Ойрх Дорнодын дайн аль улсын эдийн засагт хамгийн хүнд тусах вэ
Ираны дайн сунжрах тусам дэлхийн эрчим хүчний хангамжид урьд өмнө байгаагүй хямрал нүүрлэх эрсдэл бий болж байна. Ормузын хоолойг хаасны улмаас нүүрлээд буй эрчим хүчний хямрал нь дэлхийн эдийн засгийн өнцөг булан бүрд нөлөөлнө.
Гэхдээ зарим улс орнууд хямралыг даван туулах чадвар бусадтай харьцуулахад сул байгаа юм. Тэгвэл одоо Ойрх Дорнодын асуудал эдийн засагт нь хэрхэн нөлөөлөхийг ажиглавал зохих зарим улсыг авч үзэцгээе.
Хөгжиж буй эдийн засагтай улсууд
Персийн булангийн орнууд эдийн засгийн шууд цохилтод өртөж байгаа. Зарим шинжээчид энэ жил тус бүс нутгийн эдийн засаг агшина гэж таамаглаж байна. Дайны өмнө Персийн булангийн эдийн засгийн төлөв байдлыг мэргэжилтнүүд өөдрөгөөр харж байсан билээ.
Газрын тос, хийн үнэ огцом өсөх нь Ормузын хоолой хаагдсан байгаа учир Персийн булангийн орнуудад ямар ч ашиггүй. Учир нь Кувейт, Катар, Бахрейн зэрэг улсууд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж чадахгүй байгаа. Мөн Ойрх Дорнодын хямрал бүс нутаг дахь орнуудаас гадаад руу хийдэг мөнгөн гуйвуулгад нөлөөлж болзошгүй. Персийн буланд ажиллаж буй гадаад иргэд гэр бүл рүүгээ мөнгө тогтмол илгээдэг. Энэ мөнгөн шилжүүлэг нь зарим улсуудын эдийн засагт олон арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болдог байна.
Энэтхэг: Эдийн засаг нь эрсдэлд ороод буй томоохон улсуудын нэг. Энэтхэг улс боловсруулаагүй газрын тосныхоо 90 орчим хувийг, шингэрүүлсэн байгалийн хийн тал хувийг импортолдог. Нийт импортолж буй газрын тосны тал, шингэрүүлсэн хийн бүр ч их хувь нь Ормузын хоолойгоор дамждаг юм. Эдийн засагчид Ираны дайнтай холбогдуулан Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулжээ. Эрчим хүчний хямралаас гадна рупийн ханш түүхэн доод түвшиндээ хүрч унасан байна. Байгалийн хийн үнэ өссөнтэй холбогдуулан Энэтхэг даяар хоолны газрууд цэсээсээ халуун хоол, цай зэргийг хассан байгаа юм.

Турк: Сүүлийн жилүүдэд Турк инфляцын асуудал даамжирсан. Мөн үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг нэмж унахаас тулд 23 тэрбум ам.долларын интервенц тус улс хийжээ. Ирантай хил залгаа оршдог тул дан ганц инфляц нэмэгдэх эрсдэлээс гадна дүрвэгсдийн урсгал болон геополитикийн тодорхойгүй байдалд Турк бэлтгэж байна.
Их долоон орон
Европын орнуудын хувьд Ираны дайн нь тус тивд дөрвөн жилийн Украины дайнтай холбогдуулан үүсээд байсан нөхцөл байдлыг дахин үүсгээд байгаа юм. 2022 онд Украины дайн эхэлснээр эрчим хүчний хувьд импортоос ихээхэн хамааралтай байдал Европт сөргөөр нөлөөлж, инфляц хоёр оронтой тоо хүртэл өссөн.
Герман: Аж үйлдвэр дээр суурилсан эдийн засагтай учир эрчим хүчний үнэ өсөхөөс хамгийн их хохирол амсана. Германы үйлдвэрлэлийн салбар 2022 оноос хойш агшилт үзүүлж ирсэн. Гэтэл сүүлийн дөрвөн жилд анх удаа өсөлт үзүүлж байхад Ираны дайн эхэллээ. Герман экспортлогч учир дэлхийн эдийн засагт үүсээд буй сөрөг үр дагаварт өртөх эрсдэл өндөр. Өнгөрсөн жил тус улс зарласан эдийн засгийг дэмжих томоохон хөтөлбөр нь сөрөг нөлөөг багасгахад тусална гэж шинжээчид үзэж байгаа юм. Гэвч ирэх жилүүдийн төсвийн алдагдлаас шалтгаалан нэмэлт дэмжлэг үзүүлэх боломж хязгаарлагдана гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Итали: Германтай адил адил том үйлдвэрлэлийн салбартай. Италийн эрчим хүчний үндсэн хэрэглээнд газрын тос болон байгалийн хийн эзлэх хувь Европтоо хамгийн өндөр байдаг. Ийм учир Ормузын хоолойн улмаас үүсээд буй хямрал даамжирвал Италийн эдийн засагт хүнд тусах магадлалтай юм.
