УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Адъяасүрэн: Засаг захиргааны хуулиар Нарансэвстэйн боомтыг нээлгэх гэж байна. Мазаалай зэрэг ховор амьтад Хятад руу гараад явчих аюултай

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын өргөн барьсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг маргааш болно.

Уг хуулийн төслийг дагалдуулан 17 хуульд өөрчлөлт оруулахаар тусгасны нэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль. Ингэхдээ дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргааны даргыг томилох эрхийг тухайн орон нутгийн Засаг даргын эрх мэдэлд шилжүүлэх агуулга бүхий заалт оруулж ирсэн нь эрдэмтэн судлаач, байгаль хамгаалагчдаас шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Нөгөөтэйгүүр, Говийн их дархан цаазат газар дахь Нарансэвстэйн боомтыг нээлгэхээр лоббидож буй О.Амгаланбаатар гишүүн уг хуулийг санаачилсан нь засаг захиргааны тухай хуулиар хаацайлан, тусгай хамгаалалттай газар нутагт халдах зохицуулалт сэм зүтгүүлж байгаа гэх хардлага ч бий. Энэ сэдвийн хүрээнд БОАЖ-ийн сайд асан Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Төрийн захиргааны төв байгууллага тэргүүлж явсан хүний хувьд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд оруулахаар тусгасан энэ өөрчлөлтийг та юу гэж харж байна?

- Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг чинь монголчууд бодож олсон зүйл биш. Дэлхий нийтийн хэмжээнд өнөө болоод хойч үеийн эрх ашгийн төлөө тэнд байгаа биологийн төрөл зүйл, экосистемийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө газар нутгийг тусгай хамгаалалтад авдаг. Олон улсын 10 ангилал байдгаас манай улс дөрвийг нь л авсан. Дархан газар, байгалийн цогцолборт, байгалийн дурсгалт, байгалийн нөөц газар. Эдгээр газрыг ангиллынх нь дагуу тусгай хамгаалалтын горим үйл ажиллагааг нь хэвийн явуулахын тулд тухайн байгууллагын удирдлага маш чухал. Тиймдээ ч дэлхийн бүх оронд удирдлагын босоо тогтолцоогоор томилдог. Манайх энэ жишгээр яамнаас томилж ирсэн. Цаашдаа ч иймээрээ явах ёстой. Яамны бодлого бол төрийн бодлого. Төрийн бодлого олон улсын хэмжээний бодлоготой нийцэж, зэрэгцэж явдаг учиртай.

Тусгай хамгаалалттай газар нутаг ганцхан аймагт ч байдаг юм биш. Хэд хэдэн аймгийг дамнасан, хил дамнасан тусгай хамгаалалттай, олон улсын статустай газрууд бий. Тэгтэл нэг аймгийн Засаг дарга удирдлагыг нь томилоод байвал цаашдаа утгаа алдана.

-Тухайлбал, ямар эрсдэл үүсэж болох вэ?

-Ер нь бол сонгуультай холбоотойгоор тусгай хамгаалалттай газрын удирдлага, үйл ажиллагаа будилаантах, догдолдох явдал гарчих гээд байгаа юм. УИХ, орон нутгийн сонгууль дөрвөн жил тутам болдог. Түүнийг дагаж тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлага "явах" ёсгүй. Дор хаяж 8-12 жил тогтвортой ажиллаж байж газар нутгийн экосистемийн онцлог, менежмент, орчны бүсийнхэнтэй хамтын ажиллагаа явуулж байж хамгаалалтын горим ном ёсоороо хэрэгждэг учиртай.

Тэгэхээр нэг аймгийн даргад эрх мэдлийг өгчихвөл сонгуульд ялсан аймгийн дарга өөрийнхөө цүнх баригчийг авчраад тавьчихна шүү дээ. Дагаад бүх бодлого алдагдана. Тийм учраас БОУАӨ-ийн сайд томилдог тогтолцоог өөрчилж, тогтсон системийг эвдэж болохгүй.

