Трампын татварын улмаас Африкийн Лесото улсын ажилгүйдлийн түвшин 30 хувьд хүрчээ

Африкийн өмнөд хэсгийн Лесотогийн хаант улсад үндэсний хэмжээний гамшгийн байдал зарлахад хүрсэн байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсаас нийлүүлж буй бараанд өндөр татвар ногдуулсны улмаас ажилгүйдэл эрс нэмэгджээ.
Лесотогийн Худалдаа, аж үйлдвэр, жижиг үйлдвэрлэлийн сайд Мокети Шелиле "Шинэ татварын улмаас оёдлын үйлдвэрлэлийн салбар хамгийн хүнд цохилтод өртлөө гэв. Үндэсний хэмжээнд гамшгийн байдал зарласнаар хувцас үйлдвэрлэлээс бусад салбарт 60 мянган ажлын байрыг хоёр жилийн хугацаанд бий болгох боломжийг засгийн газарт олгоно" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Лесотогоос АНУ-д экспортолж буй барааны дийлэнх хэсгийг хувцас, оёмол бүтээгдэхүүн эзэлдгийн дотор Levi’s зэрэг алдартай брэндүүд багтдаг. Өнгөрсөн онд тус хаант улс АНУ-д 237 сая долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн нь ДНБ-ий 10 хувийг бүрдүүлж байна. Гэтэл Ерөнхийлөгч Д.Трамп Лесотогоос нийлүүлж буй хувцсанд 50 хувийн татвар ногдуулсны улмаас үйлдвэрүүд олноороо хаагдаж, хүмүүс ажилгүй болжээ. “Оёдлын салбар бүрэн хаагдахдаа тулсан” гэдгийг Шелиле анхааруулав. Ажилгүйдлийн дундаж түвшин 30 хувьд хүрсэн бол залуучуудын 48 хувь нь ажилгүй байгаа аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.