УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Парламентын сэтгүүлчид: Мэдэх эрхийн төлөөх хөгжилтэй, адармаатай үес

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан парламентын сэтгүүлчдэд тохиолдож байсан хөгжилтэй явдал болоод Төрийн ордноос мэдээлэл олж авч, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадаж байгаа эсэх талаарх байр суурийг нь сонслоо.

Б.Батцэцэг: Сэтгүүлчид олон бартаа саадыг давдаг, цалин нь ямар билээ дээ. Цэвэр хүсэл сонирхолтой хүний л хийдэг ажил

/NTV телевизийн ахлах редактор/

Сэтгүүлч мэргэжлээр 15, парламентын сэтгүүлчээр ажиллаад бараг арван жил болж байна.

Надад тохиолдсон хөгжилтэй дурсамж гэхээсээ илүү манай дээд үеийн ах эгч нар ярьж байснаас нь хуваалцъя. Тухайн үед Д.Лүндээжанцан гишүүн ярилцлага өгсний дараа сэтгүүлчид хоорондоо "Улайчихаад ёстой худлаа ярилаа" гээд ярьцгааж байтал араар нь гарахдаа "Битгий хүн муулаад байгаарай" гэсэн гэдэг.

Одоогоос арван жилийн өмнөхтэй харьцуулахад мэдээлэл олж авах, хэвлэх нийтлэх эрх чөлөө хумигдсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд бусад төрийн албан хаагчдаас мэдээлэл авах процесстой харьцуулбал харьцангуй гайгүй. Эрх баригчид Төрийн ордонд байдаг тул таараад тодорхой мэдээллүүдээ авчихаж байгаа юм. УИХ-ын чуулганы, өрөөнийх нь үүдэнд зогсож байгаад авдаг. Үүнээс улбаалаад "Гишүүдийг ордонд тайван явуулахгүй байна" гэж биднийг гэж маш их шүүмжилдэг л дээ. Гэхдээ энэ нь олон нийтийн эрх ашиг учраас, асуух нь бидний үүрэг.

Харин төрийн байгууллагуудаар явахад хаалга мөргөх тохиолдол нэмэгдэж байна. Мэдээлэл огт өгөхгүй байх тохиолдол элбэг болсныг манай сэтгүүлчид бүгд мэдэж байгаа байх. Эсвэл хэвлэлийн төлөөлөгч болон шат шатны албан тушаалтнуудаар дамждаг болчихсон. Түүнээс үүдэж ажлын цагт багтаж хариулт авч чадахгүй тохиолдол ч гарна. Гэхдээ цахимжилт явагдаж байгаа нь сайшаалтай.

Сэтгүүлчдийг нийгмийн хоточ нохой, тоншуул байх ёстой гэж ярьдаг. Олон нийт сэтгүүлчдийг сайн сайхан зүйлс олж харж чадахгүй дандаа муу муухай зүйл ухдаг бас худалдагддаг гэж шүүмжилдэг болчихсон. Олон дотроо эрээнтэй бараантай. Мөрөөрөө ажлаа хийгээд үүргээ гүйцэтгэж яваа үзэг нэгтнүүддээ амжилт хүсье. Яагаад гэвэл олон бартаа саадыг давахаас гадна цалин нь ямар билээ. Цэвэр хүсэл сонирхолтой хүний л хийдэг ажил. Тиймээс сэтгүүлчдэдээ баярын мэнд хүргэе. Зоригтой байгаарай.

Т.Хулантахь: Салбараа илүү эрүүл болгохын төлөө алдаагаа засаад хөгжсөөр яваа

/Isee.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор/

Парламентын сэтгүүлчээр ажиллаад 11 жил болж байна. Энэ хугацаанд гурван парламент дамнаж сурвалжилжээ.

Ярилцлага авч явахад хөгжилтэй зүйлс мэр сэр тохиолддог шүү. Өнгөрсөн намар загвар өмсөгчид тайзан дээр унадаг тренд дэлгэрсэн шүү дээ. Яг тэр үеэр би УИХ-ын чуулганы үүдний шатнаас өнхөрч унасан. Жинтэй тул ямар ч зогсох боломжгүй өнхөрсөөр багана мөргөсөн /инээв.сурв/. Босоод ирсэн чинь олон сэтгүүлчид зогсож байдаг юм. Үсээ янзалчихаад "Унадаг тренд дэлгэрээд байгаа бил үү" гэж хэлээд банталтаас гарч байлаа.

"Ковид-19"-ийн цар тахлын үеэр мэдээлэл авах нөхцөл байдал хумигдсан. Ярилцлага авахаар товлосон хүнтэйгээ ч уулзаж чадахгүй нөхцөл байдал Төрийн ордонд үүсээд байлаа. Холбогдох албан тушаалтнуудаас нь шаардсаны хүчинд ажлаа хийх нөхцөл байдал бүрдсэн. Олон нийт сонирхож буй асуудлын хүрээнд тодруулга, байр суурь авах гэхэд "өгөхгүй" гээд шууд татгалздаг ч улстөрчид бий. Тухайлбал, Х.Нямбаатар сайд шууд татгалздаг.

Мөн албаны эх сурвалжууд болох төрийн байгууллагынхан мэдээлэл өгөхөөс эрс татгалздаг. Мэдээлэл өгөхөөс татгалздаг хэрнээ нийтэлсний дараа хэрүүл, маргаан үүсгэж залгах нь элбэг. Иймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал биш л бол мэдээлэл өгөх түвшний хүмүүс аль болох сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байгаарай гэж хүсмээр байна.

Жаргал, зовлонгоо хамт туулж, нэг салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, зураглаач нартаа баярын мэнд хүргэе. Салбараа илүү эрүүл болгохын төлөө алдаагаа засаад хөгжсөөр явна.

