Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: COVID-19-ийн улмаас Хөвсгөлд гадны жуулчин байхгүй ч, дотоодын аялагчдын тоо нэмэгджээ

Энэ жил дэлхий дахинаа коронавирусийн цар тахал тархсантай холбогдуулаад Монголын төдийгүй дэлхийн аялал жуулчлалд асар их өөрчлөлт гарсан. Иймээс бид коронавирусийн нөлөөгөөр Монголын үзэсгэлэнт хоймор нутаг Хөвсгөлийг зоригчдийн тоо хэрхэн өөрчлөгдсөн, аялал жуулчлал ямар байсан талаар сурвалжилсан юм.

Сурвалжилгынхаа эхэнд өмнөх жилүүдэд Хөвсгөл рүү хичнээн хүн зорьж, үзэсгэлэнт байгаль сонирхдог байсан талаарх тоон мэдээллийг хүргэе.

2010 оноос хойш Хөвсгөлийг зорих жуулчдын тоо жил бүр нэг дахин өсөлттэй гарчээ. 2018 оны статистик мэдээнээс харахад тасалбар авсан хүний тоо бүр 100 мянгад хүрсэн байна. Харин 15-16 мянган гадаад жуулчин тогтмол ирэх болжээ.

  • 2013 онд 28 мянга
  • 2014 онд 42 мянга
  • 2015 онд 57 мянга
  • 2016 онд 26 мянга
  • 2017 онд 78 мянга
  • 2018 онд 92 мянга

Харин энэ жил коронавирусийн цар тахал дэгдэж, хөл хорио цээрийн дэглэмтэй онцгой нөхцөлд аялал жуулчлалын тоо ямар байв.

-УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ЭНЭ ЖИЛИЙН БАЯР НААДМААР ХӨВСГӨЛ ДАЛАЙД 30 ГАРУЙ МЯНГАН ДОТООДЫН АЯЛАГЧ ИРСЭН-

Хамгийн түрүүнд бид Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас энэ жил Хөвсгөлийн үзэсгэлэнт газруудад аялагчдын хөл хөдөлгөөн хэр байсан талаар тодрууллаа.

Тус газрын мэргэжилтэн н.Очирбат хэлэхдээ, “Одоогоор бүрэн гүйцэд тоон мэдээлэл гараагүй байгаа. Аялал жуулчлалын улирал дуусахаар гарах байх. Урьдчилсан таамгаар бол үндэсний их баяр наадмын өдрүүд буюу амралтын тав хоногт дунджаар 30 гаруй мянган дотоодын жуулчид ирсэн гэдэг мэдээлэл байгаа. Харин коронавирус гарсантай холбоотойгоор энэ жил гадны жуулчид байхгүй. Хамгийн ачаалалтай оргил үе нь наадмын өдрүүд. Бусад үед харьцангуй гайгүй гэсэн товч бөгөөд тодорхой мэдээллийг өглөө.

-МӨРӨНД НААДМЫН ӨДРҮҮДЭЭР ӨДӨРТ 2500 МАШИН, 10 МЯНГАН ХҮН ОРЖ ИРЖ БАЙНА-

Харин өөр нэг эх сурвалжийн мэдээллээр наадмын өдрүүдэд Хөвсгөл аймагт өдөрт 2500 автомашин, 10 мянган хүн орж ирсэн аж. Хамгийн оргил үе нь долдугаар сарын 10-15 буюу амралтын өдрүүд. Тэгэхээр энэ өдрүүдэд Хөвсгөлд 50 гаруй мянган дотоодын аялагч орж ирсэн гэсэн үг юм.

Жил жилийн аялагчдын тоон хүрэхгүй ч, гадаадын жуулчдын тоог хасахад энэ нь хангалттай тоо болж байх шиг. Коронавирусийн улмаас хил хааж, хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон нь дотоодын аялагчдад эх орноороо аялах, танилцах боломжийг олгосон нэн таатай юм.

