Нийгмийн

Элчин сайд И.К.Азизов: COVID-19-ийн вакцины туршилт амжилттай болбол Монголд нийлүүлэхэд бэлэн

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санал санаачилгыг танилцуулахын зэрэгцээ ОХУ дахь КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар товч мэдээлэв.

Тэрээр хэлэхдээ ОХУ-д сүүлийн есөн өдрийн туршид хоногт 5000-аас доош шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ба Монгол Улстай хил залгаа бүс нутгуудын халдварын тархалт харьцангуй бага, Санкт-Петербург хотод дундаж, харин Москва хотод халдварын тархалт өндөр, нөхцөл байдал хүндхэн байгааг мэдээлээд КОВИД-19 халдварын эсрэг “Спутник-V” вакцины талаар товч танилцуулав. Тэрбээр мөн вакцины туршилт амжилттай болсон тохиолдолд холбогдох хууль журмын дагуу Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад зохион байгуулагддаг, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээрх сургалтууд энэ оны 10-12 дугаар сард зохион байгуулагдах бөгөөд эдгээр сургалтуудад Монгол эмч мэргэжилтнүүдийг хүлээн авахад бэлэн байгааг мэдэгдээд КОВИД-19 халдварын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэж, баяр хүргэв.

Үүний дараагаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаатай санал нэг байгаагаа илэрхийлээд ялангуяа ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотын эрдэм шинжилгээний байгууллагуудад зохион байгуулагддаг онол, дадлага хосолсон сургалтуудад Монгол эмч мэргэжилтнүүдийг тогтмол хамруулдаг нь Монгол Улсад эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг болохыг онцлон тэмдэглэв.

Мөн КОВИД-19 халдварын цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, түргэвчилсэн оношлуурыг хандивласанд талархал илэрхийлээд уг халдварыг дотооддоо тархаахгүй, тархсан тохиолдолд хохирол багатай даван туулах нь нэн чухал тул бэлтгэл ажлыг хангах, ялангуяа КОВИД-19 халдварын үед улирлын томуугийн халдвар өвөрмөц онцлогтой байна гэж үзэж нарийн төлөвлөгөө боловсруулж, вакцины хангамжийг нэмэгдүүлэх зэрэг бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар танилцуулав.

Уулзалтын явцад талууд дээрх болон хамтран хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, Сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхнээс нь ажил хэрэг болгон эхлүүлсэн зарим ажлуудаасаа танилцуулж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимтэй хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: ЭМЯ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-01 14:46

БОЛЬЖ ҮЗ.ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЧУУД КОВИДООР ХИАРЧ БАЙХАД МАНАЙ ОРОС АХ НАР АВАРСАН ГЭЭД НӨГӨӨ ЁОЁОТОЙ ХУЛМАСНУУД МӨӨРӨЛДӨӨД УНАНА.

Холбоотой мэдээ

Back to top button