Дональд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин нарын түүхэн уулзалтаас юу хүлээх вэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) хурлаар анх удаа гурван талт уулзалт хийхээр болсон.
Цагаан ордны мэдээлснээр, удирдагчид цөмийн зэвсгийн тархалтыг хязгаарлах асуудлыг гол сэдэв болгон хэлэлцэх юм. Энэхүү түүхэн уулзалт олон улсад геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, Украины дайн, Ираны дайн, АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаан үргэлжилж буй үед болох гэж байна.
Британийн Ланкастерын их сургуулийн олон улсын улс төр судлаач, профессор Саймон Мабон уулзалтын талаар “Трампын хүртэй мэдэгдэл, пи арын шинжтэй зураг авалтууд явагдах байх. Гэхдээ энэ гурван улс хамтдаа, тус тусдаа ч Иран болон Украины дайныг зогсоож чадахгүй” гэжээ. Тэгвэл гурван улсын удирдагчдын түүхэн уулзалтаас ямар хүлээлт үүсээд байгааг харцгаая.
Цөмийн зэвсгийн шинэ гэрээ
АНУ, ОХУ-ын хувьд хэлэлцэх гол асуудлын нэг нь хоёр улсын стратегийн цөмийн зэвсгийн нөөцийг хязгаарлах зорилготой “New START” гэрээ юм. 2010 онд байгуулсан уг гэрээ энэ оны хоёрдугаар сард дууссан. Дэлхий дээр хамгийн их цөмийн цэнэгт хошуутай улс бол ОХУ, дараа нь АНУ ордог. Харин БНХАУ цөмийн зэвсгийн нөөцөө эрчимтэй нэмэгдүүлж байгаа юм.
“New START” эрээний хугацааг сунгах саналыг ОХУ тавьсныг Трамп хүлээн авахаас татгалзаж, оронд нь БНХАУ-ыг багтаасан шинэ, орчин үеийн хэлэлцээ байгуулахыг шаарджээ. Тухайн үед БНХАУ мэдэгдэхдээ, өөрсдөө оролцож боловсруулаагүй гэрээнд нэгдэх сонирхолгүй гэсэн байдаг.
Трампын захиргааны өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ, цөмийн зэвсгийн асуудал уулзалтын гол сэдвүүдийн нэг байх боловч ямар нэгэн тохиролцоонд хүрнэ гэж хүлээхгүй байгаа хэмээсэн юм.

Ираны дайн ба эрчим хүчний зах зээл
Удирдагч нар Ираны дайны талаар ч мөн хэлэлцэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар агаарын цохилтууд зогссон ч дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа юм. Дайн эхлэхээс өмнө БНХАУ-ын газрын тосны импортын гуравны нэг нь Ормузын хоолойгоор дамжин ирдэг байв. Мөн Ираны дайн БНХАУ-ын экспортын эрэлтэд сөргөөр нөлөөлж байна.
Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас үүссэн нийлүүлэлтийн хомсдолоос, ОХУ ашиг хүртэж байгаа юм. Мөн Вашингтон дизель түлшний үнийг бууруулахын тулд Москвагийн эсрэг хэрэгжүүлж байсан зарим хоригийг зөөлрүүлсэн.
Харин Украины дайныг Шэньжэний уулзалтаар хэлэлцэх магадлал бага байна. Вашингтоны албан тушаалтны мэдээлснээр, АНУ энхийн хэлэлцээг тусдаа сувгаар үргэлжлүүлж байгаа учир Трамп энэ сэдвийг хөндөхгүй аж.
Мөн АНУ-ын нэгэн албан тушаалтан “БНХАУ энхийн хэлэлцээний энэ үйл явцад шууд оролцдоггүй. Тиймээс гурван талт уулзалтаар Украины асуудлыг хэлэлцэх нь зохимжгүй” гэжээ. Москвагийн холбоотон Бээжин ч Украины дайныг Европын асуудал гэх байр суурь илэрхийлсэн.
АНУ, БНХАУ-ын худалдаа, технологийн өрсөлдөөн
Худалдааны дайн болон хиймэл оюун ухаан хөгжүүлэх чипийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хянах өрсөлдөөн Вашингтон, Бээжингийн харилцааг хурцатгаж байгаа.
Өнгөрсөн жил Трамп БНХАУ-ын бараанд ногдуулах татварыг 145 хувьд хүргэсэн алхам хийж байсан. БНХАУ үүний хариуд АНУ-ын бараанд тавих импортын татварыг 125 хувь болгосон юм. Үүний дараа Бээжин дэвшилтэт чип болон бусад чухал технологийн үйлдвэрлэлд шаардлагатай газрын ховор металлын экспортод хязгаарлалт тавьж, зөрчил улам хурцадсан.

Ямартай ч Трамп, Ши Жиньпин нар Өмнөд Солонгос болон Вашингтонд уулзсаны дараа хоёр улс гаалийн татвараа бууруулж, хэд хэдэн тохиролцоонд хүрсэн. Гэхдээ тэдгээр тохиролцоо тодорхой хугацаатай, түр зуурын шийдэл учир талууд бүрэн зөвшилцөлд хүрэх хэлэлцээ хийх шаардлагатай байгаа юм.
Уулзалтаас улс орнууд юу хүлээж байна вэ?
АНУ
Трампын гол зорилго нь цөмийн зэвсгийг хязгаарлах шинэ гэрээнд БНХАУ, ОХУ-ыг оруулах гэж Цагаан ордон мэдээлсэн. Мөн Иран АНУ-ын шаардлагад буулт хийхээс татгалзаж буй энэ үед Трамп гурван талт уулзалтыг улсынхаа дипломат амжилт болгон харуулахыг эрмэлзэж магадгүй. Тэрбээр Ши Жиньпин, Путин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зэрэг хүчтэй удирдагч гэгддэг хүмүүстэй ойр харилцаа тогтоохыг эрмэлздэг. Энэ хүрээлэл дэх нөлөөгөө харуулах нь түүнд чухал гэж шинжээчид үзэж байна.
Профессор Саймон Мабоны хэлэхдээ “Энэ уулзалт энх тайвны төлөөх дипломат ажиллагаанаас илүүтэй Дональд Трамп өөрийгөө дэлхийн хэмжээний төрийн зүтгэлтэн болгон харуулах зорилготой арга хэмжээ болох магадлалтай” гэжээ.
ОХУ
Шинжээчдийн үзэж байгаагаар, Путин энэ уулзалтыг олон улсын тавцанд өөрийн нөлөөг харуулах, Украины дайны асуудлыг түр хойш тавих боломж болгон ашиглахыг зорьж байгаа аж.
Москвад төвтэй улс төр судлаач Александр Братерский “Al Jazeera” агентлагт хэлэхдээ, уулзалт Путинийг бусад хоёр удирдагчтай эн тэнцүү байр суурьтай гэж харагдуулж, дотоодод улс төрийн оноо авчирна гэжээ.
БНХАУ
Бээжингийн хувьд Ираны дайныг зогсоох нь гол зорилго. Учир нь мөргөлдөөн БНХАУ-ын эрчим хүчний нийлүүлэлтэд шууд нөлөөлж байгаа. Цөмийн зэвсгийн тохиролцооны хувьд Бээжинд өөрсдөө оролцож байгуулаагүй гэрээнд нэгдэх сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн сард тус улсын Гадаад хэргийн яам “Энэ шатанд БНХАУ-ыг гурван талт цөмийн зэвсгийг бууруулах хэлэлцээнд нэгдэхийг шаардах нь шударга бус, үндэслэлгүйгээс гадна бодит байдалд нийцэхгүй” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera, Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.