Их Британи: Тус улсын цахилгаан үйлдвэрлэл Европын бусад томоохон эдийн засгуудтай харьцуулахад байгалийн хийнээс ихээхэн хамааралтай байдаг. Зах зээл дээрх байгалийн хийн үнэ Их Британийн цахилгааны эрчим хүчний үнийг шууд тодорхойлдог юм. Ираны дайн эхэлснээс хойш байгалийн хийн үнэ газрын тосноос илүү хурдтай өсөх болсон.
Тус улс эрчим хүчний үнийн дээд хязгаар тогтоож өгдөг нь Ойрх Дорнодын хямралын улмаас үүсэх инфляцын анхны нөлөөг зөөлрүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэвч энэ нь бодлогын хүүг өсгөхөд хүргэх эрсдэлтэй. Үүнтэй зэрэгцэн тус улсад ажилгүйдэл нэмэгдэж байгаа тул Их Британи Их долоо дундаа хамгийн өндөр бодлогын хүүтэй орон болж магадгүй байна. Их Британийн төсвийн алдагдлын дарамт болон бондын зах зээлийн дарамт нь энэхүү хямралын үеэр бизнес эрхлэгчид болон өрхүүдэд туслах засгийн газрын боломжийг нь хязгаарлаж байна.
Япон: Их долоогийн бусадтай адил Ойрх Дорнодын хямрал удаан үргэлжилбэл хүнд цохилтод өртөнө. Учир нь тус улс газрын тосныхоо 95 орчим хувийг Ойрх Дорнодоос авдаг юм. Үүний 90 шахуу хувь нь Ормузын хоолойгоор дамжин ирдэг. Эрчим хүчний хямрал дээр иений ханш суларснаас үүдэлтэй инфляцын дарамт нэмэгдэж байна. Япон улс түүхий эдээ гаднаас авдаг тул иений ханш суларснаар хүнс болон өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа аж.

Хямрал хамгийн хүнд тусах орнууд
Саяхан эдийн засгийн хямралд өртсөн эсвэл хямралын ирмэгт тулж ирсэн хэд хэдэн улс орнууд Ираны дайн хамгийн хүнд тусна.
Шри Ланка: Эрх баригчид эрчим хүчний хэрэглээг хязгаарлахын тулд лхагва гараг бүрийг төрийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Мөн сургууль, их дээд сургууль, олон нийтийн байгууллагуудыг хааж, нэн шаардлагатай бус нийтийн тээврийг зогсоосон байна. Тус улс 2022 оны дөрөвдүгээр сард гадаад өрөө төлөх чадваргүй болсны улмаас дефолт зарласан билээ.
Пакистан: Хоёр жилийн өмнө хямралын ирмэгт байсан тус улс шатахууны үнийг эрс нэмж, сургуулиудын үйл ажиллагааг хоёр долоо хоногоор зогсоосон байна. Төрийн байгууллагуудын шатахууны зардлыг хоёр дахин бууруулж, шинээр агааржуулагч болон тавилга авахыг хоригложээ. Мөн төрийн албаны автомашинуудын тодорхой хэсгийг ашиглахгүй байх тушаалыг эрх баригчид гаргасан байна. Пакистан Афганистантай хил дээр дайтаж буй нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа юм.
Египет: Шатахуун болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсөхийн зэрэгцээ Египетийн засгийн газар Суэцийн суваг болон аялал жуулчлалаас олдог орлого огцом буурах эрсдэлтэй тулгараад байна. Өнгөрсөн жил Египетийн аялал жуулчлалын салбар 20 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ орлого буурвал Египет руу орж ирэх гадаад валютын хэмжээ мөн багасна. Тус улс гадаад өрнийхөө ихэнхийг ам.доллароор төлдөг. Дайн эхэлснээс хойш Египетийн үндэсний валютын ханш 9 хувиар сулраад байгаа нь гадаад өрийн дарамтыг улам дордуулж байна.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ дайн дэлхий даяар нөлөөлөх нь тодорхой
ene bol zugeer neg bus nutgiin asuudal bish bn
Газрын тосны үнэ өсөхөөр бүх юм дагаад өснө
tosnii une usvul bidend ch gesen shuud nuluulne
Европ дахин хүнд байдалд орж магадгүй
europe anhnaasaa l erchim huchnees hamaарал ihtei
Энэтхэгт их хүнд тусах нь ойлгомжтой юм байна
japan bol bugdii gadnaas avdag uchraas hetsuu
Япон бас их эрсдэлтэй юм байна
Герман үйлдвэрлэлээрээ их цохилт авна даа
Итали ч бас адилхан нөхцөлд байна
Их Британи дээр инфляц улам нэмэгдэх байх
uk deer hiin une usuh ni hamgiin tom asuudal
turk deer nemegdeed l hetsuu bolno
Пакистан ч бас амаргүй байна