-КОРОНАВИРУСИЙН УЛМААС СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦ ХӨВСГӨЛ ДАЛАЙД АЯЛААГҮЙ, ЗОГССОН-

Мөрөнгөөс гараад бид Хатгал сумыг зорьсон юм. Эл сумыг зорьсон гол шалтгаан нь Сүхбаатар хөлөг онгоц.

Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Номин холдинг” ХХК энэ зун Сүхбаатар хөлөг онгоцыг Хөвсгөл далайд аялуулаагүй. Сүхбаатар хөлөг онгоц арваннэгдүгээр сараас бүрэн зогсолт хийжээ. Олон хүн цуглуулж, бужигнуулж болохгүй гэсэн тул аялагч, сонирхогчдоос тасалбар авч хөлөг онгоц дээр гаргаж үзүүлж, сонирхуулах үйлчилгээ явуулж байгаа юм байна.

Ингэхдээ хүүхэд 1000 төгрөгийн, том хүн 2000 төгрөгийн тасалбар худалдан авч Хатгал суман дахь Сүхбаатар хөлөг онгоцтой танилцаж, зураг хөргөө татуулж байлаа.

Биднийг очход яг баяр наадмын өдөр таарсан тул хөл хөдөлгөөн ихтэй байв. Гадаадын жуулчин харагдахгүй, харин монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн дотоодын аялагчдын хөлд дарагджээ.

Нэмэлтээр мэдээлэхэд, ЗХУ-ын Пермь  хотын Кама үйлдвэрт бүтээсэн Сүхбаатар хөлөг онгоц 800 морины хүчин чадалтай бөгөөд 1985 оноос Хөвсгөл нуурт аялж эхэлжээ. Тус онгоц 1997 онд хувьчлагдаж “Номин холдинг” ХХК эзэмшиж жил бүрийн зун Хөвсгөл нуурын орчмын байгалийн өвөрмөц тогтцыг үзүүлэх аяллыг хийж 2009, оноос хойш нийт 86.868 хүнд үйлчилсэн байна.

-Ж.ДАВААБАЯР: ГАДААДЫН АЯЛАГЧИД ОГТ БАЙХГҮЙ, ДОТООДЫН АЯЛАГЧДЫН ТОО БУУРСАН-

Цаашлаад бид замд таарах Цахир амралтын баазаар орлоо. Тус бааз нь Мөрөнгөөс 60км, Алаг-Эрдэнэ сумаас 5км зайтай Хөвсгөл далай явах яг төв зам дагуу байрладаг. Цахир амралтын газрын менежер Ж.Даваабаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ жил коронавирустэй холбоотойгоор танай амралтын газраар үйлчлүүлэгчдийн тоонд хэр их өөрчлөлт гарав?

-Ноднин жилийг бодход багассан. Гадаадын жуулчид байхгүй шахуу байна. Ганц хоёрхон гадны хүмүүс явж өнгөрч харагддаг. Тэд болохоор Монголд ажиллаж, амьдардаг элчин сайд, яамны хүмүүс байдаг бололтой юм билээ. Мэдээж дотоодын жуулчид, амрагчид их байна.

-Баяр наадмын өдрүүдэд ачаалал их байв уу, хичнээн хүн ирэв?

-Өнгөрсөн зун өдөрт 300 гаруй хүн ирдэг байсан. Энэ жил 200 гаруй дотоодын жуулчид ирлээ. Хөл хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор дотоодын жуулчид ч их биш багассан гэж хэлж болно.

-Төв зам дагуу, байгалийн үзэсгэлэнт газарт аялагчид амрах тохиромжтой байдаг байх. Танайх өдөрт хичнээн хүн хүлээн авах хүчин чадалтай вэ. Амралтын газрын тань онцлог юу вэ?

-Манай амралтын газар нь Мөрөн хотоос 60км зайд, Мөрөн-Хатгал хоёрын дунд Алаг-Эрдэнэ сумын архан талд яг төв зам дагуу оршдог. Байгалийн өвөрмөц тогтоцтой газар байрладаг. Урагш хоёр км газар яваад Эгийн голд загасчлах боломжтой, 50-100 энергийн төвдөө ойрхон гээд онцлох зүйл их бий. Нэг ээлжинд 40-50 жуулчин хүлээж авах хүчин чадалтай. Өдөрт 20-30 хүн ирж үйлчлүүлдэг. Наадмын өдрүүдэд ачаалал илүү нэмэгдэнэ. Манайх Хатгалын жуулчны баазуудыг бодоход 50 хувиар хямд үнэтэй.