Нэг ёсондоо аймгийн Байгаль орчны газрын даргыг томилж байгаагаас ялгаагүй болчихно. Та нар яваад үзээрэй, Засаг дарга өөрийн талын нэг хүнээ тавьчихсан байгаа. Суманд яг ижил.

Ерөөс тусгай хамгаалалтын газрын удирдлага бол нарийн мэргэжлийн хүний хийдэг ажил. Өнөөдөр Богд уулыг хар л даа. Тухайн үеийн сайд алдаа гаргаад баахан газар олгочихсон. 1778 онд Богд хааны зарлигаар хамгаалалтад авсан уул биш болчихоод байна шүү дээ. Тусгай хамгаалалттай газар юм уу, хүмүүсийн идээшил нутаг ч юм уу. Ингэснээр тусгай хамгаалалттын горим, олон улсын статус алдагдаж байна.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай нийт газар нутгийнхаа 30 орчим хувийг улсын тусгай хамгаалалтад авч, дэлхийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад Монгол Улс хувь нэмэр оруулна гэдгээ зарлачихсан. Одоо 20 гаруй хувьтай явж байна. Цаашид боломжоороо нэмэгдүүлээд явах ёстой юм.

-О.Амгаланбаатар гишүүний тухайд Говь-Алтай аймгийн Засаг дарга байхаасаа Нарансэвстэйн боомтыг нээлгэхээр "хөөцөлдөж" байгаа. Гэтэл өргөн барьсан хуулийн төсөлд тусгай хамгаалалтын хуулийн өөрчлөлтийг "хавчуулсан" нь эрх ашгийн зөрчилтэй байх магадлал бий юү?

-Орон нутгийн удирдлага эрх олгохын цаана Говийн их дархан цаазат газарт шунаж байгаа юм л даа, би мэдэж байна. Нарансэвстэйн боомтоор зам тавьж Хятадын Ганьсү муж руу худалдаа наймаа гэсэн санаа олон жил яригдсан.

Яагаад Нарансэвстэйн боомтын дагуу зам явж болохгүй юм бэ гэхээр Монголын хамгийн үнэ цэнтэй, олон улсын улаан номонд орсон мазаалай, хавтгайн идээшил нутаг. Хэрэв машин техник яваад эхэлбэл эдгээр амьтдын амьдрах орчин алдагдана, цаашлаад Хятадын нутаг руу дайжаад явчих эрсдэлтэй.

Энд хоёр зүйлийг дэнслэх хэрэгтэй. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн биологийн төрөл зүйл амьтдаа хамгаалах ёстой юм уу. Нарансэвстэйн боомтоор худалдаа хийх нь чухал юм уу.

Бүр цаад санаа нь бол Талын мэлтэс ордод байгаа 100 тн алтыг авах л юм. Тэр шуналынхаа үзүүрт хууль өөрчилнө гэдэг бол хамгийн болохгүй зүйл.

Талын мэлтэс гэдэг нь Хятадын талаас 20-иод км зайтай, талд байдаг чулуун орд. Түүнийг авах сонирхол тэдэнд их бий. Гэхдээ Монголд өнөөдөр тийм шаардлага байхгүй. Тодорхой хэмжээний байгалийн нөөц баялгаа үүцлээд аваад үлдэх ёстой.

-Тэгэхээр орон нутгийн хөгжлийг бодсон гэхээсээ илүү улстөржилт, эрх ашгийн асуудал байна шүү дээ?

-Ер нь бол улстөрчийн иргэдэд таалагдаж, дахиж сонгогдох гэсэн заль мэх байхгүй юу. О.Амгаланбаатар гишүүнийг мэднэ, манай намын хүн. Би АН-ыг үүсгэн байгуулж байсан хүн. Гэхдээ зарчмын асуудал дээр зарчмын л байх хэрэгтэй. Дэлхий нийтийн хэмжээнд баримталж ирсэн зарчмыг Монгол Улс өөрчлөөд байхдаа яадаг юм. Манай улс дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн. Тэр утгаараа олон улсын зарчим, горимыг дагах ёстой. Бид саран дээрээ ганцаараа улс байгуулах гээд байгаа юм биш шүү дээ.

