Улс төрийн мэдээ

Ирээдүйдээ итгэлтэй байх өдөр: Чингис хааныг улигт хийрхүү ярианаас ангид, шинэ ба хэрсүү нүдээр харцгаая

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.

Билгийн тооллоор өнөөдрөөс өвөл эхэллээ. Бас бэлгэдлээрээ дараа жил хүртэл монгол бахархал тээх эрмэлзлээ дахин нэг хүчирхэгжүүлэх тэмдэглэлт өдөр тохиож буй.

"Чингис хаан гэж байсан юм уу. Би итгэхгүй байна" гэж шуудхан хэлдэг, түүх рүүгээ эсрэгцэн мөргөдөг философийн доктор С.Молор-Эрдэнэ хүртэл "Чингисийн этик хэрэгтэй" хэмээн ном бичиж байв. Одоогоос 10 гаруй жилийн өмнө. Түүний санаа нь, бусад улс үндэстнүүдэд нэгдэн нягтардаг нэгэнлэг үзэл санаа бий. Барууны ертөнц Христээрээ, Библээрээ нэгддэг. Хятадууд Күнзээр, Күнзээс хойших удирдагчдаар. Харин монголчуудад тийм нэг цэг дээр зогсох үзэл санааны удирдагч байхгүй. Харин үүнийг бий болгоё. Бий болгоё гэвэл тэр нь хамгийн ихээр Чингис хаан л байх боломжтой юм гэж.

Түүхэд хамгийн эсэргүү гэмээр ханддаг хүн Чингис хааныг монголчуудын нэгдэх цэг байж болох юм гэж үзэн, ингэж ном бичсэнээс шинэ цагийн залуус ихийг ойлгож болдог.

Хорио, цагдаа тавигдахаар аливаа юм сад тавьдаг жишгээр Ардчилсан хувьсгал гарснаас хойш түүх, Чингис хаан ярих хүн маш олон болсон. Харин тэр хэрээр шинэ цагийн залууст энэ нь улиг домог болсон дэмий хоосон яриа мэт буух нь элбэг. Нөгөө талаар, амьжиргаа, ахуйдаа илүүтэй анхаарал хандуулж, үзэл санаа, үндэстний агуулгад төдий л үнэ өгөх зав боломжгүй явж ирсэн өмнөх үеийнхэн бас Чингис хааныг нэр төдий дотроо тээж яваа.

Харин одоо л нэг монголчууд хэн байх вэ. Хэн байхын тулд юуг санаж, юу тээж авч явах вэ гэдэг эрэл хайгуулын цэг дээр ирцгээж байна.

"Чингис хааны музей" нээгдсэн дор олон хүн үзэж, тэндээс ямар арвин баялаг түүхтэй, эртний Герек, Ромын үед ч Хүннүгийн эзэнт гүрэн хэрхэн тансаг чинээлэг, соёл суртахууны өндөр мэдрэмжтэй аж төрж байсныг харсан болов уу.

Аливаа түүх сэргэн мандаж, буцаж унадаг циклтэй. Харин тэр давлагааны аль цэг дээрх үед нь төрсөн бэ гэдэг магадгүй аз, эзийн асуудал ч байж магадгүй. Чингис хааны үед төрсөн монголчууд дотроо хамгийн их бахархал тээсэн, омог бардам хүмүүс байж гэж үздэг. Чухам тэр цагаас хойш монголчууд "Чингис хаан маань дахин төрөөсэй" гэж бурхны ижил хүлээн авч, залбирч, сүсэглэж ирсэн гэдэг.

Угтаа эрийн гурван наадам бол "Чингис хаан"-ыг дахин төрүүлэхэд бэлдэж буй ёслолын үйл ажиллагаа гэж тайлбарлагддаг. "Чингис хаан минь. Бидэнд ийм хурдан морьд, тийм хүчирхэг бөхчүүд, төдий мэргэн харваачид байна" хэмээн. За, цаашлаад ардын аман зохиолд үлдсэн бүхий л дуудлага, ерөөл, уншлага бүрд "Чингис хаан" гэдэг үг орсон байсныг хожим оросууд хассан юм гэнэ лээ. Хасагдаагүй хувилбар нь өдгөө БНХАУ, Өвөр Монголын ном бичгийн архивт хадгалагддаг талаар Төвөд судлаач Т.Ням-Очир ярьж байв.

Харин одоо бид 21-р зуунд, барууны ертөнцийн хүчирхэг үеийн циклд төрж, амьдарч байгаа л хэрэг. Барууны ертөнц ч одоо хүч нь суларч, хөгжиж буй улсууд өөрсдийн эрх ашгийг нэгтгэн, асуудал тавьж байгаа геополитикийн шинэ уур амьсгал, шинэ салхи салхилж байна.

Статистик магадалгаагаар аваад үзэхэд дэлхийн түүх дахин эргэх, мандах ба буурах цикл өөрчлөгдөхийн эхлэл ирсэн гэж судлаачид ярьж, бичиж байгаа.

Чухам ийм цаг үеийн эхлэлд зогсож буйгаа ухамсарлахын ялдамд монголчуудын санах сэрэх цэг нь бэлгэдлийн болон агуулгын аль аль талаараа Чингис хаан байж болох юм. Олонтой маргадгаар, өнөөдөр Чингис хааны төрсөн өдөр биш ч байж болно. Гэхдээ Чингис хаан гэж хэн байв, юу бүтээв гэдгийг улиг домог болсон хийрхүү ярианаас ангидаар, шинэ бөгөөд хэрсүү нүдээр судлах юм бол бидэнд итгэлийн гал асах нь дамжиггүй.

Ирээдүйдээ итгэлтэй байх өдөр юм, өнөөдөр.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button