ХУУЛЬ

ХЭРЭГ: “Ирээдүйн ган зам” ХХК ажлын талбарт нас барсан жолоочийнхоо үхэлд хариуцлага хүлээхээс ТАТГАЛЗЖЭЭ

Бид өнгөрсөн долоо хоногт Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож явсан, туслан гүйцэтгэгч компанийн жолооч осолдож харамсалтайгаар амь насаа алдсан тухай мэдээлсэн. Тухайн нийтлэл цацагдсаны дараа манай редакцтай иргэн Э.Болортуяа холбогдож, төрсөн дүүгийнхээ үхлийн талаар хандсан юм.

Учир нь түүний төрсөн дүү ч мөн өнгөрсөн жилийн аравдугаар сард тус төмөр замын бүтээн байгуулалтын үеэр автомашиндаа дарагдаж амь насаа алджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” дээрх комиссын дүгнэлтэд талийгаач Э.Х-гийн нас барсан хэргийг “Үйлдвэрлэлийн осол” хэмээн бүртгэсэн аж. Хэдий тийм ч талийгаачийн нас барахаасаа өмнө ажиллаж байсан “Ирээдүйн Ган Зам” ХХК нь өнөөг хүртэл талийгаачийн ар гэрт ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН ТЭТГЭМЖ ОЛГООГҮЙ байна.

-ТАЛИЙГААЧИЙН НАС БАРСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСНЫГ ДАХИН СЭРГЭЭСЭН-

Түүнчлэн шалгагдаж байсан эл хэрэг хэрэгсэхгүй болсон байсныг ар гэрийнх нь хүсэлтээр дахин сэргээж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Энэ тухай талийгаачийн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж буй н.Дэлгэрнямаас тодруулахад

“Талийгаач Э.Х-гийн нас барсан хэргийг хэрэгсэхгүй болгосон байсныг аймгийн прокурорт нь гомдол гаргаад дахин сэргээсэн байгаа. Одоо хэрэг бүртгэлийн хэргийг нээгээд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа” хэмээх хариултыг өгсөн юм.

“Ирээдүйн Ган Зам” ХХК өнөөг хүртэл талийгаачийн ар гэрээс уучлалт гуйгаагүй бөгөөд ямар нэг хариуцлага хүлээхгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр буйд түүний эгч Э.Болортуяа гомдолтой байгаа гэнэ. Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс албан баримтад хавсаргасан компанийн утас руу залгасан боловч “орох ярианы эрх нь хаагдсан” байлаа. Мөн компанийнх нь хаягаар очиход тухайн байршилд байгаагүй юм. Эл харамсалтай хэргийг эргэн сануулбал:

Өнгөрөгч оны аравдугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн бүтээн байгуулалтын үеэр “Ирээдүйн Ган Зам” ХХК-д жолоочоор ажиллаж байсан Э.Х нь Норд Бенз маркийн ачааны автомашиндаа засвар үйлчилгээ хийж байгаад дарагдаж харамсалтайгаар амь эрсэдсэн байна. Талийгаач Э.Х нь тухайн компанид 2019 оны наймдугаар сарын 17-ны өдөр гурван сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээгээр, автомашины жолоочоор ажиллаж байжээ. Тухайн өдрөөс хойш нэг сар, 28 хоногийн дараа эл харамсалтай осол гарсан байна. Ослын маргааш буюу 2019.10.16-ны өдрийн өглөөний 08.00 цагт хэргийн газарт үзлэг хийсэн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн хийсэн шинжээчийн анхны дүгнэлтэд:

-ОСЛЫН ТАЛБАЙ НЭЛЭНХИЙДЭЭ ЦУС МЭТ УЛААН ХҮРЭН ӨНГИЙН ЗҮЙЛЭЭР БОХИРЛОГДСОН БАЙСАН-

“Уг осол болсон гэх газар нь засварын талбайн зүүн хойд хэсэгт байв. Үзлэгийг үргэлжлүүлэн тус талбайд хийв. Ослын талбайд саарал өнгийн биеийн тамирын өмд, суудал хэсгээрээ урагдсан , нэлэнхийдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, нэг хос шар өнгийн гутал, тариа, бент, эмнэлгийн тарианы уут зэрэг зүйлс эмх замбараагүй байлаа. 70×20 см зайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл газар шингэсэн байдалтай байв.