-Ер нь бол энэ хуулийн өөрчлөлт бодит дээр хэрэгжих боломжгүй юм байна шүү дээ. Жишээ нь, гурван аймагт хамаарагдах газрын даргыг аль Засаг даргын санал болгосноор томилох вэ гэдгээс эхлээд гацаанд орж таарах нь ?

-Тийм. Нөгөө талаар нэг нь хүнээ томиллоо гэхэд ахиад л бүх ажил шинээр эхэлнэ гэсэн үг. Тусгай хамгаалалттай газар нутгийг хэвийн хэмжээнд ажиллуулахын тулд орчны бүсийн иргэдтэйгээ хамтарч ажиллана. Орон нутгийн захиргаа, иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж орчны бүсийн үйл ажиллагааг зохицуулдаг олон улсын зүй тогтол бий. Манайд холбогдох бүх хууль дүрэм гарчихсан. Энийгээ л хэрэгжүүлээд явах ёстой.

Түүнээс биш Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар дамжуулж ийм өөрчлөлт оруулж ирнэ гэдэг бол шударгаар хэлэхэд заль мэх.

Тусгай хамгаалалттай газрын удирдлагыг бэлтгэж, бэхжүүлэх гэж маш их цаг хугацаа, хөрөнгө оруулалт хийж байж ажлын дөртэй болгодог. Ганцхан аймгийг хамарсан тусгай хамгаалалттай газар маш цөөн. Архангайд Хангайн нурууны тусгай хамгаалалттай газар, Увсад кластер дархан газрууд буй. Бусдаар Говийн их дархан цаазат газар Говь гурван сайхан гээд хэд хэдэн аймагт хамаарагдана.

Тийм учраас ийм чухал албанд аймгийн Засаг даргын гар хөлийн үзүүрт хөдөлдөг хүнийг хэзээ ч тавьж болохгүй. Тэрэн дээрээ тулбал тусгай хамгаалалттай газар нутаг байлгаад хэрэггүй. Бүгдийг нь тусгай хамгаалалтаас нь болиулчих. Тэгээд бүх амьтдыг алаад, О.Амгаланбаатар өөрөө борц хийгээд идэхгүй юү.

-Уг хуулийн төсөл парламентын босго давахад ганц алхам үлдээд байна. Тодруулбал, маргааш чуулганаар УИХ-аар хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болох гэж байна?

-Шулуухан хэлэхэд, УИХ-ын гишүүд ард түмнээ төлөөлж чуулганы танхимд суугаа юм бол энэ орж ирж байгаа энэ хуулийг унагах хэрэгтэй. Ухаалаг, шинэ залуу гишүүд олон орж ирсэн байна билээ. Тэдэнд итгэж байна, өнөө маргааш биш ирээдүйгээ бодох нь тодорхой. БОУАӨ-ийн сайд зоригтой ажиллаж, эсэргүүцэх ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын байгаль орчин, экосистемийн тэнцвэртэй байдлыг хангах нь салбарын сайдын, Засгийн газрын гишүүнийх нь үүрэг.

Гай нь таараад энэ хууль батлагдчихвал Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих хэрэгтэй. Тэгэх байх ч гэж найдаж байна.

-Манай улс COP-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Гэтэл яг эсрэг агуулга, үр дагавартай хуулийн төсөл хэлэлцэхээр сууж байна?

- Экосистемийн тэнцвэртэй байдал гэдэг бол олон талт зүйл. Агаар, ус, амьтад бие биенээсээ хамааралтай иж бүрэн систем. Усыг хамгаалах арга хэмжээний цаана ой мод хамгаалагдана. Ой модыг хамгаалбал өвс ургамал сайжирна. Өвс ургамлыг хамгаалснаар биологийн төрөл зүйл амьтдаа хамгаалж чадна.

