УЛС ТӨР

ТОЙМ: Аудиторчийн андуу мэдэгдэлтэй, эрхээ хасуулсан гишүүнтэй, ухарсан төсөвтэй 7 хоног

Өнгөрөгч долоо хоног улстөрийн хүрээнд халуун, бужигнасан үйл явдлуудаар дүүрэн өнгөрлөө. Улстөрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

АУДИТОРЧ АНДУУ МЭДЭГДЭВ ҮҮ, ХОЁР БАНК ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ИРЭВ ҮҮ-

Өнгөрөгч долоо хоногийн дуулиантай сэдвийн нэг яах аргагүй ХОЁР банкны дампуурлын асуудал байв.
Гэтэл одоо хоёр арилжааны банкны хувь заяа хүнд байгааг Үндэсний аудитын газраас мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Монголбанкны үнэлгээгээр эдгээрт эрсдэлтэй хоёр том банк байна” гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ сануулсан юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүртэл үг нэмэрлэж, түймэр тавьсан. Түүний тайлбараар бол банкинд зөрчил гарахад толгойг нь илээд явуулаад байдаг, тодорхой албан тушаалтнуудаар өмгөөлүүлдэг, сангийн хөрөнгийг авах гэхээр өгдөггүй” гэхчлэн гал нэмсэн билээ. Гэтэл Монголын банкны холбоо үгүйсгэсэн мэдэгдэл гаргаж, Монголбанк ч санамсаргүй алдаа гарч, аудиторч болчимгүй мэдэгдэл хийсэн гэж тайлбарласан юм. Ингээд асуудал жаахан намжиж байтал Чингис хаан банк хүнд хэцүү байгаа талаар үйлчлүүлэгчид нь мэдээлэл хийсэн нь асуудал биш байгааг өгүүлэх шиг болов.
МАН Засгийн эрх барьж байхад буюу 2008-2009 онд Анод, Зоос банк дампуурч байв. Мөн МАН засаг барьж байхад жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанк Капитал банкны дампуурлыг зарлаж, хөрөнгийг нь битүүмжилсэн. Хэрвээ хоёр банк дампуурвал МАН засагласан 1.4 жилийн хугацаанд гурван ч банкийг ДАМПУУРУУУЛСАН хар түүхийг үлдээх нь.

ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН НЬ Б.ПҮРЭВДОРЖ УУ, Т.АЮУРСАЙХАН УУ-

Банкны дампуурлын асуудлын араас дуулиан тарьсан нь Т.Аюурсайнхан, Б.Пүрэвдорж нар байв.
Т.Аюурсайхан парламентын танхимд эрх баригч намыг шүүмжилсэн сөрөг хүчний гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганд суух эрхийг долоо хоногоор хассан юм. Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн үгийн гол агуулга нь, МАН хүүхдийн мөнгө, ноолуурын мөнгө, хоолны талоны үнэлгээг нэмэх замаар 510 гаруй мянган иргэдэд нийт 200 орчим тэрбумыг тарааж, сонгуулийн саналыг худалдан авсан гэх утгатай үг хэлснээр микрофоноо хаалгасан. Б.Пүрэвдорж гишүүнийг үг хэлж байж зуур Т.Аюурсайхан “Дэгийн хуулиар хүн гүтгэх хуультай шүү” хэмээж байснаа долоо хоног танхимд орж ирэх эрхийг нь хасчихсан. Микрофон булаалцалдаж ноцолдсон учир Дэгийн тухай хуулиар шийтгэсэн гэж байгаа боловч ямар зүйл заалтаар гэдэг нь тодорхойгүй байна. Гишүүний үг хэлэх эрхэнд халдаж микрофоныг хаагаагүй бол Б.Пүрэвдорж өөрийнх нь мифрофоныг булаацалдахаар үсэрч очих уу гэдэг маргаан гарч буй. Тэгэхээр тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг Дэгийн тухай хуулийг Т.Аюурсайхан зөрчсөн үү, Б.Пүрэвдорж зөрчсөн үү.

УХРАЛТТАЙ ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 7 ХОНОГООР ЗАВСАРЛАВ-

Сангийн сайд улсын төсвийг “Яасан ч тодотгохгүй” гэж зургаан сарын турш гөжүүдэлний эцэст сая нэг сонгуулийн дараа төсөв тодотгохоор болсон. Энэ долоо хоногт ээлжит бус чуулганыг эхлүүлж төсвийн тодотгол хэлэлцэж эхлэв. Энэ хооронд Монгол Улсын 2020 оны төсвийн алдагдал гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьд хүрсэн аж. Эрх баригчид сонгуулиар иргэдээс өндөр үнэлгээ авах гэж эдийн засгаа өөрсдөө багалзуурдсан. Одоо сандралдах нь аргагүй. 2020 оны төсвийг 65 суудалтай эрх баригчид 2019 онд баталсан төсвөөсөө 2 их наяад 303.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан нь үлэмж их хэмжээ.

Төсвийн тодотголын төслөөс үзэхэд, төсвийн тэвчиж болох зардлыг бууруулах замаар төсвийн алдагдал, Засгийн газрын өрийг бууруулах чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтаас гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 540 тэрбумын зардлыг бууруулсан байна. Харин зайлшгүй хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, үерээс үүдсэн гүүр, замыг сэргээхэд зориулж 16 тэрбум төгрөг нэмж суулгажээ. Төсөвт байгууллагуудын албан томилолт, тавилга, эд хогшил худалдан авах зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Улсын төсвийн зарлага 11.8 их наяд төгрөг байгаагаас гурван их наяд нь эргэлзээтэй хөрөнгө оруулалт байгааг эдийн засагчид хэлж буй юм. Шаардлагагүй зардлууд, тухайлбал, соёлын төв, хөшөө дурсгал, угтах хаалга зэргийн төсвийг тодорхой хэмжээнд танасангүй. Сангийн сайд маш олон таналт хийгдсэн гэж мэдээлж буй ч дахин танах зайлшгүй шаардлагатай, эс бөгөөс эдийн засаг “элгээрээ хэвтэх” эрсдэлтэй. Эрх баригчид энэ мэт 900 объект барихаар төсөвт суулгажээ. Бизнесүүд хаагдаж, хүмүүс цалингүй, орлогогүй, төсөвт татвар, нийгмийн даатгалд шимтгэл төлөх боломжгүй болж байна. Ямартай ч ухралттай төсвөө ирэх 7 хоногт дахин хэлэлцэнэ.

ЗЭЭЛИЙН ХҮҮГ САРЫН 1 ХУВЬД ХҮРГЭХ МЭДЭГДЭЛ ХИЙВ-

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар /2020.08.20/ Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзэж буй. Ингэхдээ зээлийн хүү жил бүр нэг хувиар буурсаар 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувьд хүрнэ гэж мэдэгдэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Энэ монгол банк хэний т####д үйлчлээд байна. Ойлгомжтой асууд#### үүсээд байхад таг гүрийгээд яав ч ард түмэн бол хамаагүй. Энэ аюурсайхан нөхрийг ах дүү нартайгаа Булган аймагт хууль зөрчөөд ####т ухаад байна гээд Батэрдэнэ гишүүн хэлээд байхад

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button