НИЙГЭМНийгэм мэдээ

Сурвалжилга: Шахмал түлш олдохгүй 10 гаруй хонож байна

Тавантолгой түлш ХХК дүүрэг, хороодын түлшний нийлүүлэлтийг есдүгээр сарын 15-ас эхлэн, тавдугаар сарын 15-ийг хүртэл хангадаг тухайгаа мэдээлсэн.

Харин нийслэл хотын хэмжээнд 635 цэгт сайжруулсан шахмал түлш борлуулдаг. Шахмал түлшний түгээлтийг 29 компанийн 200 гаруй тээврийн хэрэгслээр гэрээт цэгүүдэд түгээн ажилладаг. Гэвч тус цэгүүдэд сүүлийн 10 гаруй хоног шахмал түлш ирэхгүй, борлуулахгүй байгаа юм.

Хаврын салхитай өдрүүд үргэлжилж нийслэл хотод шөнөдөө хасах градустай хонох өдрүүд сүүлийн үед олон байгаа. Халаалттай байрны иргэд халуун, хүйтнийг мэдрэлгүй хаврыг өнгөрүүлж байгаа бол гэр хорооллын айлууд шахмал түлшний хомсдолтой, хүйтэн өдрүүдийг давж байна. Бид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох бидний хэлж заншсанаар 7 буудал орчим руу хөдөллөө. Замд ерөнхийдөө сайжруулсан түлшний цэгүүд хаалгаа барьсан харагдана. Бид явсаар 32-ийн тойрогт байрладаг шахмал түлшний борлуулалтын цэг дээр ирсэн юм. Хашаанд ил хуль, нүүрсний хогны үлдэгдэл гэмээр хар мөр үлдсэн байлаа. Ийнхүү нүүрсний борлуулалтад ажилдаг иргэнээс нүүрсний хомсдолын талаар тодруулан асуув.

-Хүйтний эрч нэмэгдсэн сүүлийн арав хоног түлшний хомсдолтой-

-Шахмал түлш борлуулагдаагүй удаж байна уу?

-10 гаруй хоногийн өмнө л нүүрс ирсэн түүнээс хойш ахиж нүүрс ирээгүй байна.

-Хүмүүс хэр их асууж ирж байна вэ?

-Нүүрс хаагуур зарагдаж байгаа талаар асууж ирж байгаа.

-Борлуулах түлшээ хэрхэн авдаг бол. Очиж авах ч юм уу, захиалга өгдөг үү?

-Бид хэр хэмжээний нүүрс авах талаар хэлээд захиалга өгдөг. Тэр захиалгын дагуу хүргэж ирдэг. Манай борлуулалтын цэгийн хувьд захиалсан нүүрс ирчихвэл зарж борлуулах боломжтой тул хүлээхээс өөр сонголтгүй байна.

-Та түлшний захиалгаа хэзээ өгсөн бэ. Ойр орчимд байрладаг борлуулалтын цэгүүд адилхан асуудалтай байгаа болов уу?

-Нэлээд хэд хонож байна. Манайх 5 тонн нүүрс захиалсан боловч одоог болтол ирээгүй л байна. Бүх цэгүүдэд адил нүүрс ирээгүй гэсэн сурагтай байна. Энэ хавьцаа дөрвөөс таван цэг байгаа. Хүмүүс асууж, хайсан байдалтай их ирж байна. Хэзээ ирэх бол, танайд байна уу гэдэг. Зуслангаасаа хайсаар байгаад ирлээ, 7 буудлаас ирлээ гэсэн хүмүүс ч байна.

-Шахмал түлшний олдоц хэр байна вэ?

-Ер нь ховор, бараг л олдохгүй байна.

-Таны хувьд түлшээ аль цэгээс авдаг байв?

-17-ийн хойд цэгээс тогтмол авдаг байсан. Одоо бол өөр цэгээс авах гэсэн боловч олдохгүй, энэ хавьд тэр чигээрээ тасарсан байдалтай байна.

-Борлуулалтын цэгээс нүүрсний талаар асуухад ямар нэгэн тайлбар өгдөг үү?

-Ирнэ, удахгүй ирнэ, манайх нүүрсээ захиалчихсан, хүлээж байгаа гэдэг тайлбар л өгдөг. Өөрт байгаа үлдсэн түлшээ бага багаар л түлж аргалж байна. Гэр хорооллын айлуудад асуудалтай, хэцүү байна. Өөр түлэх боломжтой зүйл байхгүй шүү дээ.

-Олдохгүй болоод удаж байна уу?

-Сүүлийн 10 гаруй хоног байх. 17,32-ийн тойрог хавиар хайж үзээд олоогүй. Сүүлийн үед хүйтрээд хэцүү л байна.

-Асуудал шийдвэрлэгдэхгүй бол яах вэ?

-Цаашдаа яах талаар бодсон юм алга. Хүлээхээс өөр зүйл хийж чадахгүй байна. Ядаж жигд дулаартал борлуулаад өгөөсэй гэж хүсэж байна.

-Сайжруулсан шахмал түлшний олдоц хэр байна?

Шахмал түлш ерөөсөө байхгүй байгаа. Миний хувьд бол олоогүй удаж байна.

-Хэр удаан хугацаанд ийм байдалтай байна вэ?

-Дөрөвдүгээр сарын 20-оос хойш ирээгүй. Сүүлийн хэд хоног хүйтрээд гал түлэх шаардлагатай л байна. Цаг агаарын нөхцөл байдал хүйтэн байхад яагаад түлшээ зарахгүй байгааг гайхаад л байна.

-Энэ жилийн цаг агаарын онцлог, түлшний хомсдолоос болж асуудал тулгарч байгаа эсэх?

-Мэдээж хамгийн гол асуудал нь хүйтэн байна. Олдохгүй учраас цаг их алдаж эрэн, хайх бас асуудалтай. Цаашдаа дулаарахгүй бол яаж түлшээ олж авахаа мэдэхгүй байна.

-Түлшгүй тул иргэд хохирсоор байна-

Уг асуудал хоёр, гурван айлаар тогтох хэмжээний биш. Нийслэлд нийтдээ 635 цэг үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоон мэдээллээс харахад үүний цаана маш олон айл, өрх шахмал түлшний хэрэглээтэй байна. Гэвч "Тавантолгой түлш ХХК" шахмал түлшээ борлуулах хугацааг нааш татаагүй гэж мэдээлсэн. Ирэх долоо хоногт цаг агаарын нөхцөл байдал дээрдэхгүй, сэрүүн байх төлөвтэй. Эл асуудлыг шийдвэрлэхгүй, борлуулалт хийхгүй байгаад хамгийн ихээр хохирсоор байгаа нь иргэд юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button