Орчин цагт хүмүүс түймэрт шатсан модыг огтолж аваад түлчихнэ гэж ярьж байна. Тэр нь ойн цэвэрлэгээ гэнэ. Буруу. Түймэрт шатсан мод өмхрөөд байж байхдаа экосистемийн тэнцвэрт асар их үүрэг гүйцэтгэнэ. Өмхтэй модон дотор маш олон паразит үржиж бий болдог. Цаашлаад хөрсний үржил шимийг сайжруулаад, био бордоо ялзмаг болдог жамтай. Тэгтэл тайрч аваачаад түлээ болгоод түлчихвэл халзайсан газар үлдэнэ. Нарны шууд цацраг тэр газар нутгийг шарсаар байгаад хуурайшаад цөлжилт үүснэ.

Энэ жил COP-17 зохион байгуулна гээд Ерөнхийлөгч, Засгийн газар бүгд хүчээ дайчилж байна. Тийм байхад зохион байгуулагч орон өөрөө тусгай хамгаалалттай газар нутгийнхаа статусыг алдчихсан байвал ирж байгаа гадна, дотнын төлөөлөгч, олон улсын эрдэмтэн судлаач нарт юу гэж хэлэх юм. Хэрэв Монгол Улсын парламент энэ хуулийг баталбал COP-17 -д барьж байгаа хамгийн сөрөг бэлэг болно. Нөгөө талаар Монгол Улсын нэр хүнд унана.

-Нэгэнт энэ сэдвийг ярьсных Нарансэвстэйн асуудлыг дурдаад өнгөрч боломгүй байна. Экосистемийн хувьд ямар онцлог ач холбогдолтой юм. Монгол Улс энийг яагаад онгон дагшнаар нь авч үлдэх ёстойг уншигчдад, улстөрчдөд тайлбарлаж өгөөч?

-Нарансэвстэйн боомт руу зам тавих гэж байгаа тэр газарт би очиж үзсэн. Би саран дээр очиж үзээгүй. Гэхдээ би сарыг судалдаг сансрын тандан судалгааны инженер хүн. Тэгээд үзэхэд сарны хөрс адил наранд шарагдсаар байгаад тас хар болчихсон шовх шовх чулуунуудтай юм билээ. Тэр үед манай судалгааны ажлын хэсэг зургаан машинтай явсан. Төслийн герман жийпнээс бусад машины дугуй хагараад явж болохгүй байсан. Тийм өвөрмөц тогтоцтой, хүн явдаггүй газар. Биологийн хамгийн үнэ цэнтэй амьтад яг тэнд амьдарч байгаа, идэш тэжээл нь тэнд бий. Хэрэв зам тавиад, машин техник давхилдаад эхэлбэл дайжаад явчихна.

Өнөөдөр мазаалайг камераар хянаад 50 гаруй толгой байна гэж ярьж байна. Хуучин бол 24 мазаалай л байсан. Тэд олны хөлөөс зугтаад цаашаа хил гараад явчихна. Хятадууд дуртайяа өөрсдийн үнэ цэнтэй амьтан болгоод авчихна.

Монголд дэлхийн ховор амьтад бүртгэгдсэнээрээ олон улсын байгууллагууд харж үздэг, дэмждэг. Монгол Улсын үнэ цэн үүгээрээ үнэлэгддэг учиртай. Үүнийг зайлшгүй тооцох ёстой.

-Тэгэхээр О.Амгаланбаатар гишүүний яриад байгаа шиг Дархан газрыг тойруулаад зам тавьчихна. Амьтад, экосистемд нөлөөгүй гэдэг нь ямар ч боломжгүй харагдаж байна?

