ДЭЛХИЙ

ШИНХУА: Монгол улс аялал жуулчлалаа хөгжүүлэх гэж мэрийсээр

Хятадын тэргүүлэх хэвлэлийн агентлаг болох Шинхуа, Монгол орны аялал жуулчлалын асуудлыг хөндөж товч нийтлэл бэлтгэжээ. Уг нийтлэлд Өвөрхангай аймагт зохиогдож буй жуулчдад зориулсан фестивалийн талаар бичсэн байна.

Монгол улсын голлох томоохон аймгуудын нэг Өвөрхангай эдийн засаг хийгээд оршин суугчдынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр мэрийж байна.

Өнгөрсөн даваа гарагт /2019.07.15/ <<Торгоны зам – Хархорин>> нэртэй гурван өдрийн аялал жуулчлалын фестиваль эхэллээ. “Ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдыг татаж эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилготой” хэмээн Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Ишдорж фестивалийн нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн юм.

<<>Их эзэн Чингис хааны үр сад>>, <<Цам харайх>> тэргүүтэй шашны бөгөөд түүх соёлын сонирхолтой арга хэмжээнүүд фестивалийн эхний өдөр зохион байгуулагдав. Мөн Монголын уламжлалт зоогийн баяр, түүхэн дурсгалт ном, олдворуудын үзэсгэлэн, морины нуруун дээрээс нум сум харвах гэх мэт сонирхолтой зүйлс зохиогдох аж.

Энэхүү фестиваль зохиогдож эхэлснээр Монголын түүх соёлд татагдан Өвөрхангайг зорих жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр буйг Д.Ишдорж хэлж байна. Энэ жил ойролцоогоор 55 мянган жуулчдыг татаж чадсан нь 2017 онтой харьцуулахад 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

“Миний эхнэр монгол хүн. Эхнэрийнхээ төрөлх нутагт ирж буй анхны удаа минь энэ. Монгол орон үзэж танилцах онгон зэрлэг байгалиар баян юм байна” хэмээн Швейцарь улсаас ирсэн жуулчин Хюмайр Франциско Шинхуа агентлагийн сурвалжлагчид сэтгэгдлээ хуваалцсан байна. “Би загасчлах дуртай. Энэ улсад маш олон төрөл зүйлийг барих боломжтой олон гол, нуур байдаг юм байна” гэж тэрбээр нэмсэн юм.

Өвөрхангай аймаг соёл уламжлалын хадгалалт, хамгаалалтаараа гаргууд аймаг. Хархорин хот болон Орхоны хөндий нь ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй байдаг. Эрт цагийн торгоны зам оршин байсан үед энэхүү Хархорин хот чухал үүрэг бүхий олон орны хүмүүс дамжин өнгөрдөг газар байсан гэдэг.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button