Улс төрийн мэдээ

Энэ удаа ЭТТ ХК-ийн онцгой дэглэмийг БНМАУ-ын хууль ашиглаж сунгах эсэхийг ЗГ биш УИХ шийднэ

"Эрдэнэс тавантолгой" ХК-д өнгөрөгч оны аравдугаар сард онцгой дэглэм тогтоосон. Зургаан сарын хугацаатай эл онцгой дэглэмийн хугацаанд ЭТТ ХК-ийн шууд удирдлага Засгийн газарт шилжсэн бөгөөд энэ хүрээнд Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг нь чөлөөлж, оронд нь бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганбатыг томилсон байдаг.

Тухайн үед бүрэн эрхт төлөөлөгч томилно гэдэг нь өнөөгийн компанийн тухай аливаа хууль, тогтоомжид байхгүй агуулга хэмээн шүүмжилж байв.

Тэгвэл, Засгийн газар энэ зургаан сарын хугацаагаа дахин сунгах саналтай байгаа. Харин энэ удаа өмнөхийн адил шууд шийдвэр гаргахгүй, УИХ-ын тогтоолын төсөл бэлтгэсэн байгаа юм. Тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Тогтоолын төсөлтэй танилцъя.

Төсөл дөрвөн зүйлтэй.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.2 дахь хэсэг, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Нүүрсийг биржээр дамжуулан хил нөхцөлөөр борлуулах үйл ажиллагааг тогтворжуулах, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасугай.

2. “Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан асуудлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж, онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг танилцуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо /Т.Энхтүвшин/-нд үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Үүнээс харахад дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн зургаан сарын турш ЭТТ ХК-д үргэлжлүүлэн онцгой дэглэм тогтоохоор байна.

Харин энэ удаа чухам ямар хууль, тогтоомжид үндэслэж буйгаа тайлбарласан онцлогтой байна. Дээрхээс харвал, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг эш татжээ.

Тус хуулийг 1991 онд буюу БНМАУ-ын үед баталсан байна. Тэр үед УИХ их, бага хоёр танхимтай, тогтолцоо өөр байсан. Бага хурлын даргаар Р.Гончигдорж, Их хурлын даргаар Б.Чимид нар ажиллаж байжээ.

Гэвчиг хуулийг хүчингүй болсонд тооцоогүй тул хэдий өөр систем бүхий парламентын үед баталсан ч ашиглаж болно гэж Засгийн газар үзсэн байна.

Засгийн газар тэгж үзэх нэг өөр хэрэг. Тус тогтоолын төслийг одоо УИХ-аар хэлэлцэнэ. УИХ-д хууль санаачлагч, батлагч нар, хуулийн мэргэжлийн хүмүүс бий. Тэд БНМАУ-ын үед баталсан хуулийг өнөө үед ашиглах нь хэр зохимжтой талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэх ёстой. Зарчим яривал тогтоолыг батлахгүй байх ч боломжтой билээ.

Тус тогтоолын төсөл лав энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дотор багтаагүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button