Трампын захиргаа 300 мянган виз цуцалжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа 2025 оноос хойш 300 мянга гаруй виз цуцалсан гэж тус улсын Төрийн департамент мягмар гарагт /2026.10.20/ мэдэгдсэн байна. Трамп 2025 онд ажлаа хүлээн авснаасаа хойш хууль бус цагаачлалын эсрэг арга хэмжээ авч, визний бодлогоо чангатгасан.
Сүүлийн саруудад АНУ-ын цуцалж буй визний тоо хэмжээ эрс нэмэгдсэн бололтой. Учир нь Төрийн департамент наймдугаар сарын 10-нд гаргасан мэдээллээрээ цуцалсан визний тоог 175 мянга орчим хүрсэн гэсэн юм. Трамп өөрийнхөө хэрэгжүүлж буй хууль бус цагаачлалын эсрэг бодлогыг дотоодын аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэж мэдэгддэг.
Виз цуцалж байгаагаас гадна Трампын захиргаа цагаачлал болон визний хүсэлт гаргаж буй хүмүүсийн сошиал хаягуудыг нягт шалгах болсон. Мөн тодорхой визийн төлбөр болон барьцаа мөнгийг нэмсэн билээ.
Тодруулбал Төрийн департамент визний барьцааны хөтөлбөрийг долоодугаар сарын 31-нд байнгын бодлого болгосон юм. Үүний үр дүнд Монгол Улс зэрэг нийт 50 улсын иргэд АНУ-ын виз мэдүүлэхдээ 20 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах шаардлагатай болсон.
Энэхүү журам нь бизнес болон аялал жуулчлалын зорилгоор олгодог B1, B2 ангиллын визэнд хамаарна. Төрийн департамент тухайн үед гаргасан мэдэгдэлдээ "Консулын ажилтан шаардлагатай гэж үзвэл хамрагдах улсын цагаачлалын бус виз мэдүүлэгчээс виз олгох нөхцөл болгон 20 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулахыг шаардаж болно" гэсэн юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.