гэж шийдлээ. Энэ бол Цэцийн гаргасан эцсийн шийдвэртэй харшлахаас гадна Үндсэн хуулийн суурь бүтцийг хамгаалах заалтаас гадна эргээд Үндсэн хууль зөрчсөн асуудал болно" гэв.


НЭМЭЛТ: 15.45 ЦАГ

-Г.ЗАНДАНШАТАР: ӨӨРСДӨӨ ХАМАГ АСУУДЛЫГ ЭХЛҮҮЛЧХЭЭД УИХ-ЫГ ЗАГНААД БАЙХГҮЙ ШҮҮ-

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Үндсэн хуулийн цэцэд бид нэмэлт мэдээлэл гаргахдаа "Давхар дээл"-ийг хэрэв ярих юм бол УИХ-ын гишүүнтэй тоотой уялдуулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ байр суурин дээрээ байх болно. Өнөөдрийн байдлаар Цэцийн шийдвэрийн үр дүнд 2019 оны нэмэлт өөрчлөлтийг хийхээс өмнөх шиг нөхцөл байдал өнөөдөр үүсчихлээ. 2019 онд 76 гишүүнтэй байвал давхар дээлтэй сайд дөрвөн байхад болно гэсэн зарчмаар л шийдвэрлэсэн байдаг. Гэтэл үүнийг Цэц их суудлын хуралдаанаараа байхгүй болгочихлоо. Одоо бүгд давхар дээлтэй болох юм уу. Тэгэхээр Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарах нь. Дараа дараагийн Засгийн газрыг байгуулахад асуудал үүсгэчихлээ. 76 гишүүнтэй тохиолдол бүх сайд "давхар дээл" өмсөх боломжгүй нөхцөл байдал үүсчихлээ. Үүнийг л хуулиндаа нийцүүлж, өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэхдээ гишүүдийнхээ тоог нэмэх хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Гайхалтай юм болоод байна. УИХ-д хууль дээдлэх зарчим гэж байна уу. Цэцийн гишүүдийг энд авч ирж шүүх тухай ярьж байна. 30 жилийн турш дан, давхар дээлээр барьцаалагдаж ирсэн улстөрийн жүжигт ҮХЦ цэг тавьсан шүү. 2019 оны ҮХНӨ-өөр дөрвөн сайд УИХ-ын гишүүн байна гэж баталсан. Монгол Улсын их хурал Ерөнхий сайдыг томилдог. Сайдуудыг томилдоггүй шүү дээ. 76 гишүүний тоог өсгөх асуудал яригдаагүй учраас та нар өнөөдөр Цэц рүү улайран дайрч байна. Хууль дээдлэх зарчим байна уу. Дан, давхар дээлийн сонирхол Монголын парламентыг 30 жил гацаалаа" хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Цэцэд гомдол гаргасан хоёр гишүүн өөр өөр байр суурь илэрхийллээ. Нэг нь дэмжээд, нөгөөх нь дэмжсэнгүй. Та хоёрын гаргасан мэдээллийн дагуу л бид нар өнөөдөр энд маргаан, мэтгэлцээн өрнүүлж байгаа шүү. Өөрсдөө хамаг асуудлыг эхлүүлчхээд УИХ-ыг загнаад байхгүй шүү" хэмээлээ.


НЭМЭЛТ: 15.10 ЦАГ

-Н.АЛТАНХУЯГ: ТА НАР ЗАВСАРЛАГА АВЧИХ. ГУЙЖ БАЙНА-

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "69.4 Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй. Гадуурхагдах учиргүй. Үндсэн хууль Үндсэн хууль зөрчсөн гэж юу гэсэн үг юм бэ. Д.Ганбат, Ж.Батсуурь нарын яриаг сонсоод, энэ нь цаанаа захиалгатай гэж ойлголоо. Захиалагчийг нь олох ёстой юм биш үү. Та нар захиалгүй л юм бол ҮХЦ-ийн есөн гишүүнийг дуудаж авч ирээд огцруулж байх ёстой. Бид ингэж тусгаар тогтнол, ардчиллаа үгүй хийж болохгүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Г.Занданшатар, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ та нар завсарлага авчих, би үнэхээр гуйж байна. Монголын тусгаар тогтнолд асар хор хөнөөлтэй. Дараа нь юу ч болж мэднэ. Тиймээс гуйж байна. Ээлжит бус чуулган зарласан гэхээр та нарыг үнийн өсөлт, ард түмний ахуй амьдрал ярих гэж байгаа юм байна гэж ойлгосон.

Үндсэн хууль гэдэг бол ард түмэнтэй байгуулсан гэрээ. Яагаад бид суурь зарчмыг эвдэх гээд байна вэ. Би үнэхээр айж байна. Энэ хаанахын хэний захиалга вэ. Хэдэн гишүүн сайд болох асуудал биш. Энэ бол маш том асуудал" хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Н.Энхболд: ҮХЦ-ийн өмнөөс бид хариуулаад байх нь тиймхэн байна.


