УЛС ТӨР

БАЙР СУУРЬ: “76-г 108 болгох” саналыг УИХ-ын гишүүд дэмжих үү

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын  санал олны анхаарлыг татаад буй. Тэрбээр УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож нэмэх, бүрэн эрхийн хугацааг 5 жил болгож сунгах тухай саналыг хүргүүлээд байгаа юм.

Ерөнхийлөгчийн хүргүүлсэн уг саналын талаар гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

 Д.ДАМБА-ОЧИР: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 108 БОЛГОЖ НЭМЭХ НЬ ЗӨВ

-УИХ-ын 76 гишүүн гэдэг нь хоёр сая хүн амтай, 1992 оны үед тогтоосон тоо. 108 болгоно гэвэл дэмжих ёстой. Зөв гэж би бодож байгаа. Гэхдээ ард иргэд яаж хүлээж авах юм, мэдэхгүй. 76 гэж муулж байгаа хүмүүс, дахиад 108 болж нэмэгдэх нь гэж ярина. Сонгуулийн хувьд 50 хувь пропорциональ, 50 хувь иргэдийн шууд сонголтоор явагдана гэсэн. Уг нь бол засаг төр тогтвортой байя гэвэл пропорциональ буюу намын жагсаалтаар сонгогддог зарчим нь зүйтэй юм.

Гишүүдийн тоо 108 болвол ИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэнэ, хууль баталдаг гишүүдийн тоо нэмэгдэнэ, ирц нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө давхар дээлтэй, дан дээлтэй гэж ярьдаг асуудлууд бүгд байхгүй болно. Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа саналыг дэмжиж байгаа, гэхдээ ард иргэд хэр зэрэг хүлээж авахыг олон талаас нь харгалзаж үзэх хэрэгтэй байх. Ерөнхийлөгч саналаа оруулж ирэх бүрэн эрхтэй ч, арай эрт үүнийгээ хийсэн бол дээр байж гэж бодож байгаа.

Б.ПҮРЭВДОРЖ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖИХГҮЙ

-Нэгт, сонгуулийн хууль тогтолцоог өөрчлөх зорилго агуулж байгаа. Ингэснээр олон жил буг болсон нөхдүүд дахиад УИХ-д суух боломжийг өөрсөддөө авна. Хоёрт, Ерөнхий сайдыг огцруулах боломжгүй болно. Сөрөг хүчин Ерөнхий сайдад хариуцлага тооцох, огцруулах саналаа оруулахдаа заавал дараачийн Ерөнхий сайдынхаа нэрийг тодруулж байж хамтад нь өргөн барина гэсэн. Хэн нэг гишүүний нэртэй хамт ингэж өргөн барина гэдэг ямар ч боломжгүй зүйл.

Хүчтэй, хэзээ ч огцордоггүй Ерөнхий сайдтай бүх асуудлаа ярьдаг байх нөхцөлийг бүрдүүлж байна. Хэдийгээр өнөөдрийн 76 гишүүн нэр хүнд муутай байгаа ч, улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө зөв шийдвэр гаргах чадавхитай гэж би үздэг. Өнөөдрийн 76 гишүүний 50 гаруй хувь нь гэмт хэрэгт холбогдчихсон. Ийм хүмүүс өөрсдөө дахиад тавын таван жил суух, дээрээс нь 108 болгож олшруулж байгаад дотор нь орж ирэх сонирхол байна гэж харж байгаа учраас үүнийг дэмжихгүй байгаа.

Х.Болорчулуун: Уул уурхайн ордуудын 51-с дээш хувийг төр авна гэдгийг дэмжиж байна

-Монгол Улс том газар нутагтай, гуравхан сая хүн амтай мөртлөө 40 хувьд нь ажилгүйдэл, ядуурал нүүрэлчихсэн байна. Баян, хоосны ялгаа маш их болчихлоо. Үүнийг засах хэрэгтэй. Тэгэхийн тулд томоохон стратегийн ордуудын ашгийн 51-с дээш хувийг төрийн мэдэлд авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол гадны компаниуд авчхаж байна.

Л.ЭЛДЭВ-ОЧИР: ЕРӨНХИЙЛӨГЧ “ЯНАГЛАН ХОРЛОНО” ГЭДЭГ ШИГ ЮМ ХИЙЖ БАЙНА

-Гишүүдийн тоог нэмнэ гэхээр ард иргэд дэмжих үү? Дэмжихгүй. Одоо 76-аа яаж муулж байгаа билээ. Сошиал дээрх сэтгэгдлүүдийг харж байгаа биз дээ? Зориуд тийм юм хийж байхгүй юу. Хэцүү. Янаглан хорлоно гэдэг шиг л юм болж байна. Үндсэн хуулийн эх барьсан гишүүд хүртэл гайхчихсан сууж байна. 108 байх уу, 99 байх уу гээд гурван жилийн турш хэлэлцсэн асуудал. Гэтэл зориуд ийм юм оруулаад ирж байгаа байхгүй юу.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button