Ш.Адъяамаа: Гишүүдийн амнаас нь ганц, хоёрхон үг унагахын тулд бүтэн өдөржин хүлээх тохиолдол ч бий

/Zarig.mn сайтын Ерөнхий редактор/

Улс төрийн сэтгүүлчээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Хөгжилтэй явдал мэр сэр тохиолддог. УИХ-ын гишүүдээс ярилцлага авч байхад шогломоор зүйлс гарна. Гэхдээ гишүүд өөрсдөө түүнийгээ анзаардаггүй байх.

Эрүүл мэндийн сайдаар томилогдоод удаагүй С.Чинзориг сайдаас ярилцлага авч байхад тохиолдсон явдлаа ярья. Хазуулсан иргэдээр хазсан нохойг нь таниулсан сэдвээр ярилцаж байв. Тухайн үед инээдтэй санагдаж билээ. Гэвч ярицлага өгч буй зочноо хүндэтгээд тэвчээд инээж болохгүй шүү дээ. Ярилцагч маань ч инээдтэй ярьж байгаагаа мэдээгүй, мэддэггүй. Гишүүдийн инээдтэй яриаг сонсоод аль болох инээдээ тэвчихийг хичээх үе байна.

Мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байгаа л гэж хэлнэ дээ. УИХ-ын гишүүд бидэнд ярилцлага дуртай өгдөггүй. Аль болох зугтдаг, бултдаг. Бид үүдэнд нь хэдэн цаг хамаагүй хүлээж зогсдог. Амнаас нь ганц хоёрхон үг унагаахын тулд бүтэн өдөржин хүлээх ч тохиолдол олон. Хүлээсний эцэст асуултаа асуухад хариулахгүй үл тоох тохиолдолтой өдөр тутам тулгарна. Мэдээж тэдэнд таалагдах асуулт асууна ч гэж юу байхав.

Хөндлөнгөөс харахад араас нь гүйгээд л амархан яриулчихаж байгаа юм шиг санагддаг байж магадгүй л дээ. Гэхдээ маш их хүлээлт, шантаршгүй байдал агуулж байдаг гэж хэлж болно. Энэ нь улс төрийн сэтгүүлчдийн ажлын байрны онцлог.

Нэг нь алдаа гаргахад нийтээрээ чичлүүлдэг онцлогтой мэргэжил. Энэ салбарт ажиллаж байгаа, овоглож яваа үе үеийн сэтгүүлчдэдээ баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье. Үг нь мэргэн, үзэг нь хурц байх болтугай. Энэ салбарын ажилчид нэг нь нөгөөгөөс ямагт хамааралтай.

Э.Мөнхтүвшин: Анх ярилцлага авах гишүүнийхээ өрөөг олохгүй төөрч, бүтэлгүйтэж байсан

/Өдрийн сонины улс төрийн албаны сэтгүүлч/

2016 оноос хойш Өдрийн сонинд ажиллаж, овоглож явна. Парламентын сэтгүүлчээр ажиллаад гурван жил болж байна. Хөгжилтэй зүйл их тохиолдоно. Төрийн ордонд анх орж ирээд төөрдөг, сэтгүүлчид. Би бас. Анх хэнээс ярилцлага авах гэж байлаа даа. Цаг товлочихоод өрөөг нь олохгүй өчнөөн төөрөөд хоцорчихсон. Асуухаасаа ичиж, нэрэлхээд улстөрчтэй хийх анхны ярилцлагаа бүтэлгүйтүүлж билээ. Иймэрхүү хөгжилтэй зүйл их л тохиолдоно.

Гурав, дөрвөн жил ажиллаж байгаа хэдий ч мэдээллээ 100 хувь авч чаддаггүй. 60 хувьтай. УИХ-ын гишүүдийн ихэнх нь ярилцлага өгье гэдэг л дээ. Гэвч дандаа хойшлуулдаг. Үйл явдлын мэдээллүүдээ тогтмол авдаг хэдий ч, ярилцлага, тодруулгаа авч чадахгүй хаалттай хэвээр байна.

Нийт үзэг нэгт сэтгүүлчдэдээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Бүгдэд нь уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Э.Өлзийнаран: Парламентын сэтгүүлч байх хэцүү юм байна

/"TenGer" телевизийн сэтгүүлч/

Миний хувьд сэтгүүлч мэргэжлээр найм дахь жилдээ ажиллаж байна. Харин энэ хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд парламентын сэтгүүлч болсон. Парламентын сэтгүүлч байх хэцүү юм байна. Өмнө нь зочидтойгоо цаг, газраа тохироод ярицлагаа авчихдаг байлаа. Харин энд УИХ-ын гишүүдийг хаалгыг нь сахиж хүлээнэ, хаанаас гарч ирэх бол гээд булан тохойд отож зогсоно. Хүндрэлүүд байна. Төрийн ордонд дөнгөж орж ирээд төөрсөн. Нэг төөрөөд л дасдаг юм шиг байна лээ. Одоо овоо учраа олоод, мэдээ мэдээллээ авдаг болчихоод л байгаа.

Зарим УИХ-ын гишүүд мэдээлэл өгөхгүй, ярихгүй гээд зугтаад алга болж байхад зарим нь зогсоод нээлттэй ярьчихаж байх жишээтэй. Мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх эрх чөлөө 50/50 хувьтай гэж хэлж болно.

Хэвлэл мэдээллийн салбарынхандаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Бүгдэд нь амжилт хүсье.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөрхөн юм аа

Стар
Стар

Амжилт2. Дандаа л энэ хэдэн ордны сэтгүүлчдийг муулж байдаг. Өнөөдөр баярын өдөр ганц 2 зүрх дараад өгье

Холбоотой мэдээ

Back to top button