НИЙГЭМ

ТАНИЛЦ: УОК-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

Өнөөдөр /2020.07.28/ УОК-ын ээлжит хуралдаан 14.00 цагт боллоо. Уг хуралдаанаар хэлэлцэх сэдвүүдийн дотор иргэдээс хамгийн их хүлээлт үүсгэсэн нь цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх эсэх асуудал байв.

Хуралдааны дараа ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, ГХЯ-ны Консулын газрын даргө Л.Мөнхтүшиг, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийсэн юм.

Г.АРИУНБУЯН: ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХУГАЦААГ НАЙМДУГААР САРЫН 31 ХҮРТЭЛ СУНГАНА

Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Монгол Улсад тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгах санал оруулсан талаар ярилаа. Саналыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах юм.

Тэрбээр, “Өнөөдөр дэлхийн 35 улс онц байдал зарласан, 22 улс хөл хорио тогтоосон. 88 улс хилээ хэсэгчлэн болон урт хугацаагаар хаасан. БНХАУ-д 160-180 тохиолдол хоногт нэмэгдэж, нийт 87 мянга 265 болоод байна. Мөн шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдэж байна.

Манай улсын хувьд гаднын орноос зөөвөрлөгдсөн 289 тохиолдол бүртгэгдсэн. 73.8 хувь нь ОХУ-д сурч, ажиллаж амьдарч байсан иргэдээс илэрсэн. Эдгээр нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Мөн долдугаар сарын 13-нд халдвар дотооддоо тархах эрсдэл өндөр байна гэдэг эрсдэлийн үнэлгээ хийгдсэн. Иймд сунгах нь зүйтэй гэдэг зарчмын шийдэлд хүрсэн” гэлээ.

Л.ЦЭДЭВСҮРЭН: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ЯМАР ХЭЛБЭРЭЭР НЭЭХИЙГ МАРГААШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ШИЙДНЭ

Харин БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, “Хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай ажлыг олон талаас нь судалж буй. Ямар хувилбараар, ямар үе шаттайгаар нээх вэ гэхчлэн. Цэцэрлэг, сургууль, их дээд сургууль тус бүр өөр өөрсдийн онцлогтой. Тиймд тус тусад нь судлаад, холбогдох саналаа саяны хуралдаанд танилцуулсан. Судалгааг яам дангаараа хийхгүй байгаа.

Иймд маргаашийн Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх болох ямар хэлбэрээр эхлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Манай яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр тусад нь хэвлэлийн бага хурал зарлана” гэв.

Үүний өмнө цэцэрлэг, ЕБС-иудын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг есдүгээр сарын 14-нөөс эхлүүлнэ гэх мэдээлэл хэвлэлүүдээр түгсэн. Мөн ЕБС-ийн тухайд, голлох хичээлүүдийг танхимаар, туслах хичээлүүдийг цахимаар хичээллүүлэх хэлбэрийг судалсан гэгдэж буй. Ямартай ч үүнтэй холбоотой асуудал маргаашийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой болох нь.

Л.МӨНХТҮШИГ: ЭНЭ САРД ТУСГАЙ ҮҮРГИЙН 14 НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, 3460 ИРГЭНЭЭ ТАТНА

Мөн гадаадын орнуудад гацсан иргэдээ тусгай үүргийн нислэгээр татан авах асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

“Наймдугаар сард найман чиглэлд тусгай үүргийн 14 нислэг хөөргөн, 3460 иргэнээ татаж авахаар шийдвэрлэлээ.

1. БНСУ, Сөүл - 2020.08.01
2. АНУ, Сиатл - 2020.08.05
3. БНЭУ, Шинэ Дели/Ханой - 2020.08.06
4. Япон, Токио - 2020.08.07
5. ХБНГУ, Франкфурт - 2020.08.08
6. БНЧУ, Прага - 2020.08.10
7. БНСУ, Сөүл - 2020.08.14
8. БНСУ, Сөүл /транзит/ - 2020.08.15
9. БНТУ, Истанбул - 2020.08.20
10. ХБНГУ, Франкфурт - 2020.08.21
11. БНСУ, Сөүл - 2020.08.22
12. Япон, Токио - 2020.08.24
13. ХБНГУ, Франкфурт - 2020.08.26
14. Австрали, Сидней /Австрали, Зүүн Өмнөд Ази/ - 2020.08.27

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад буй 100 гаруй иргэнийг татаж авахаар Чехийн онгоцыг хүлээж авна” хэмээсэн юм.

Г.ЁНДОН: ХИЛИЙН БООМТУУД ДЭЭР “НОГООН ГАРЦ”-ЫН ЖУРАМ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ

Харин УУХҮ-ийн сайд Г.Ёндон БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар уул уурхайн чухал түүхий эдүүдийн экспортын асуудлаар:

““Өнгөрсөн долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд УИХ-ын дарга болон БНХАУ-ын Элчин сайд нарын хамт “Гашуунсухайт”-ын боомт дээр ажилласан. Ийн хоёр улсын хэлэлцээрийн дүнд наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Ногоон гарц”-ын журам үйлчилж эхэлнэ. Энэ журмаар жолоочид урд хилээр гарах, буцаж орж ирэхэд саадгүй болохоор тусгагдсан” гэлээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс өнгөрөгч хоёрдугаар сард тогтоосон хилийн хориг зарим чухал түүхий эдийн экспортод сөргөөр нөлөөлөөд буй гэдгийг тэрбээр онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tseel
Tseel
2020-07-28 22:14

Ковид 19 уялдаж бүх юмыг өөрчлөх хэрэгтэй болжээ. БОЛОВСРОЛЫН САЙД АА БОЛОВСРОЛЫН САЙДАА БОЛОВСРОЛЫН САЙДАА ГЭРЭЛ ГЭГЭЭ ГАРГАЖ ӨГӨӨРЭЙ. ГЭРЭЛ ГЭГЭЭ ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button