Улс төрийн мэдээ

Ц.Сандаг-Очир: COP17-оос ₮5 их наядын хөрөнгө оруулалтын амлалтыг авч чадлаа

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17-ын бодит үр дүн, санхүүжилттэй холбоотой мэдээллийг өглөө.

Ингэхдээ "Монгол Улс тус хуралдаанд зөвхөн зохион байгуулагчийн байр сууринаас оролцоогүй. Бид 23 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээний багаа тусгайлан бэлтгэж, оролцсон. Хурлын хугацаанд нийтдээ 34 шийдвэрийг хэлэлцэн батлах үйл явцад энэ баг маань амжилттай оролцсон байна.

Гангийн асуудал, Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, Конвенцын 2030 оноос хойших стратеги, санхүүжилтийн гэрээ зэрэг олон жил хэлэлцэгдэж ирсэн улс орнуудын байр суурь ихээхэн зөрүүтэй байсныг онцлон хэлье. Даргалагч орны хувьд энэ олон байр сууриудыг зөвшилцүүлэх, нэгтгэх, эвлэрүүлэх тал дээр анхаарч ажилласан.

Хэлэлцээрийг дараагийн шатанд үргэлжлүүлэх суурь баримт бичгүүдийг хадгалж чадсан. Хуралдааны үеэр жендер, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн асуудлыг ярихгүй гэх байр суурьтай улсууд ч байсан. COP17-оор энэ асуудлуудыг хэлэлцсэн, цаашид 18-р хурлаар ч үүнийг хэлэлцэхээр шийдсэн.

Улаанбаатарын тунхаглал болон Монгол Улсын дэвшүүлсэн тал хээрийн төлөвлөгөөг талууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар дэмжүүлсэн нь COP17-ын бас нэг үр дүн гэж харж болно. Дэлхийн нийт газар нутгийн 54 хувийг бэлчээр эзэлдэг. Тиймээс бид газрын доройтол, тэр дундаа бэлчээрийн асуудлыг хөндөж, тал хээрийн төлөвлөгөөг 196 улсаар дэмжүүлж чадсан нь том үр дүн.

Мөн дэлхийн малчдын чуулганаас залуу малчдын болон эмэгтэй малчдын тунхаглалыг баталж, олон улсын бодлогод тусгах суурийг бүрдүүллээ.

Хоёр. Санхүүжилттэй холбоотой асуудал

Дэлхийн хэмжээнд газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 355 тэрбум доллар шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байдаг. Гэтэл жилдээ 77 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Энэ нь хангалтгүй байгаа бөгөөд цаашид бэлчээрийн доройтол, гангийн асуудалд төр, хувийн хэвшлийн түншлэл бий болгож, хөрөнгө төвлөрүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байна гэж үзсэн.

Хурлын үеэр дэлхий нийтийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлд нийт 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан. Үүний томоохон хэсэг тал хээрийн бэлчээрийн тэргүүлэх чиглэлд буюу Монголын санаачилга багтлаа.

Энэ хүрээнд 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд бэлчээрийн чиглэлээр бий болсон томоохон хөрөнгө оруулалтын талбар юм. Мөн COP17-ын үеэр ганд тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын механизм нээлтээ хийлээ. Үүний гол санаа гал гачиг тохиолдсоны дараа хохирлыг нөхөх бус болохоос нь өмнө эрсдэлийг бууруулах төсөлд хөрөнгө оруулах механизм.

Усны нөөц, газар, хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд нийт 400 сая долларыг татах чиглэл тавьсан. Улмаар газрын нөхөн сэргээлт, тэр дундаа бэлчээрийн нөхөн сэргээлтийн төслүүдийг санхүүжүүлэх 1.3 тэрбум ам.долларын багцыг 23 улсад хэрэгжүүлэхээр болсон.

Мөн Азийн хөгжлийн банк болон түншүүдийн газрын доройтол, цөлжилтийг сааруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын сангийн санаачилгыг Ази, номхон далайн бүс нутагт хэрэгжүүлэхээр зарласан бөгөөд 2030 он хүртэл 2 тэрбум ам.доллароос доошгүй санхүүжилтийг бүрдүүлэх санаачилгыг COP17-оос дэвшүүллээ.

Монгол Улсад шууд хамаарах хөрөнгө оруулалтыг танилцуулъя.

COP17-ын хугацаанд ногоон төсөл хөтөлбөрийн хүрээнд байгуулсан болон зарласан гэрээ, байгуулсан санамж бичиг, санхүүжилтийн амлалтыг нэгтгэвэл манай Улсад 1.4 тэрбум ам.доллар буюу 5 их наяд төгрөгийн амлалтыг авч чадлаа. Үүнд:

  • Европын хөрөнгө оруулалтын банкны тогтвортой ойн аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн 200 сая евро хүртэлх хөтөлбөр.
  • Дэлхийн банкны газрын нэгдсэн менежментийн 100 сая ам.долларын хөтөлбөр
  • Монголын ногоон санхүүгийн корпорац, Хаан банкны 50 сая ам.долларын бодит санхүүжүүлэлт.

Үүнээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон байгууламжийн 400 сая ам.долларын хамтын ажиллагааны боломжууд энэ хүрээнд багтлаа. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан тооцоолол, өгөгдөл хадгалалт, боловсруулалтын дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний үр ашигтай дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилго бүхий 863 мВт хүчин чадалтай ногоон дата төв байгуулах саналыг COP17-ын үеэр гэрээ байгуулж үзэглэлээ.

Энэхүү төсөл нь сэргээгдэх болон нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, Монгол Улсын дижитал шилжилтийн суурийг бэхжүүлэх, олон улсын технологийн хөрөнгө оруулалтыг татах өндөр ур чадвартай ажлын байрыг бий болгоход зорилго нь оршиж байгаа юм. Энэхүү амлалт, санамж бичгийн үр дүн шууд өнөөдөр гарна гэж ойлгож болохгүй. Урт, дунд хугацаанд хэрэгжинэ.

Хурлын оролцоо, ирц урьд байгаагүй өндөр байсан гэж дүгнэж байна. Нийтдээ 20 мянга гаруй зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод чууллаа, цэнхэр бүсэд. 11 мянга гаруй дэлхийн 198 улсын зочид төлөөлөгч байлаа. Үлдсэн 9 мянга нь манай Монголын төлөөлөгчид байлаа.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button