Монголд бамбайн хоншоорт могойн хорны ерөндөг тариа ЗУРГААН ШИРХЭГ бий
Борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бамбайн хоншоорт могой үерийн усаар урсаж хот руу орж ирэх нь ихэсдэг. Мөн аялал зугаалгын улирал эхэлсэн учир хотын захын хэсгээр байгаа могой иргэдийн авто машины моторын хэсэг болон ачаа тээшинд тээвэрлэгдэх магадлалтай байдаг.
Улмаар зургаадугаар сараас эхлэн бамбай хоншоорт нь хотын аль ч хэсэгт байх боломжтой бөгөөд хортой төрлийн могой юм. Хэрэвзээ хүн хазуулсан тохиолдолд хорны ерөндгийг хийлгэх учиртай. Тэгвэл манай улсад бамбайн хоншоорт могойны хорны эсрэг зургаан ширхэг тариа байгаа аж.
Тодруулбал, Саудын арабын хаант улсад үйлдвэрлэсэн Бамбайн хоншоорт могойны олон цэнт хоргүйсүүр тариа 60 ширхгийг Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн онд хандивлаж, сайдын тушаалаар 10 эрүүл мэндийн байгууллагад хуваарилсан байна. Одоогоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэргэдэх Эрүүл мэндийн салбарын нөөцийн агуулахад тус хоргүйсүүр 10 мл тунтай зургаан ширхэг тариа үлджээ. Тус тариа нь 2027 оны 10-р сар хүртэлх хүчинтэй хугацаатай юм байна.
Тус тариа нь манай улсад хэрэглээ бага тул могойн хорны ерөндөг эмийн бүртгэлд бүртгэгдээгүй аж. Иймд Могойн хорны ерөндгийг судлан, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар өгөөд байгаа юм байна.
Улмаар могойн хоргүйсүүрийг өнчин эмийн жагсаалтад оруулах санал авч, эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулахаар ажиллаж байгаа юм байна. Өнчин эмийн жагсаалтад оруулснаар тус бэлдмэлийг эм, эмнэлгийн хэрэгслийн импортлох, ханган нийлүүлэх байгууллага импортоор оруулж зах зээлд болон эрүүл мэндийн байгууллагад нийлүүлэх боломж бүрдэх юм.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.