83 машины 421 хүн цасанд боогдсон Архангайн замын зорчих хөдөлгөөнийг удахгүй нээнэ
Завхан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А0603 дугаартай Цэцэрлэг- Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг энэ сарын 4-ний 17:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаасан байдаг.
Тодруулбал, Их хэмжээний цас орсны улмаас Тарвагатайн нуруун дахь Солонготын даваанд халтиргаа үүсэж, зам хаагдсан нөхцөл үүсжээ.
Улмаар өчигдөр буюу /2025-05-04/-нд 81 суудлын автомашин, хоёр автобусны 421 зорчигч цасанд боогдсон байна.
Тухайн давааны одоогийн нөхцөл, зорчих хэсгийг хэзээ нээх талаар Архангай аймгаас тодруулахад "Цас их орсон нөхцөл байдлын улмаас зам харгуй, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй байсан учир алба хаагчид бэлтгэлтэй байсан. Одоогоор ОБГ-ын алба хаагчид ажиллаж буй. Осол, эндэгдэл, томоохон хохирол гараагүй. Зорчих хэсгийг удахгүй нээнэ" хэмээсэн юм.
Харин ТЦА "Цас их орсонтой холбоотойгоор цасанд боогдох нөхцөл байдал үүссэн. Холын замд гарч буй иргэд, тээвэрчид цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэгт анхаарах хэрэгтэй. Албаныхан анхааруулсан хэр нь өөрийн автомашиндаа найдсанаас үүдэн олноороо цасанд суусан нөхцөл үүссэн гэж харж буй" хэмээсэн юм.
Тухайн агуулгаар ОБЕГ-аас дараах мэдээллийг өглөө.
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км, сумын төвөөс урд зүгт 10 км/ Увс, Завхан аймгуудаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 32 зорчигчтой 7 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход 32 зорчигчтой /24 том хүн, 8 хүүхэд/ 7 автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Урантолгой багийн “Хүрэн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс зүүн урд зүгт 8 км/ Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн автозамыг 2 ачааны автомашин хөндөлсөж зогссоны улмаас 2 чиглэлийн урсгалыг хаасан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагч Цэнхэр сумаас Төвшрүүлэх сум хүртэлх автозам дагуу цасанд суусан нийт 210 зорчигчтой /174 том хүн, 36 хүүхэд/ 33 автомашин, 2 автобусыг ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Мандал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/ 64 зорчигчтой 16 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход нийт 64 зорчигчтой /42 том хүн, 22 хүүхэд/ 16 автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Тамир” хорооллын “Цагаан гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 3 км/ автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Toyota Probox” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Нарийн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ Булган сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 17 зорчигчтой 3 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 2 автомашиныг татан гаргаж, 17 зорчигчийг аймгийн төвд хүргэсэн.
Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн “Хүрэн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ 47 зорчигчтой 11 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 23:15 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/ Цахир сумаас аймгийн төвийн чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой яаралтай түргэн тусламжийн автомашин Цагаан даваа руу гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж 5 зорчигчтой /4 том хүн, 1 хүүхэд/ суудлын автомашин, цасанд суусан байсныг татан гаргасан.
Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Хөх сүм багийн “Асгат түрүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс зүүн урд зүгт 17 км/ Цэнхэр сумаас Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн чиглэлд зорчиж явсан 28 зорчигчтой 6 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 00:25 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж татан гаргасан.
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Доод Ар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 57 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ 15 зорчигчтой 3 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 05.05-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 зорчигч /9 том хүн, 6 хүүхэд/-ийг сумын төвд хүргэсэн.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...ажиллах хэрэггүй... зүгээр л татахад гарна. Тэр дээшээ далдагнахдаа л ажилла