УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: Хоёр Шадар сайд 1.6 тэрбумаас болж муудалцав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.15/ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан долоон хууль, хоёр тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төсвийн байнгын хороо дэмжээгүй санал: "Шадар сайдын ажлын албаны урсгал төсвийн Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, шалгах зардлын ангилал дахь хөрөнгийн эх үүсвэрээс 1.6 тэрбум төгрөгийн ОБЕГ-ын багаж техник хэрэгслийн зардалд 1 тэрбум төгрөг, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаанд 600 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шилжүүлэх" гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир гаргасан.

УИХ-ын дарга Г.Занданшатар "ашиг сонирхлын зөрчилтэй заалт боловч, төрсөн өдөр нь тохиож байгаа тул Шадар сайд С.Амарсайханд үг хэлэх боломж олгоё" гэв.

Шадар сайд С.Амарсайхан: "Гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг арилгахтай холбоотой Шадар сайдын багц дээр гэж 2023 оны төсөвт тусгасан 1.6 тэрбум төгрөгийг ЗГХЭГ-т тавьчихсан байсан юм. Үүнийг ОБЕГ руу шилжүүлж энэ зуны үер, бороо, ус зэрэг болзошгүй эрсдэлд мэргэжлийн байгууллага зарцуулах санал гаргасан. Тиймээс байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй санал хурааж өгөөч" хэмээлээ.

Шадар садын гаргасан горимын саналын дагуу санал хураахад 51 гишүүнээс 29 нь татгалзаж, 22 нь зөвшөөрөв. Ингэснээр Байнгын хорооны дэмжээгүй санал дэмжигдсэнгүй.

Гэвч Байнгын хорооныхоо саналыг дэмжье гэдэг саналыг гишүүд хэлсэн бөгөөд УИХ-ын дарга "Ц.Сандаг-Очир гишүүн саналаа татах байлгүй дээ" хэмээх байр суурийг илэрхийлэв.

Дахин санал хураахад 46 гишүүний 24 нь дэмжиж, 22 нь татгалзсан санал өглөө. Ингэснээр хоёр дахь удаагийн санал хураалтаар Байнгын хорооны санал дэмжигдлээ.

Ингэж дахин санал хураах үеэр Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Шадар сайд С.Амарсайхан нар чуулганы танхимд маргаан үүсгэв.

Улмаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: "С.Амарсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй саналаа тат" хэмээлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Сангийн сайд болон ЭЗХ-ийн сайдын саналыг Шадар сайд С.Амарсайхан сонсох. Танхимын зарчим баримтлах ёстой. Хоёр Шадар сайд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэрэлдэхгүй шүү" гэсэн юм.

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

УИХ-ын дарга Г.Занданшатар "ашиг сонирхлын зөрчилтэй заалт боловч, төрсөн өдөр нь тохиож байгаа тул Шадар сайд С.Амарсайханд үг хэлэх боломж олгоё" гэв. УИХ даргаасаа эхлээд хууль зөрчөөд байхад нэгэн компанийн захирал машинаараа иргэдийг дайрч алах юу ч биш юм байна. Эзэнгүй төрийн эмгэнэл юм даа.

zochin
zochin

negee 76 gishuuny zevhen taviad ni l huraldaa suuj baidag, haaguur yu hiij yavna, ajilaa hiihgui, egeed ireh j8ilees 126 hun tejeeh yum uu, tegeed hed ni huraldaa suuh ve???

Зочин
Зочин

Цусан өшөө болго

Холбоотой мэдээ

Back to top button