-Тийм. Тэнд ямар ч тийм боломж байхгүй. Ер нь бол цаад агуулга нь нэг дээс байхаар үзүүрт нь яваад очтол хулгайч өвгөн байсан гэдэг шиг л юм. Энэ дээсний цаад үзүүрт Талын мэлтэсийн 100 тн алтны үндсэн орд л бий. Говь-Алтайгаас сонгогдсон гишүүн болгон, улстөрч бүр түүнийг авна, ашиглана гэж дандаа ярьдаг. Намайг Засгийн газрын гишүүн байхад хөөрхий талийгаач П.Жасрай гуай тэрийг авахын төлөө их тэмцсэн. Тэр үед бид өгөөгүй юм. Манай кабинетын гишүүдээс ч боомт руу зам тавъя гэх гишүүн гарч байсан.

Нарансэвстэйн хилийн цаад талд БНХАУ-ын Ганьсү муж бий. Манай хил рүү тулгаад зам тавьчихсан байдаг юм билээ. Тэрэнтэй авто замаар холбоно гэх. Хятадын эрх ашгийн төлөө Монголын эрх ашгийг умартаж болохгүй. Монгол Улс өөрийн бодлоготой байх ёстой.

Үнэхээр Хятад улстай наймаа арилжаа хийх сонирхолтой юм бол хажууханд нь Бургастайн боомт бий. Харь улсын ганц мужийн эрх ашгийг хангах гэж дархан цаазат газраар дайруулж зам тавьж огт болохгүй.

-Хэрвээ тэр дагшин газарт олны хөл бужигнаад эхэлбэл ховор амьтад маань дайжаад Хятадын олз болох нь байна шүү дээ?

Говийн их дархан цаазат газрын талбай их том. Яагаад гэвэл, үнэт зүйл болсон амьтад тэр том нутгийг тойрч, шиншилж явж байж идэш тэжээлээ олж иддэг. Идэш тэжээл, хоол хүнс нь таруу байрлалтай байдаг. Өргөнөөрөө 200 гаруй, уртаараа 300-400 км нутаг байгаа юм. Үүнийг тусгай хамгаалалтад авч байж биологийн төрөл зүйл ингэж өсөж байгаа юм шүү дээ.

Манайхны судалгаагаар хиймэл дагуулаар дагалт хийхэд камер зүүсэн нэг мазаалай хил даваад Тэнгэр ууланд оччихсон, 3000 км зам туулчихаад буцаад ирсэн байгаа юм. Эцсийн дүндээ өөрийн төрөлх нутаг, эцэг эхдээ буцаад ирж байгаа юм.

Хэрэв зам тавиад, машин холхиод эхэлбэл төрөлх нутагтаа амьдрах аргагүй болно. Хятадууд ховор нандин амьтдыг маань "залгичихна" л гэсэн үг.

Нарансэвстэй бол ЮНЕСКО-гийн дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн бүс. Энэ удаа хуулийг төслийг унагалаа гэхэд дахиад хэн нэгэн ижил төстэйг санаачилна. Боомтыг нээж, зам тавих лобби ч хот хөдөөгүй явж байна.

а. Цаашид яаж улстөрчийнд шуналаас хамгаалбал зохистой вэ?

- ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын болон байгалийн өвд бүртгүүлнэ гэдэг бол олон улсын хэмжээнд статус нь өндөрсдөг. Үе шаттайгаар ийшээ явах ёстой. Нөгөө талаар байгаль хамгаална гэдэг бол хүний байгалтай харьцаж байгаа сэтгэхүйг өөрчлөх тухай юм. Цаашид байгальтайгаа зэрэгцэн орших ёстой. Говь-Алтайн ард түмэн сэтгэлгээ өөрчлөх ёстой. Заавал дархан газраар дайруулж зам тавьснаар, цаашлаад 100 тн алтны төлөө улайрах хэрэггүй. Говь-Алтайд өөр олон байгалийн нөөц боломж бий.