Осол гаргасан гэх Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл нь баруун хойш харсан байдалтай, тээврийн хэрэгслийн салхины шил нь жолоочийн тал хэсэгт хэсэгчилж хагарсан, жолоочийн талын гупер нь цааш цөмөрч хэлбэр дүрсээ алдсан, гэрэл, дохио хагарсан, жолоочийн талын хоёр дугуйн гадна хэсэгт нь шүргэсэн мэт зулгарсан байдалтай байлаа. Автомашины кабин дотор талд үзлэг хийхээр жолоочийн талын хаалгыг татахад хаалга онгойхгүй байлаа. Үзлэгийн жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож үзлэг хийв. Кабин дотор цэнхэр саарал өнгө бүхий “Ирээдүйн ган зам” гэсэн бичигтэй, цахилгаантай цамц байв. Уг тээврийн хэрэгслийн хянахын гэрэл асаалттай, түлхүүр түлхээтэй байлаа. Автомашины түлхүүрийг тулгаж түлхэж үзэхэд, автомашины стартер нь ажиллахгүй байв. Үзлэгийг 09.14 минутанд дуусгав. Шинжээч үзлэгийн явцад 37 кадр зураг бэхжүүлэн авав. Хөндлөнгийн гэрч байхгүй тул бичлэг хийв” гэсэн байна.

-“ИРЭЭДҮЙН ГАН ЗАМ” ХХК ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙ-

2019 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр хийсэн шинжээч Д.Батхуягийн дүгнэлтээр осолдогч Э.Х нь улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинд засвар үйлчилгээ хийж байгаад дайруулж нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн осол, хурц хордогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалт, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд өртсөн тул үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтооно” гэсэн заалтад хамаарах тул үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэж байна. гэжээ. Мөн ажил олгогч буюу “Ирээдүйн ган зам” ХХК нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28-р зүйлийн 28.1.3, мөн 28.1.4, 28.1.6, 28.1.7 28.1.8 заалтуудыг зөрчсөн болох нь илэрчээ.

Түүнчлэн Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно хэмээх заалтыг зөрчиж, осолдогч Э.Х-тэй хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан учир хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ажлын байрны тодорхойлолт боловсруулаагүй байжээ.

-“ИРЭЭДҮЙН ГАН ЗАМ” ХХК ТАЛИЙГААЧИЙГ НАС БАРСНЫ ДАРАА Ч НИЙГМИЙН ДААТГАЛЫГ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТӨЛЖ БАЙЖЭЭ-

Бид талийгаачийн төрсөн эгч Э.Болортуяатай товчхон ярилцсан юм. Учир нь тэрбээр амаржаад удаагүй, бие нь сайн тэнхрээгүй байсан тул удаан чилээхийг хүссэнгүй.

-Та манай уншигчдад энэ харамсалтай хэрэг гарснаас өнөөг хүртэлх болсон процессыг базаад товчхон хэлвэл?

-Дүү минь өнгөрсөн жилийн аравдугаар сарын 15-нд нас барсан. Түүнээс хойш “Ирээдүйн Ган Зам” ХХК таг чимээгүй байсаар байсан тул би арваннэгдүгээр сард өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчтэйгээ холбоотой байж байгаад арванхоёрдугаар сарын 13-нд анхны шинжээч очсон байгаа. Түүнээс хойш 7 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гараад бидэнд танилцуулсан. Дүгнэлтэнд зуны түлштэй машиныг арванхоёрдугаар сарын хүйтэнд 1 цаг 30 минутанд асаагаад оношлоход, машин асуудалгүй ажиллаж байна гэсэн. Тиймээс бид энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Ингээд хоёрдугаар сард би өөрөө Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу ослын газарт хоёр шинжээч аваад очсон. Тэгтэл зуны түлш нь солигдоод өвлийн түлш болчихсон байсан. Ингээд үүнийгээ хоёр цаг хэртээ галлаж байгаад асаасан. Тэгэхэд аль хэзээний солих юмаа сольчихсон байгаа байхгүй юу. Учир нь манай талаас ямар ч хяналт байгаагүй болохоор тэр.

Тийм болохоор ахиад л машин асуудалгүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан. Хамгийн сонирхолтой нь хүн нас барчихаад байхад, эхний мөрдөн байцаагч дээрээ намайг нэг ч удаа дуудаж байцаалт аваагүй. Тэгээд хот руу буцахад буюу хоёрдугаар сарын 16-нд нэг удаа очиж байцаалт өгсөн. Түүнээс хойш намайг дуудаагүй. Уг нь хохирогчийн талаас байцаалт өгөх ёстой биз дээ. Тэгэхэд дуудаагүй. Ингээд гуравдугаар сарын 25-нд хэрэг прокурорт шилжээд, хэрэгсэхгүй болгоод хаагдлаа гэж хэлсэн. Хэрэг хаагдсанаас 7 хоногийн дотор гомдол гаргаад хэргийг буцаад нээх эрхтэй байдаг юм байна. Ингээд би өмгөөлөгчөөрөө гомдол бичүүлсний дараа эргээд мөрдөн байцаалт руу шилжиж байгаа юм. Би прокуророос нь яагаад хэргийг хааж байгаа юм бэ гэж асуухад, ямар нэгэн гэмт хэргийн чанаргүй гэж хэлсэн. Мэдээж тухайн хүнийг хүн түлхээд машин доогуур оруулаагүй болохоор гэмт хэргийн чанаргүй байх л даа.

