Ц.Сандаг-Очир: Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын 2100 ажилтны үндсэн цалин ирэх сараас 50 хувиар нэмэгдэнэ

Засгийн газрын өнөөдрийн (2026.10.21) хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өгөв. Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймрийн дараах нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд Ойн тухай хуулийн дагуу 30 хоногт багтаан хохирлыг тогтоохоор хамтарсан ажлын хэсэг ажиллаж буйг хэллээ. Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлыг зөвхөн шатсан газар нутгийн талбайн хэмжээгээр тооцохгүй, тухайн бүс нутгийн ан амьтан, ургамал, хөрс, агаар орчин бүгдийг хамруулан авч үзэх гэнэ.
Монгол Улсын зүүн хил буюу Нөмрөгийн дархан цаазат газрын хил дагуух 188 км урт хилийн зурвас торон саадгүй байгаагийн улмаас түймрийн үеэр цөөнгүй ан амьтад хил давсан тул хилийн тор татах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагалдах журмыг баталсан талаар мэдээлэл өгсөн юм.
Баавгайтай холбоотой УОК-ыг түшиглэн байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллээр 50 орчим баавгайг устгасан бөгөөд сүүлийн өдрүүдэд энэ талын дуудлага мэдээлэл буурч байгаа гэнэ. Баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх үед аюулыг бууруулах үүднээс унтуулгын буу, сум, хэрэгсэл авахаар БОУАӨЯ-наас дөрвөн багц тендер зарлаж, хоёр нь сонгон шалгаруулалтаа хийсэн бол хоёр дээр нь оролцогч байгаагүй гэдгийг салбарын сайд хэллээ. Хэдийгээр цаг агаар хүйтэрч баавгай ичих цаг нь болсон ч зарим баавгай ичихгүй байгаа тул аюул бүрэн арилаагүйг анхааруулав.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан төсвийн тодотголоор Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын 2100 орчим үйлчилгээний ажилтан, алба хаагчдын үндсэн цалин ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдэх болсныг Ц.Сандаг-Очир сайд дуулгалаа.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагалдах журмыг баталсан бөгөөд ингэснээр Засгийн газрын "Чөлөөлье" аяны хүрээнд аж ахуйн нэгжүүдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх үүднээс эрсдэл багатай байгаль орчны төслүүдэд үнэлгээ хийхгүй, дунд зэргийн эрсдэлтэй төслүүдэд тухайн орон нутаг зөвшөөрөл олгохоор болжээ.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.