Говийн их дархан цаазат газарт бол адал явдалт аялал жуулчлал хөгжүүлэхэд бүрэн боломжтой. Холоос дурандах, дрон нисгэх зэргээр ховор ан амьтад, байгалийн өвөрмөц тогтцыг харууж болно. Орчин цагт хуучнаараа сэтгэж болохгүй. Байгалийн баялаг л байвал авч ашиглах гээд дайрдаг сэтгэхүйгээ өөрчлөх хэрэгтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тийм шүү
тийм шүү

Аргагүй өндөр түвшинд мэргэшсэн хүний алт шиг үнэтэй үг байна, Хууль тогтоогчид заавал хэрэгжжүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Нарансэвстэйг онгон хэвээр нь үлдээх хэрэгтэй гэж боддог

Зочин
Зочин

Mazalai bol delhiid hovor amitad shde heden tonn altnas iluu une tsentei

Зочин
Зочин

Нэг аймгийн дарга солигдох болгонд хамгаалалтын газрын дарга солигдоод байвал ажил яаж урагшлах юм

Зочин
Зочин

Ховор амьтдаа хамгаалж чадахгүй бол дараа нь харамсаад ч нэмэргүй

Зочин
Зочин

Gants heden hunii ashgiin tuluu darhan gazar oroldoj bolohgui bh oo

Зочин
Зочин

Амгаланбаатар олон жилийн өмнө Хятадуудад талын мэлтэсийг өгнө гэж амлаж аваа өгөөгөө тохирсон гэх юм билээ. Урьдчилгаа ч овоо авсан биз. Түүнд дархан байна уу, үгүй юу тэр газар ухагдна уу, сүйрнэ үү ер хамаагүй, мазаалай, хулан, тахь бусад ховор ан, араатан, жигүүртэн устна уу, дайжна уу бүр ч хамаагүй талын мэлтэс болоод бусад орд газруудыг хятадуудад өгч ашиглуулах нь чухал. Энэ зорилгодоо Говь- Алтайн бараг бүх сумдын болоод аймгийн удирдлагуудыг нэгтгэж чадсан төдийгүй Пүрэвдоржоос эхлээд их хурлын олон гишүүдийг ятгаж чадсан л гэх яриа хөврөх. Монголын минь заяа ивээж бузар шуналтны санаа үл хэрэгжих болтугай л гэж залбирах юм даа.

Зочин
Зочин

Yag unen baahan zam tavina geed suuld ni baigal suitgedeg

Зочин
Зочин

Bi lav ter gazarruu zam tavih ni buruu gej bodoj bn

Hhh
Hhh

Талын мэлтэсийн их алт болон бусад илэрсэн байгалийн баялагруу шунаж байгаа хэдэн хүмүүсийн хууль шүү дээ.тэнд монголын ард түмний жинхэнэ үүц байгаа,ирээдүй хойч үедээ үлдээх хэрэгтэй шүү.

Зочин
Зочин

Мазаалай хил даваад явчихвал дараа нь Монголынх гэж яриад ч оройтно

Зочин
Зочин

Зарим хүмүүс байгаль хамгаална гэхээр хөгжлийг эсэргүүцээд байна гэж ойлгодог нь буруу

Зочин
Зочин

Mazalai uzeh gej gadaad humuus hurtel irdeg shuu dee

Зочин
Зочин

Altnii ordoo ashiglana geed suuld ni usgui hooson gazar l ulddeg

Зочин
Зочин

Тэнд амьдарч байгаа амьтад машин техникээс үргээд нүүчихвэл яах вэ

Зочин
Зочин

Монголын байгаль бол хэдэн үеэрээ хамгаалж ирсэн өв шүү

Зочин
Зочин

Humuus jaahan holiig ni gargaj bodmoor yum neg udaagiin ashig bish

Зочин
Зочин

Tursun nutgaa l zorino shuudee

Зочин
Зочин

нэхээр Хятад улстай наймаа арилжаа хийх сонирхолтой юм бол хажууханд л Бургастайн боомт бий. Харь улсын ганц мужийн эр ашгийг хангах гэж дархан цаазат газраар дайруулж зам тавьж огт болохгүй.О.Амгаланбаатар гишүүнээ ганц таны гэр бүл биш улс орнрр хойч үеэ бод ганц л амьдрах хорвоод тэр их хөрөнгөөр яах гээ аваад явахгүй шүүдээ тийм байдаг биздээ

