С.Амарсайханы ах ТЕГ-аас сэрэмжлүүлсэн "Шинчеонжи" сүмтэй хамтарч, 10 гаруй шашны төлөөллийг хуралдуулжээ

“Сайн Номуун” хийд болон HWPL олон улсын байгууллага хамтран, зургадугаар сарын 20-д “Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” сэдэвт хурал зохион байгуулсан байна.
Хуралд 10 гаруй төрлийн шашны 400 орчим төлөөлөл оролцсон гэжээ.
Тэгвэл HPWL буюу БНСУ-д төвтэй Heavenly Culture – World Peace – Restoration of Light байгууллага нь "Шинчеонжи" сүмийн салбар хөдөлгөөн юм байна.
Ли Ман-И гэгч нь “Шинчеонжи” сүмийг үүсгэн байгуулсан. Энэ сүм нь хэд хэдэн тэргүүлэх салбар хөдөлгөөнтэй. Үүнд International Peach Youth Group (IPYG), International Women’s Peace Group (IWPG) болон дээр дурдсан Heavenly Culture – World Peace – Restoration of Light (HWPL) зэргийг дурдаж болох юм байна.
Монголд шашны хурал зохион байгуулсан HWPL байгууллагыг өдгөө Ли Ман-И удирддаг (Мөн “Шинчеонжи” сүмийн үйл ажилллагааг хариуцаж байна). Тэрбээр Сан Ман-И гэдэг нь “Бүрэн төгс гэрэл гэгээ” гэсэн утгатай хэмээн өөрийгөө тайлбарладаг аж. Ли Ман-И өдгөө Хуучин гэрээд үндэслэн Христийн шашны өөр нэгэн урсгалыг номлодог бөгөөд Есүс Христээс илгээгдсэн “албан ёсны” пастор хэмээн өөрийгөө танилцуулдаг ажээ.

Өдгөө БНСУ-д “Шинчеонжи” сүм ихээхэн зөрчил бүхий нөхцөл байдалд байна. Засгийн газар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус сүмд төдийлөн таатай ханддаггүй байна.
Тэгвэл саяхан “Сайн Номуун” хийдтэй хамтарч, "Шинчеонжи" сүмийн салбар хөдөлгөөн ч бас энэ чиглэлийн хурал зохион байгуулж, мэдээгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж эхэлсэн нь анхаарал татаж байна.
Зургадугаар сарын 20-нд зохион байгуулагдсан энэ хуралд нь,
- Монголын тэнгэр үзэлтний “Мөнх тэнгэр” нэгдсэн холбооны тэргүүн Б.Галаарид
- Нүүдэлчин соёл, бөө судлаач Ш.Сүхбат
- “Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэг”-ийн зүтгэлтэн Б.Баярсайхан
- “Монголын мусульсманы нийгэмлэг-“ийн тэргүүн Х.Батырбек
- “Хотон түмний Худаяа нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Цэрэнчимэд нарын хүмүүс оролцжээ.
Хурлыг хамтран зохион байгуулсан “Сайн Номуун” хийдийн тэргүүн С.Нэргүй нь нээлтийн үгэндээ “...ийм арга хэмжээг цаашид ч өргөн хүрээтэй, тогтмол зохион байгуулахыг зорьж байна” гэж хэлжээ.

Харин албан мэдээнд нь “...HWPL байгууллага бол шашны байгууллага биш бөгөөд аль нэг шашныг онцлон сурталчилдаггүй, олон улсын энх тайвны байгууллага юм” гэж дурджээ.
Угтаа HWPL-ийн толгой байгууллага “Шинчеонжи” сүм нь цэвэр Христийн шашны гажуудсан урсгалыг сурталчилдаг бөгөөд гадаад ертөнцөд муу нэртэйг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олж уншиж болно.
Энэ хурлын үеэр дээр дурдсан “Шинчеонжи” сүмийн салбар хөдөлгөөн болох IPYG-ийн залуучуус тусгай үзүүлбэр үзүүлжээ.
С.Амарсайханы ах С.Нэргүй "Сайн Номуун" хийдийг тэргүүлдэг
"Сайн Номуун" хийдийн тэргүүн С.Нэргүй нь Шадар сайд С.Амарсайханы ах юм.
С.Нэргүйн урилгын дагуу Ли Ман-И гэгч нь Монголд ирнэ гэдэг мэдээлэл байсан. Харин энэ хуралд тэр өөрийн биеэр оролцоогүй байна.