-О.ӨЛЗИЙБАЯР: ХИЛ ХААСНААР ДОТООДЫН ХҮМҮҮСТ ЭХ ОРОНТОЙГОО ТАНИЛЦАХ БОЛОМЖ ОЛДСОН-

Цахир амралтын газраас гараад зам дагуух Цаатны отог хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй газрыг зорив. Тус отог нь Цаа буга үзүүлэх, буга хөтлөөд зургаа даруулах, цаатны дээл өмсүүлэх, зураг авах, угаах, цааны эврээр хийсэн сувинер бэлэг дурсгалын зүйлс худалдаалах зэргээр жуулчдад үйлчилдэг байна. Отгийн ажилтан О.Өлзийбаяраас дараах зүйлсийг тодруулж, мэдээлэл авлаа.

-Цаатны отгийнхоо үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Хөвсгөл аймаг, Хатгал сум зам дагуу орших аялал жуулчлалын бүс нутагт манай цаатны отог байрладаг. Манайх тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Цаа буга үзүүлж харуулах, хамт зургаа даруулах, зургаа даруулаад угаалгах, цааны эврээр хийсэн бэлэг дурсгалын зүйл болоод цагаан идээ худалдан авах, халуун хоол хүйтэн ундаа уух зэрэг олон төрлийн үйлчилгээг манайхаас авч болох давуу талтай.

-Зам дагуу байрладаг учир хөл хөдөлгөөн нилээдгүй их байгаа нь анзаарагдлаа. Өдөрт хичнээн хүн ирж байна вэ?

-Тийм шүү. Ялангуяа баяр наадмын өдрүүдэд хөл хөдөлгөөн огцом нэмэгддэг. Өдөрт 500-1000 хүн ирж сонирхдог. Хамгийн багадаа 200 хүн ирдэг.

-Өнгөрсөн жил хичнээн хүн ирж байсан бэ?

-Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын тоон мэдээллээр өнгөрсөн жил 10 гаруй мянган хүн ирсэн гэдэг юм билээ.

-Энэ жил гадаадын жуулчид хэр харагдав?

-Коронавирусийн дэгдэлтээс үүдэж хил хаасантай холбоотойгоор энэ жил гадаадын аялагчид байхгүй. Дотоодын аялагчид их байна.

-Дотоодын аялагчдад олдож байгаа боломж юу вэ?

-Хил хаасантай холбогдуулан гадагш гарах боломж хязгаарлагдсан. Энэ нь нөгөө талаар дотоодын аялагчдад эх орноороо аялах, таньж мэдэх том боломж болж байна. Тухайлахад, Хөвсгөлийнхний зургаа дахь хошуу мал болох цаа буга үзэх, цаатан түмний аж амьдралтай танилцаж байна. Сүхбаатар хөлөг онгоц далайд гарахаа больсонтой холбогдуулаад цаа үзэхээр ирэх хүмүүсийн тоо харьцангуй нэмэгдсэн.

-АЯЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЦААНЫ ЯСАН ЭДЛЭЛИЙН ХУДАЛДААНУУД ЯВАГДАЖ БАЙНА-

Хөвсгөлд аялагчдад зориулаад хоёр трм үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байлаа. Нэг нь Хатгал суманд, нөгөө нь Хөвсгөл далайн эрэг Жанхайн даваанд. Тус хоёр үзэсгэлэн худалдаанаас хүмүүс хөвсгөлийн гүн тайгад ургадаг ховор нандин эмийн ургамлуудыг хамгийн түрүүнд олж харах боломжтой аж. Мөн цааны эврээр урлаж хийсэн янз бүрийн ясан эдлэлүүдийг сонирхож байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button