-ТАЛИЙГААЧ ДҮҮ МИНЬ ЗУРГААН НАСТАЙ ХҮҮТЭЙ БАЙСАН-

Талийгаач гэр бүлтэй байсан уу. Хүүгээ алдсан болохоор ижий аавд нь хүндээр туссан байх даа?

Тэгэлгүй яахав. Аав, ээж маань 60 гарсан хөгшчүүд бий. Аав маань хоёр суга таягтай, хөгжлийн бэрхшээлтэй хүн. Харин ээж маань зүрхний хүнд өвчтэй, байнгын асаргаанд байдаг.

Дүү маань гэрлэсэн ч эхнэрээсээ салсан байсан. 6 настай нэг хүүтэй. Эх нь 5 сартай нялх байхад нь над дээр үлдээгээд явсан. Түүнээс хойш нэг ч удаа хүүхдээ гээд эргэж ирээгүй. Би 5 нас хүртэл нь өсгөж өгөөд, эрхгүй нялх биетэй дээр нь аав ээжийгээ ганцаараа харгалзах ёстой байсан, бас хүүгийн сургуульд орох нас нь ойртсон тул хүндрэл учраад эхэд нь өгсөн.

-Нууц биш бол гэр бүлийн тань орлогын эх үүсвэр юу вэ?

-Талийгаач дүү, нөхөр хоёр маань энэ гэр бүлийг авч явдаг байсан. Би сая 5 дахь хүүхдээ төрүүлсэн. Тиймээс нөхрийн орлого гэр бүлдээ л хүрэлцдэг. Харин талийгаач дүүгийн маань цалин аав ээжид маань их нэмэртэй байсан.

-“Ирээдүйн Ган Зам” ХХК-д ажиллаж байх гурван сарын хугацаанд тухайн компани талийгаач дүүд тань цалинг нь тасалдалгүй өгч байсан уу?

-Гуравдугаар сард дүүгийнхээ нийгмийн даатгалын хуулгыг харж байж мэдсэн. Тэгэхэд гурван сараар цалингаа авсан байсан. Нас барсных нь дараа сүүлийн цалинг над руу 900 гаруй мянгыг шилжүүлсэн. Эхны сард 1 сая 200 мянга орчим, дараагийн сард 800 мянга, сүүлийн сард 900 гаруй мянгыг авсан байсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь нас барсных нь дараа арваннэгдүгээр сард НДШ-ийг нь төлчихсөн байсан. Би тэрийг нь ч мэдээгүй байсан. Тэгээд би манай дүүгийн өмнөөс НДШ төлсөн байна. Би нийгмийн даатгалын дэвтрийг нь авмаар байна гээд оффис дээр нь очсон чинь, наад дэвтрээрээ яах гээд байгаа юм гээд өгөөгүй.

-Тухайн компанид ажилд орохоосоо өмнө судалсан байсан уу. Байгуулагдаад хэр удсан, хичнээн жил болж байгаа гэх мэт?

-Тэрийг нь бол эгч нь сайн мэдэхгүй. Том тэрэг бариад сурчихсан байсан учир хөдөө гадаа их явдаг байсан. Тэгээд л зарын дагуу том тэрэг барих жолооч авна гэдэг зарын дагуу очиж уулзаад, ажилд орсон юм билээ.

-Талийгчийн хувьд том тэрэг бариад хэдэн жил болж байгаа вэ. Шинжээчийн дүгнэлтэд автомашиныг зориулалтын биш асаасан, аюулгүй байдлыг хангаагүйгээс нас барсан гэх дүгнэлт гарсан байсан шүү дээ?

-Дүүгийн маань хувьд том тэрэг бариад тасралтгүй 5 жил болсон. Тиймээс мэдэхгүй байна гэж үгүй. Нөхөр маань ч гэсэн том тэрэг барьдаг. Би хүртэл энэ олон жил тэднийг хөндлөнгөөс нь харсаар багагүй зүйлийг мэдэж авсан. Тэгэхээр энд миний мэдэхгүй ямар нэг шударга бус зүйл болоод байгаа гэж би бодож байна.

-Талийгч дүүгийн тань хувьд хорт зуршилтай байсан уу?

-Яахав, залуу хүн учраас хааяа нэг найзуудтайгаа дарвих үе байлгүй яахав. Гэхдээ дүү минь хэзээ ч ажлаа хийж байхдаа, ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэхгүй. Тэглээ ч осол болох үе өглөө эрт байсан. Шинжээчдийн дүгнэлт нь ч мөн гарсан.

Ярилцлагын төгсгөлд та юу хэлэхийг хүсэж байна вэ. Магадгүй бидний ярилцаагүй үлдсэн зүйл байж магадгүй юм.

-Дөнгөж 30 нас хүрч байсан цэл залуухан, газар дээрх ганц дүүгээ алдсандаа харамсалтай байна. Хууль хүчний байгууллага нь дүүгийн минь үхлийг бүү үнэгүйдүүлээсэй, зөв шударгаар шийдэж өгөөсэй л гэж хүсэж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button