Хуралдааны удирдамжийн "Хамрах хүрээ" хэсэг, "Төр засгийн удирдах албан тушаалтан" гэж бичиж өгсөн нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тэдний гаргасан албан мэдээнд ямар нэг төрийн зүтгэлтний нэр алга. Гэхдээ нэр бүхий хүмүүс уригдан оролцсон байх боломжтой байна.
ТЕГ: "Шинчеонжи" бол шашны гаж урсгал
Ташрамд, 2020 онд Тагнуулын ерөнхий газраас Ли Ман-Игийн тэргүүлж буй "Шинчеонжи" сүмийн талаар мэдэгдэл гаргасан байдаг.
Үүндээ,
БНСУ-ын иргэн Lee Man Hee-ийн үүсгэн байгуулсан христийн шашнаас үүсэлтэй “Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” шашны урсгал итгэгчдээ христийн 12 дагалдагчийн нэрээр 12 овогт хуваан, дэлхийн төгсгөл болох үед аврагдах 144000 хүний нэг болон үлдэж, дэлхий даяар тархан Lee Man Hee-ийн боловсруулсан номлол сургаал дээр үндэслэн Библийн сургалтыг тодорхой үе шат, хугацаатай зохион байгуулдаг.
“Шинчеонжи” шашны урсгалын сургалт, номлолын гол агуулга нь Lee Man Hee аврагч элчийн тайлбар номлол хамгийн үнэн зөв, Есүсийн илгээсэн элч хэмээн тахин шүтэж, ер бусын нэгэн хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг.
Тухайлбал: Олон Улсын Культ Судлалын Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудсанд шашны гаж урсгалыг олон янзаар тодорхойлсон байна. Тэдгээрээс дараах тодорхойлолт шашны гаж урсгалын хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх нөлөөг илүү тодотгожээ.
Тэнд “Lee Man Hee-ийн шашны гаж урсгал нь зарим нэг хүн, үзэл санаа, зүйлийг хэт улайран шүтэж, бүх л зүйлээ түүндээ зориулдаг бүлэг буюу хөдөлгөөн юм. Гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах (гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг, хүчгүй сул дорой бусдыг аялдан дагалдагч, бүлгийн хүчтэй шахалтанд оруулдаг, гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг зэрэг) ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагчийн хүсэл зорилгыг биелүүлэхийг зорилго болгон гишүүд, тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг” гэж тодорхойлжээ.
“Шинчеонжи” шашны гаж урсгал сайн дурын байгууллагуудаар халхавчлан үйл ажиллагаагаа зохион байгуулж, итгэгчдээ татдаг. Үүнд:
- Тэнгэрийн соёл дэлхийн энх тайвны гэрлийг дахин сэргээх байгууллага /HWPL Heavenly Culture World Peace Restoration of Light/.
- Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг /IWPG - International women's peace group/,
- Олон улсын залуучуудын энх тайвны бүлэг /IPYG - International peace youth group/ гэсэн халхавч байгууллагуудаар дамжуулан сайн дурын үйл ажиллагаа зохиох, энх тайвны төлөө урлаг, спортын наадам зохион байгуулж гадаадын нэр хүндтэй улс төрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын одод, жүжигчдийг урин оролцуулж итгэгчдийг өөрийн шашинд татдаг.
2020 оны I улиралд БНСУ-ын Эрүүл мэндийн яамд COVID-19 өвчний тархалттай холбоотойгоор “Шинчеонжи” шашны урсгал 245605 итгэгчдийнхээ мэдээллийг гарган өгсөн нь тус шашны байгууллагын идэвхтэй гишүүдийн сүүлийн үеийн тоог харуулж байна.
Солонгосын нийгэмд Шинчеонжи шашны урсгалтай адил хүмүүсийн итгэл үнэмшил, шашин шүтлэг дээр тулгуурлан нэр алдар олж, улс төрийн эрх мэдэлд хүрч, эдийн засаг, бизнесийн том ашиг орлого олдог өөрсдийгөө амьд бурхан хэмээгч 60 орчим хүн байдаг. Тэдгээр хүмүүсийн үндэслэсэн зарим шашны гаж буруу урсгалууд нь Солонгосын нийгэмд шуугиан тарьсан гэмт хэргүүдтэй холбогдож байсан жишээг дурдвал:
- 1987 оны Одаеяанг /Odaeyang/ шашны урсгалын 32 итгэгчдийн амиа хорлосон хэрэг.
