УЛС ТӨР

ХҮН болон Монголын Социал Демократ Нам эвслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Хөдөлмөрийн үндэсний нам болон Монголын Социал Демократ Нам эвсэж байгаагаа зарлан, хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр /2020.02.03/ гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр сонгуульд хамтран оролцох үйл ажиллагааны эхлэл тавигдаж буй аж.

Энэ талаар Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Б.Найдалаа “Манай хоёр нам хамтран хүнээ дээдэлсэн зүүн төвийн улс төрийн бодлоготой намуудын хувьд эвийг эрхэмлэн, хүчээ нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хамтран ажиллах зорилгоор харилцан тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцох боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэлээ.

Монголын Социал Демократ Намын дарга А.Ганбаатар “ХҮН-ын бодлоготой манай намын үзэл баримтлал ижил байсан тул цаашид хамтран ажиллах ёстой гэдэг байр суурин дээр ирсэнд баяртай байна. Энэ оны гуравдугаар сарын 31-нд манай нам 30 жилийн ойтойгоо золгож байгаа тул намынхаа их хурлыг хийнэ. Тус хурлаар 2020 оны сонгууль болон Монголын социал демократуудын дэвшүүлэх бодлого зорилгыг гаргаж тавина” гэжээ.

Тус хоёр намын мэдэгдэлд,  “Монгол Улсад нийгмийн баялгийн хуваарилалт гажиж, баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэн, цөөхөн бүлэг этгээдүүдэд эрх мэдэл, эд хөрөнгийн хэт төвлөрөл үүсч, Монгол орон маань монгол ХҮН эрх тэгш, амар амгалан амьдрах боломжгүй, амьд үлдэхийн төлөөх тэмцлийн талбар болжээ. Улмаар Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, парламентын засаглал, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төр, эв нэгдэл зэрэг төр, нийгмийн суурь үнэт зүйлс алдагдаж, харь гүрний гар хөл бологчид, “авлигын сүлжээний эзэд”-ийн хууль ёсны дарангуйлагч болох шуналын золиос болж байна. Иймд тусгаар Монгол Улсад шударга ёсыг тогтоох, тэгш боломжийг бүгдэд олгох, хүмүүнлэг, иргэний, ардчилсан төрийн зарчмуудыг бодитоор хэрэгжүүлэх, хэсэг бүлгийн бус нийтийн сайн сайхны төлөө хүн төвтэй улс төрийн бодлогын зохистой шийдлүүдийг гарган хэрэгжүүлэх нь ардчилсан дэвшилтэт үзэлтэй улс төрийн хүчнүүдийн түүхэн үүрэг болоод байна. Манай хоёр нам хүнээ дээдэлсэн зүүн төвийн улс төрийн бодлоготой намуудын хувьд эвийг эрхэмлэн, хүчээ нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах, хамтран ажиллах зорилгоор харилцан тохиролцож хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна. Түүнчлэн нам тус бүрийн эрх бүхий байгууллагаас холбогдох улс төрийн шийдвэрээ гаргасан тохиолдолд 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцох боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button