УЛС ТӨРУлс төрийн мэдээ

У.Хүрэлсүх өөрийнхөө томилсон хуулийн томчуудаар шалгуулж таарах нь

У.Хүрэлсүх Төрийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, хууль хяналтын байгууллагынханд шалгуулж, нэр төрөө сэргээнэ гэв. Түүнийг огцруулах эсэхийг УИХ шийднэ. Хэрэв огцорвол дөрвөн сарын дараа сонгууль болно, УИХ-ын дарга энэ хугацаанд бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх юм.

Түүнийг ажлаа өгөхийг мэдэгдсэний дараа "Бодь"-иос авлига авсан гэх агуулгад нэр дурдагдсан хүмүүс ажлаа өгч эхлэв. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар ажлаа өгөхөө мэдэгдсэн юм. Тэгвэл тэднийг шалгах хуулийн байгууллагынхны томчуудыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилсон байна.

Ерөнхий сайд байхдаа хийсэн томилгоонууд |2017–2021|

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа: Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшүүлж, Улсын Их Хурал /2019.05.02/-нд түүнийг зургаан жилийн хугацаагаар томилсон. Анхны бүрэн эрх нь дуусахад түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахин нэр дэвшүүлжээ. Улсын Их Хурал /2025.04.03/-нд улируулан томилсноор бүрэн эрх нь 2031 оны дөрөвдүгээр сард дуусна.

Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар /2020.08.12/-нд түүнийг Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилсон. Гурван долоо хоногийн дараа буюу /2020.09.02/-нд Д.Гэрэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Одонбаатар даргаар нь томилогджээ. Бүрэн эрх нь өнгөрсөн есдүгээр сард дууссан ч үргэлжлүүлэн ажилласаар буй.

Ерөнхийлөгч болсноос хойших томилгоонууд |2021-2026|

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Ерөнхийлөгч /2023.12.28/-нд Ж.Энхбаярыг чөлөөлж, түүний оронд А.Бямбажаргалыг зарлигаар томилсон. А.Бямбажаргал 2021–2023 онд Ерөнхийлөгчийн хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байв.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба: Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөөд /2022.11.03/-нд түүнийг Д.Ганзоригийн оронд томилсон. Тухайн үед С.Ганбямба бригадын генерал цолтой, Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга байлаа. Дэслэгч генерал цолыг 2025 оны долдугаар сард хүртжээ.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Түүнийг анх 2019 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга томилсон. Зургаан жилийн бүрэн эрх нь дуусахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг улируулан томилох санал гаргасан. Б.Жаргалсайханы бүрэн эрх 2031 оны дөрөвдүгээр сард дуусна.

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Ерөнхийлөгч /2025.12.22/-нд зарлиг гаргаж, М.Чинбатыг улируулан томилжээ. Бүрэн эрх нь 2031 оны арванхоёрдугаар сард дуусна.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогт: Ерөнхийлөгч /2026.06.15/-ны 85 дугаар зарлигаараа түүнийг Д.Ганзоригийн оронд томилсон. Шүүхийн тухай хуулиар Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар томилдог тул Ц.Цогтын бүрэн эрх 2032 оны зургадугаар сард дуусна.

Улсын дээд шүүхийн шүүгчид

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын дээд шүүхэд долоон шүүгч томилсон. Тэдний томилогдсон өдөр, зарлигийн дугаар:

Д.Батбаатар - |2022.07.08|-ны 145 дугаар зарлиг
М.Пүрэвсүрэн - |2022.12.23|-ны 238 дугаар зарлиг
Н.Батзориг, Н.Батчимэг - |2023.10.17|-ны 128 дугаар зарлиг
Ц.Оч - |2025.08.04|-ний 129 дүгээр зарлиг
Э.Золзаяа - |2025.08.04|-ний 130 дугаар зарлиг
Т.Өсөхбаяр - |2026.06.02|-ны 80 дугаар зарлиг

Шүүхийн тухай хуулиар шүүгчийг хугацаагүй томилдог. Шүүгч тэтгэврийн насны дээд хязгаарт хүрэхэд бүрэн эрх нь дуусгавар болно. Тиймээс эдгээр шүүгчийн бүрэн эрх дуусах он тус бүрийн наснаас хамаарна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүд

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч санал болгож, Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. Одоо энэ гурван суудалд ажиллаж буй гишүүдийг бүгдийг нь У.Хүрэлсүх санал болгосон.

Э.Энхтуяаг |2023.11.06|-ны өдөр томилсон. Түүний бүрэн эрх 2029 оны арваннэгдүгээр сард дуусна.

Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг |2024.05.30|-нд Г.Түүлхүү, Б.Буяндэлгэр нарын оронд томилжээ. Р.Батрагчаа тус өдрийн 52 дугаар тогтоолоор томилогдсон. Хоёр гишүүний бүрэн эрх 2030 оны тавдугаар сард дуусна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button