Улс төрийн мэдээ

Англи хэлний заалт: МАН эрх ашгаа дуудалцсан гишүүдээ бүлэг дээр нэгтгэнэ

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 онд өргөн барьсан ч хэлэлцэлгүй өдийг хүрсэн. Харин яг хэлэлцдэг дээрээ иртэл дагалдах "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай" хуульд нь ажлын хэсэг "...үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэсэн заалт оруулж ирснээс үүдэн маргаан дэгдлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн хувьд өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр "Уг нь ажлын хэсгийн ахлагчтай бодол санаа нэг гэж бодож байсан. Гэтэл хөтөлбөрөөр шийдье гэсэн асуудлыг дагалдах хуульд заалт болгоод оруулаад ирсэн. Үүнээс л боллоо. Ард түмнийг тайван байлгаач" гэж хэлсэн нь дээрх зөрчил үүссэнийг илтгэсэн юм.

Товчхондоо бол, "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай" хуулийн 9.3-т нь "Ерөнхий боловсролын сургуульд судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэж заасан.

Энэ заалтыг нэг хэсэг нь "Англи хэлийг сургах заалт" гэж, нөгөө хэсэг нь "Хөтөлбөртөө тусгаж, тэр хөтөлбөрөө хуульдаа уясан нь дээр. Хуульд алив гадаад хэлийг зааж өгөх нь хар хайрцагны бодлого" хэмээн үзэж байгаа юм.

Ингээд Боловсролын байнгын хороон дээр, уг заалтыг болиулъя, "...үндсэн гадаад хэл нь англи хэл" биш, "...үндсэн гадаад хэл нь үндэсний хөтөлбөрт туссан хэл" болгоё гэдэг саналын томъёолол оруулж, тэр нь дэмжигдсэн билээ.

Харин энэ нь нийгэмд "Англи хэлийг гуравдугаар ангиас заахыг эсэргүүцлээ" гэсэн утгатай сенсац болж түгсэн юм.

Ийнхүү хоёр өдрийн сенсацын дараа зөв, буруугаа хэлэлцэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр тэд уулзлаа.

Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа хувийн үзэл бодлоо нэмлээ хэмээн Г.Дамдиннямд УИХ-ын дэд дарга сануулга өгөв. Тэрбээр англи хэлийг үндсэн гадаад хэл гэж хуульчлах заалтыг дэмжиж буй гишүүдийн нэг юм.

Харин Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүд англи хэлийг хуульчилсан нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал Ч.Хүрэлбаатар зайлшгүй хийх ёстой, энэ заалтыг босгож ирье гэж уриалаад гишүүдийг "Кнопдоо битгий хүрээрэй" хэмээсэн. Харин Т.Доржханд "Энэ манай намын ч мөрийн хөтөлбөрт байсан зүйл" гэсэн бол Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар нэлээд эмоцтойгоор энэ заалтыг дэмжихийг шаардсан юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: УИХ шийдэж чадахгүй байхад сайд шийдэж чадах юм уу. Хар хайрцагны бодлого гэж гэж ярьж байна. Би өнөөдөр олон улсын мэргэжилтэн. Хар хайрцагны бодлого гэдэг чинь огт өөр зүйл байдаг шүү. Тусгаар тогтнолын гол зарчмууд тэнд байдаг. Тэрнээс биш гарч ирээд попрох биш. Монгол хэлтэй, англи хэлтэй гагнуурчин хоёрын цалин огт өөр. Англи хэлтэй хүний цалин хөлсний үнэлэмж ямар байдаг билээ. Өнөөдөр бид монгол иргэдийн үнэлэмжийн асуудлыг ярьж байна. Бид дүлий дүмбэ оргиж байгаад батлаад явуулах ёстой шүү. Тэр тусам нь "хар хайрцагны бодлого"-оор англи хэлийг хуульчил" хэмээсэн.

Гишүүдийн асуултад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Үндэсний хөтөлбөрт англи хэл заах бүх үзэл баримтлалаа тусгачихсан байгаа. Харин хуулиндаа "Үндэсний хөтөлбөрт туссан хэл нь үндсэн гадаад хэл байна" гэж оруулна. Тэгэхээр ялгаагүй. Ард түмнийг тайван байлгаач. Энэ танхимд англи хэлийг эсэргүүцэж буй нэг ч хүн байхгүй. Бид тангараг өргөсөн хүмүүс. Сэтгэлийн хөдлөлөөр юм уу богино зуурын ухаанаар хандаж болохгүй. Хэний ашиг сонирхол юм бэ" гэсэн нь анхаарал татсан.

Мөн түүнийг дэмжиж, байнгын хороон дээр санал өгсөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ч тэгж хэллээ. Үүний дараа "Г.Дамдинням гишүүн ялангуяа "цөмөрсөн" тоглолт хийгээд байна шүү" гээд, болж буй үйл явдлыг зориуд "Англи хэл заахгүй гэлээ" хэмээх утгатай болгож, нийгэм рүү цацлаа хэмээн буруутгав.

Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Үндэсний хөтөлбөрт туссан асуудлыг заавал хуульчлах гээд байгаа нь хэний ашиг сонирхол юм бэ. Бид Манжийн дарлалд байхдаа манж хэлийг, ЗХУ-ын үед орос хэлийг хуульчлаагүй юм шүү. Намайг юу гэх нь хамаагүй. Би тангараг өргөсөн хүн" гэж, ихээхэн сэтгэл хөдлөлд автаж үг хэлсэн юм.

Маргаан тасрах шинжгүй болоод ирэнгүүт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажлын гурван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасныг УИХ-ын дэд дарга хүлээн авсан.

Ингээд одоо хэн хэнийхээ эрх ашгийг дуудалцаж, хоёр тал болсон гишүүдээ МАН-ын бүлэг нэгтгэх нь. Энэ үйл явдалд Оросын ч, барууны ч нөлөө орсон гэдэг мэдээлэл сонсогдож байгаа. Тиймд, нэгтгэхээс гадна ашиг сонирхлыг нь ч нэгтгэн дүгнэнэ гэсэн үг биз ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 23, 2023 14:41

Үнэнбүрэн гишүүнээ таны санаа зөв байж болно, тэх дээ Та дэндүү соёлгүй сэтгэлгээгээр илэрхийлж бна. Энд Манж,Орос ямар ч холбогдолгүй, харин та өөрийг өө "сэтгэлгээний соёлгүй" этгээд гэдгээ илэрхийллээ ! Ямар ч сэхээтэн хүнд "культура мышления" гэж чух�##� шинж чанар өөриймшин суусан байдаг юмаа,тэр танд огтхон ч байхгүй юм бна ! Тун харамс�##�тай !

Холбоотой мэдээ

Back to top button