Ч.Ханддулам: Өнгөрсөн онд ял шийтгэлээр 49.6 тэрбум төгрөгийг улсын орлогоор бүртгэсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн онд шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Уг мэдэгдлээс ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан хэлтсийн дарга Ч.Ханддуламын анхаарал татсан мэдээллүүдийг багцлан хүргэе.
Монгол Улсын шүүх өнгөрсөн онд нийтдээ 113 мянга 294 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Ингэхдээ, 106.3 мянган хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэлээ. Үүнээс:
- Зөрчлийн хэрэг 8.1 хувиар,
- Иргэний хэрэг 9.1 хувиар,
- Захиргааны хэрэг 11.5 хувиар тус, тус өссөн байна.
Цаашлаад 1125 хүнийг хорих ял эдлэх хугацааны өмнө сулласан бол 2173 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн давж заалдах шатны шүүхээр 6784 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал,
- Эрүүгийн хэрэг 4,3 хувиар буурсан
- Захиргааны хэрэг 5.3 хувиар буурсан
- Зөрчлийн хэрэг 12 хувиар өссөн
- Иргэний хэрэг 1,9 хувиар өссөн
Хяналтын шатны шүүхээр 497 хэрэг маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс
- Эрүүгийн хэрэг 12.7 хувиар өссөн
- Иргэний хэрэг 29.9 хувиар өссөн
- Захиргааны хэрэг 5.6 хувиар өссөн.
Цаашлаад 49.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ. Үүнийг задалбал,
- Улсын тэмдэгтийн хураамжаар 17.8 тэрбум,
- Торгох ял шийтгэлээр 15.1 тэрбум,
- Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээгээр 15.7 тэрбум,
- Зөрчлийн хэрэгт 854 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан нь дээрх 49.6 тэрбум төгрөгийн улсын орлого бүрдүүлэхэд нөлөөлсөн байна.
Эрүүгийн хэргийн шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хянан шийдэрлэсэн 13977 хэргийн 15.8 хувь нь Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн 84 хувийг талууд хүлээн зөвшөөрсөн утга юм.
Эрүүгийн хэргийг төрлөөр авч үзвэл 13977 хэргийн:
- 42 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учруулсан,
- 10 хувь нь хулгайлах,
- 8 хувь нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн хэрэг маргаан эзэлжээ
- Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчих хэрэг 0.9 хувиар, кибер аюулгүй байдлын хэрэг 10 хэргээр, гэр бүлийн хүчирийлэлтэй холбоотой хэрэг хоёроор өсссөн.
Эрүүгийн хэргээр 14,192 хүнд ял шийтгэл оногдуулсан. 8360 нь торгох ял, 16 хувь нь хорих, 11 хувь нь зорчих эрхээ хязгаарлуулах ял шийтгэлээр шийтгүүлсэн. Гэмт хэргийн улмаас 20674 хүн хохирсон бол 663 төрийн болон хувийн хэвшлийн компани хохирсон. Мөн 153.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 454 хүний амь нас хохирч, 8425 хүний эрүүл мэндэд хохирол учирсан үзүүлэлт гарсан. Авлигын 283 хэрэг хянан шийдвэрлэх байснаас 187 хэргийг шийдвэрлэсэн. 167 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг байсан талаар онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.