Зочин
Зочин

Өөрсдөө баяжиж л байвал ховор амьтад хятад гараад явчих нь хамаагүй болчоод байгаа цаг. Ан амьтан байтугай газар дорх ховор байгалийн баялгаа хойч үедээ үлдээлгүй хятдад өгөөд кармаагаа дүүргэж байна

Зочин.
Зочин.

Хуулийг бүү батлуул !!!

Зочин
Зочин

buu nee burgastai boomtiinhoo uchriig sain oloogui hevtej ahiad 1 nuh gargaj tsoolood hereggui teriig neegeed hogjihgui MGL tuugeer ogthonch dutahgyi shunal ni hetreed omdondoo dusaaj yavdag heden ardchilagch ner zuusen hulgaichuud bii bygd medne

Зочин
Зочин

Монголчуудаа бүгдээрээ энэ Засагт ханы гуйлгачин хархүүгээс салж амарцгаая эх орны тусгаар тогтнол.байгаль экологийн асуудал яригдаж байна шүү энэ нөхөр хувийхаа асар их шуналын золиосыг Говьалтайчуудад тохохоор улайрч байна.УИХ д орж ирсэн ганц зорилго нь энэ бололтой үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй Говьалтайчуудаа түрхрэн босож энэ тэнэгийгээ нутагтаа аваачиж малчин болгоочээ

Зочин
Зочин

Дархан цаазат газрыг улстөрчдийн сонирхлоор хөдөлгөж эхэлбэл дараа нь зогсоох хэцүү шүү

Зочин
Зочин

Goviin ter heseg chin delhiid ch hovor ekosistemtei gazar gesen

Зочин
Зочин

Зогсоогоорой. Байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг олон байгууллага бий дээ

Зочин
Зочин

Зогсоогоорой. Зогсоогоорой. Талын Мэлтэст шунасан шулмуудын нүүрэн дээр нь хэрээс тавиарай.

НЭЭЖ БОЛОХГҮЙ
НЭЭЖ БОЛОХГҮЙ

Нээж яасан ч болохгүй шүү! Рэгдэл гэж академичийн нэр баастсан урвагч бас нээхийг дэмжээд байсан.. нээхийг дэмжсэн нөхдүүд авилга авсан нь тодорхой!!

Иргэн
Иргэн

Сайд асан Ц.Адъяасүрэн аргагүй л өндөр боловсролтой, шудрага, эх оронч сэтгэлгээгээр сайхан ярьсан байна. Маш зөв.

иргэн
иргэн

Амгаланбаатар нарын 10 гишүүнийг эргүүлэн татмаар байна. Улс эх орон байгаль, зэрлэг амьтадыг хөнөөх зорилго агуулсан шуналтангууд юм

Зочин
Зочин

Говийн их дархан газраа ховордсон ан амьтадаа хамгаалан газар нутагтаа онгон дагшин аар нь авч үлдэх хойч үедээ үлдээх нь хүн бүрийн үүрэг шүү хятадын эрхшээлээр газар нутгыг минь сэглүүлэхийг эрс эсэргүүцэж байна АмгаланБаатар шуналын савараа татаарай

Зочин
Зочин

Үе үеийн сайд нар мөн л өөрийн цүнх баригч, намынхаа нөхдийг даргаар тавьсаар ирсэн. Мэргэжил мэдлэг, ажилласан жил Түй ч хамаагүй гэр шүү. Тод жишээ нь Булганд байдаг шүү

Холбоотой мэдээ

Back to top button