НЭМЭЛТ: 14.40 ЦАГ

-С.ОДОНТУЯА: ЦЭЦИЙН ЕСӨН ГИШҮҮН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ-

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Манай бүлгийн гишүүд зөв явья л гэж бодож байна. Хурдан шийдвэрлэх гээд улс орноо Үндсэн хуулийн хямрал руу чирч болохгүй. Сая "давхар дээл"-тэй байж болно гэж гаргачихаад 1996 оныхоо тогтоолыг одоо хүртэл хүчингүй болгоогүй байна шүү дээ. Цэцийн есөн гишүүн хариуцлага хүлээх ёстой. Бид яагаад тэдний алдааг дандаа засч байх ёстой юм бэ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: "Хамгийн сүүлийн гаргасан шийдвэр бол саяын наймдугаар сарын 15-нд гаргалаа. 1996 оны тогтоолыг Цэц яагаад хүчингүй болгоогүйг би хэлж мэдэхгүй байна". хэмээн хариулав.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийг шүүх эрх олгогдоогүй гэсэн ойлголттой байдаг" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 1996 онд ҮХЦ тогтоол гаргаагүй дүгнэлт гаргасан. Уншиж үзээд тайлбарлаад асуугаарай" гэлээ.


НЭМЭЛТ: 14.30 ЦАГ

Д.ЦОГТБААТАР: ҮХ-ИЙН 39.1 ДЭХ ЗААЛТ ХЭЗЭЭНЭЭС ХҮЧИНГҮЙ БОЛОВ. НОЦТОЙ АСУУДАЛ ҮҮСЛЭЭ-

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Үндсэн хуулийн тодорхой заалтыг хүчингүй болгоод Үндсэн хуулийнхаа үндсэн үзэл баримтлалтай нийцээгүй гэж үзсэн. Хэзээнээс энэ заалтыг хүчингүй болгож байна вэ. Энэ маш ноцтой асуудал. Учир нь үзэл баримтлалтайгаа нийцээгүй бол Үндсэн хууль батлагдсан мөчөөсөө нийцээгүй байж таарах гээд байна. Хэрэв тэр мөчөөсөө хүчингүй болж байгаа бол энэ хүчингүй заалтын дагуу байгуулагдаад үйл ажиллагаа нь явагдаад шийдвэр гаргаад байсан Засгийн газрын гаргасан шийдвэрүүд хүчин төгөлдөр байна уу, үгүй юу гэдэг асуудал эрхзүйн хувьд яригдана. ҮХЦ шийдвэр гаргасан мөчөөсөө энэ хууль хүчингүй болж байна гэвэл утгагүй. Хэзээ хүчингүй болсон бэ гэдэгт хариулахгүй бол хол явсан үр дагавартай асуудал гарч байна" хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Наймдугаар сарын 15-наас 39.1 гэсэн заалт хүчингүй болсон. Үндсэн хуулийн Цэц шийдвэр, тогтоол гаргаснаар хүчингүй болсон. Өмнө гарч байсан шийдвэрээ хэзээ ч хүчингүй болгож байгаагүй. Наймдугаар сарын 15-нд баталсан тогтоолоор хүчингүй болгож байгаа юм. Ямарваа нэг хэлбэрээр зөрчсөн гэсэн асуудлыг Үндсэн хуулийн Цэц ярих ёсгүй" хэмээв.


14.00 ЦАГ

-ЦЭЦИЙН ТОГТООЛД ХОЛБОГДОХ АСУУДЛЫГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ-

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан даваа гарагт эхэлсэн. Өнөөдөр ТББХ-гоор Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтэд холбогдох асуудлыг хэлэлцсэн. Улмаар УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд ТББХ-гоор хэлэлцэн дэмжигдсэн юм.

УИХ-ын чуулганаар одоо тэдний өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэц буруу шийдвэр гаргасан.

Zochin
Zochin

үндсэн хууль ямарч дархлаагүй болчихлоо шдээ хэн нэг захын дурак үндсэн хуулийн нэмэлт өөрчилөлтийн аль нэг заалт үндсэн хуультай зөрчилдөж байна гээд гомдол гаргахад нөгөө манаач гэсэн мануухайнууд үндсэн хуулиа хамгаалах чадваргүй болсон байна ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 6 жилээр 1 удаа сонгоно гэсэн заалт хүний эрхийг зөрчисөн байна гэхэд нөгөө нэмэлт будаа энэ өөрчилөлт баттулгад зориулсан заалт байсан юум чинь удахгүй хүчингүй болно

иргэд олон түмэн
иргэд олон түмэн

ҮХЦ өөрөө санаачлаж энэ шийдвэрийг гаргаагүй нь маргашгүй үнэн,цаад эзэд нь албан тушаалын хэнээрхэлд автсан намын нөхөд л байгаа өөр юу ч байхгүй,юу үнэн бэ?энэ л үнэ

Холбоотой мэдээ

Back to top button