- 2009 онд Аврал, ивээл /Providence/ сүмийг үндэслэгч Жун Мюн Сеокийн эмэгтэй итгэгчдээ хүчирхийлсэн хэрэг. /Тэрээр 1980 онд Мүүнийн шашнаас салж тусгаарлан Провиденс сүмээ байгуулсан/
- 2014 онд 300 гаруй хүн амийг авч одсон “Севол” хөлгийн эзэн Ёо Бюн Юны хэрэг.
- 2016 оны Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн зөвлөх Чой Сүүн Силийн авилгалын хэрэг.
- 2018 онд Сүмийн 400 гишүүдээ уриалан БНСУ-аас Япон улсын Фижи арал руу дүрвэн тэднийг хүнд хүчир хөдөлмөр хийлгэн, дарамталж зоддог байсан Шин Ок Жугийн хэрэг,
- 2018 онд Манмин сүмийн пастор Лее Жае Рокийн эмэгтэй итгэгчдээ удаа дараа хүчирхийлсэн хэрэг.
- 2020 онд COVID-19 голомтыг нуун далдалсан, түгээсэн “Шинчеонжи” шашны байгууллагын тэргүүн Lee Man Hee-ийн хэрэг зэрэг болно.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүчирхийлсэн биш хүчиндсэн.
Болиочээ
Толгойн эрэгмэр чинь!!!!!Зайлаач!!!!!!!!
Монголчууд бид өөрсдөө зөв,шударга байж,бусдад зөв үлгэр дууриалал болохоор амьдарч,ажиллаж, эвсэг амьдарцгаая!? Иргэд ээ!(Монголд 16 нас хүрсэн хүүхэд "Иргэний үнэмлэх"авч үүрэг,хариуцлага хүлээх эрхтэй болдог байхаа ...Өөрсдөө бодоцгоо!
Төр шашин тусдаа.хамаарал бүхий хүн төрөөс зайгаа ав
Ичиж үхээсэй
Маш аюултай хор хөнөөлт урсгал шүү
Энэ урсгалд явдаг хүмүүсээс сарын орлогын 10%-ийг хурааж авч, солонгос руу шилжүүлдэг гэхээр маш их мөнгө гарч бгадаа. Хуулиар тас хориглох хэрэгтэй.
Энэ ёстой хүний тархийг аймшигтай угаадаг урсгал шүү. Энэнд хууртагдаж оровоо залуучууд минь сэрэмжтэй байгаарай. Золбоо тв-н энэ тухай хийсэн нэвтрүүлэг байдаг тэрийг үзээрэй залуусаа
Ene balai sumd mongolchuud aimaar uruu tatagdaj bnaa. Zunduu tanidag humuus maani orchihson, orooch orooch geel uruu tataad zavaan yumaa. Yugaa ch medehgui humuus ene luivarchind huurtaad ih idevhtei tarhia ugaalgadag yum bilee. Udur bur heden tsagaar hicheel uzdeg ch geh shig.
Ёстой толгой эргэмээр юм бичжээ. Хилээр бүү нэвтрүүл.Христ хэрээс хэтэрч бнаа..
Үнэнийг бичсэн хүнд уурлаад, Гомдоод, өширхөөд, хямрах юм алгаа. Энэ чинь ёстой үнэн зөв мэдээлэл байна. Энэ сэтгүүлч сайн байна. Солонгос гаралтай христийн нэрээр, энх тайвны нэрээр өөрсдийгөө халхавчилсан шуналын туламууд шүү дээ. Сайхан юм ярьж ярьчихаад хамгийн сүүлд орлогоо мөнгөө өг гээд уриалдаг. Нээрээ ч би энх тайвны төлөө мөнгө өгч байна даа гэж үнэхээр бодогдтол тархи эргүүлж ятгачихсан байдаг юм байна лээ.
Сошил мэдээлэл❗️❓️бүр 100% үнэн гэхэд учир дутагдалтай. Бичигч та тийм их нотолгоотой үнэн юм бичсэн гэдэгтэй хир итгэлтэй байгаа бол...
Хам хум үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлээр хүмүүсийн анхаарал татхаа болимоор юм.Ард түмэн яаж итгэх вэ. Бүү мэд .
Энэ сайн номуун хийдийг яаралтай хаа. Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болго. Хийдийн барилгыг эмнэлэг болго. С.Нэргүй гэх этгээдийг барьж хорь. Барын зулзагыг бага дээр нь гэдэг үг байдагдаа.