Гадаад мэдээДЭЛХИЙ

Гаднын хэвлэлд: Монголчуудын адууны исгэлэн ундаа хийгээд уур амьсгалын холбоо

"Scientific American" сайтад гарсан манай улсын талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Дэлхийн улс орнуудын нийгэм тогтвортой амьдралыг эрхэмлэж буй энэ үед Монголын нүүдэлчдийн амьдрал ихээхэн сонирхол татаж, урам зориг өгч магадгүй. Малчид байгалийн бэлчээрийг ашиглахын тулд улирлын ялгаатай байдалд малаа дагуулан нүүдэллэдэг.

Японы Токио дахь Мэйжи их сургууийн цаг уур судлаач Юки Моринага "Тэд газар нутгийг шууд эзэмшдэггүй учраас би байгаль орчныг хамгаалах талаар илүү өргөн ойлголттой болсон" гэв. Туршлагатай нүүдэлчид газар нутаг болон цаг уурын шинж чанарыг маш сайн мэддэг тул хасах 40 хэмээс доош температурыг бага түлшээр даван туулж чаддаг гэдгийг тэр онцоллоо.

Дэлхий даяар сүүн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үнээний сүүгээр үйлдвэрлэдэг. Хоол боловсруулах замаар метан ялгардаг дэлхийн хүлэмжийн хийн багагүй хувийг үнээ бүрдүүлэг билээ. Гэсэн хэдий ч малчид, ялангуяа Монголын төв хэсэгт гүүний сүүг их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд энэ нь тэдний тэжээлийн гол эх үүсвэр болдог.

Моринага "Монгол адууны байгаль орчинд үзүүлэх нөлөө, түүнийг өсгөн үржүүлэх арга нь үнээхийхээс бага юм" гэлээ. Түүний судалгааны гол чиглэл нь "айраг" хэмээх уламжлалт ундаа үйлдвэрлэх явдал юм.

Адууны сүүгээр хийсэн энэ ундаа бага зэргийн архитай, зуны улиралд саалийн үеэр их хэмжээгээр уудаг байна. Уламжлал ёсоор малчид зун цагаан идээ, өвлийн улиралд махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг байсан ч сүүлийн жилүүдэд хоолын дэглэм өөрчлөгдөж байгаа гэдгийг Моринага тайлбарлав.

Адууны сүүнд хийсэн судалгаагаар цусны даралтыг хэвийн болгох, нянгийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй альбумин уураг харьцангуй өндөр байдгийг тогтоожээ. Моринагагийн баг одоогоор айрагны пробиотик шинж чанарыг судалж байна.

-Соёлын өв-

Моринага хэлэхдээ айраг бэлтгэлийн талаарх судалгааг мал аж ахуй эрхэлдэг ард түмэн амаар дамжуулдаг байсантай холбоотой гэв. 2019 онд уламжлалт аргыг ЮНЕСКО-гийин Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулсан.

Үүнээс хойш Моринага Монголын айрагны үйлдвэрлэлийн судалгааг орон даяар явуулж, GPS-ээр гүүний хөдөлгөөнийг хянаж, ундааны химийн агууламжийг судалжээ. Түүний ажил нь Монгол Улс эхлээд ган гачигт нэрвэгдэж, дараа нь их хэмжээний цас орж, мал олноор үхсэний дараа эхэлсэн байна. Уг гамшгийн талаар мэдсэний дараа 2003 онд Монголыг зорьжээ.

"Миний мэдлэг ирээдүйн байгалийн гамшгийн хохирлыг бууруулахад хэрэг болно гэж бодсон" хэмээн тэр хэлэв. Тэрбээр айргаараа алдартай хойд зүгийн Булган аймагт Монголын уур амьсгалыг судалж эхэлсэн бөгөөд зуслангийн аж ахуйтай богино хугацаанд танилцжээ.

"Зуны улиралд малчид өглөөнөөс орой болтол сүү сааж, гэр бүл, найз нөхдөөрөө айраг саваагаар хутган наргиж байсан. Харин шөнөдөө исгэлэн, шингэн ундаа бэлэн болсон. Тэд уг үйл явцыг өдөр бүр давтдаг. Нэг зун нэг айлын долоон хүн 25 гүүнээс байгаль орчинд сөрөг нөлөө багатай багаж хэрэгслээр таван тонн айраг хийж байгаа нь надад маш их сэтгэгдэл төрүүлсэн" гэж Моринага хэлэв.

Моринагийн 2012 онд улсын хэмжээнд хийсэн судалгаагаар айрагны бүсийн тархалтыг тогтоосон байдаг. Тэрбээр "Айраг исгэх, адууны эрүүл мэндэд хүрээлэн буй орчны нөхцөл байдал нь уур амьсгалтай холбоотой байдаг тул үйлдвэрлэл нь тухайн орны цаг агаарын нөхцөлтэй төрөлхийн холбоотой байх магадлалтай гэж таамаглаж байгаа" гэлээ.

-Бүс нутгийн ялгаа-

Түүний багийнхан судалгаа хийж, 2000 гаруй хариулт цуглуулсан бөгөөд үр дүн нь бэлчээрийн тал газар элбэг, адууны нягтшил ихтэй хэсгийн малчид айрагны үйлдвэрлэлд илүү идэвхтэй оролцож, зүүн бүсийнх нь идэвх муутай гэсэн таамаглалыг баталжээ.

Мөн зүүн бүс нутгууд адууны тоо толгой ихтэй ч айраг үйлдвэрлэл бага идэвхжилитэй байгаа нь адууг хурдан морины зориулалтаар үржүүлж, гүүг голдуу унага өсгөхөд ашигладагтай холбоотой байх магадлалтай гэв.

Айрагны амт яагаад өөр байдагт хариулт авахыг хүссэн тэрбээр 2016 онд уралдаан зохиож, 51 өрхөөс дээж авч бүлэг хүмүүст амтлуулсан байна. Сайн оноо авсан дээжүүд бүгд хүчиллэгтэй байснаас гадна цахилгаан дамжуулах чанар багатай байсан тул Моринага болон түүний багийнхан сүү сүүн бүтээгдэхүүний чанарыг хэмжих, хянах арга болгон цахилгаан дамжуулах аргыг ашиглаж боломжтой хэмээн үзсэн.

Тэр хэлэхдээ "Бид судалгааны явцад энэ уламжлалыг музейд үзүүлэх зүйл биш гэдгийг ойлгосон. Энэ бол хүмүүсийн амьдралд шингэсэн, ландшафтын онцлогт тохирсон зүйл юм. Эдгээр нь үнэхээр тогтвортой амьдрахын тулд бидний бодох ёстой зүйл гэдэг нь гарцаагүй" гэв.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button