Нийгмийн

Өрнийн зурхай: XI/16-XI/22

Хонь

Долоо хоногийн эхээр танд хандсан нэгний гуйлтад эрс татгалзах хэрэггүй. Энэ удаа танаас тусламж хүссэн ч дараагийн удаа таны ээлж ирнэ гэдгийг санах хэрэгтэй. Өөрийн авьяас билэг, ур чадвар, туршлагаа түшиглэн төлөвлөсөн зүйлээ амжилттай дуусгаж чадна. Хүсэн мөрөөдөж байсан зорилгоо ч биелүүлэх боломжтой болно. Долоо хоногийн дундуур залуус шинээр амьдралаа зохиох, аав ээж ах эгч нараасаа хараат бус бие дааж амьдрах эхний алхмаа хийнэ. Тэдний хувьд баяр баясгалан, айдас түгшүүр, догдлол аль аль нь зэрэгцэн оршино. Бүсгүйчүүдийн хувьд эрх танхи, дураараа зан нь нэлээд таагүй нөхцөл байдалд оруулж болзошгүй. Тэдний хүсэл хязгаарыг давах магадлалтай. Харин долоо хоногийн сүүлээр амьдралын идэвх муудах, сэтгэл санааны тогтворгүй байдалд орох зэрэг нь хэтэрхий их итгэл, хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг санаарай. Өөртөө итгэх итгэлээ аажмаар алдаж, өөрийгөө хэнд ч хэрэгцээгүй мэтээр төсөөлж магадгүй. Энэ сэтгэл гутрал нь удаан хугацаанд үргэлжилж магадгүй. Та өөрийн таагүй мэдрэмжиндээ итгэн бусдыг буруутгаж магадгүй. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ байхаас гадна таны буруу байсныг мэдрэх болно.

Үхэр

Долоо хоногийн эхээр дунд насныхны хувьд гэр бүлийн ахмадууд болон балчир хүүхдүүдийн бүх асуудлуудыг өөр дээрээ хүлээн авснаар урьдчилан тоолоогүй зардал өсөн нэмэгдэнэ. Санхүүгийн нөхцөл байдал дээрдэж, бизнесийн салбарт таатай нөхцөл байдал бүрдэхийг од гараг амлаж байна. Нэгэн хэвийн хэв маягаас залхаж, амьдралаа шинэчлэх, өөрчлөлтийг авчрахыг хүснэ. Энэ нь эрчүүдийн хувьд илүү их мэдрэгдэнэ. Долоо хоногийн дундуур таны хувьд хамгийн эрхэм хүмүүст тусламж, таны анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болж мэднэ. Зарим тохиолдолд бүх зүйлийг санаснаараа болгох гэж хичээх нь ихээхэн эрсдэл дагуулах тал байдаг тул аль аль талыг бодолцож, олон талаас нь харж байхыг зөвлөж байна. харин долоо хоногийн эцсээр таны хувьд хол явах тусам бодсоноо хэрэгжүүлэх, ажлаа дуусгахад дөхөм болно. Замдаа таарсан саад бэрхшээлүүдийг сандралгүйгээр, богино хугацаанд давах болно. Авхаалж самбаатай байж өөрийнхөө амьдралыг сайн талруу өөрчлөх боломж бололцоог алдахгүй байхыг зөвлөж байна.

Ихэр

Долоо хоногийн эхээр шинийг бүтээх, энерги хуримтлуулах, эрч хүчээ нэмэгдүүлэхэд таатай байна. Таны хичээл зүтгэл бага, хөдөлмөрлөх идэвх тийм ч өндөр биш байх бөгөөд үүнээс үл шалтгаалан таны хийж буй зүйл тань амжилттай байж, үр дүнд хүрэх болно. Худалдаа наймааны хэлэлцээр тань ихээхэн ярвигтай, шийдвэрлэхэд бэрх байж магадгүй. Та өөрийн хүч дээр хэн нэгэн нөлөө бүхий хүний хүчийг нэмэхээс өөр аргагүйд хүрнэ. Долоо хоногийн дундуур гэрээ хэлэлцээр хийх, анд нөхөдтэйгөө уулзахад таагүй. Эрүүл мэнд гэр бүлийн асуудалдаа анхааралтай байгаарай. Ахмад настангуудын хувьд сэтгэл санааг нь зовоох зүйл гарч ирж болзошгүй тул гэнэтийн болж мэдэх таагүй байдалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр сайтар төлөвлөж, тооцоотой байж чадвал хувийн орон зайдаа чөлөөтэй сэтгэж, түүнийгээ ажил хэрэг болгож, хуримтлал болоод санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадна. Тархи толгой сэргэг, сэтгэх чадвар өндөр, эр зориг дүүрэн байна. Амин хувийн төдийгүй бусдын асуудлыг шийдвэрлэж, тэдэнд тус дэм үзүүлэх зэргээр буян үйлдэх, сайн сайхны төлөө энэ өдрийн үйл хөдлөл, ажиллагаа тань явагдах болно.

Мэлхий

Долоо хоногийн эхээр таны идэвх санаачлага, өөдрөг байдал нь ямар ч хэцүү, төвөгтэй асуудлыг даван туулахад ихээхэн нөлөөлөх болно. Нийгмийн харилцаа нь таныг олон хүнтэй ярилцах, харилцахыг шаардана. Энэ нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, ашиглахгүй бол таны хувьд ихээхэн цаг зав барсан зүйл болж хувирч мэднэ. Амжилт олох гэсэн их хүсэл тэмүүлэл тань танд хангалттай үр дүнг авчрах болно. Аяллаар явах, албан томилолт зэрэгт тааламжгүй байна. Гэнэтийн бүх төрлийн аваар ослоос сэрэмжил. Долоо хоногийн дундуур дутуу хийж үлдээсэн зүйл эсвэл урьдын үүрэг даалгавар нь яаралтай шийдэхийг шаардаж байна. Танаас өөр хэн ч хийхгүй нь тодорхой зүйлээс зайлсхийх, эсэргүүцээд хэрэггүй. Эс тэгвээс шуугианаас зайлж холдож чадахгүй. Магадгүй таны ажил тань маш их сахилга бат, зохион байгуулалтыг шаардана. Нягт нямбай байдал, зөв зохион байгуулалт, төлөвлөлт нь таныг сайн талруу хөтөлнө. Долоо хоногийн сүүлээр өөрийн бүх хүч чадлыг хуримтлагдсан асуудлуудыг шийдэхэд зарцуулахыг од гараг танд зөвлөж байна. Хэн нэгнээс зээл тусламж авах гэсний хэрэггүй ба мөнгө санхүүтэй холбоотой аливаа асуудлуудыг аль болох өөрийн хүч боломжоор шийдэхийг хичээ. Ач холбогдол багатай зүйлд хэт их санаа зовох, тархи оюунаа чилээх эсвэл хэт их хөдөлгөөн хэрэггүй.

Арслан

Долоо хоногийн эхээр хүн чанар, сайхан сэтгэл тань ихээхэн алдаа хийх шалтгаан тань болж магадгүй юм. Энэ бүгд таны нэрэлхүү зангаас болж байгаа хэдий ч та түүнийг хүлээн зөвшөөрөхөд бэрх байх болно. Ажил хэрэг тань амжилттай байх хэрээр таны нэр хүнд өсөж, ашиг орлого тань нэмэгдэх болно. Та маш их ирээдүйтэй төсөл, хөтөлбөрийг атгаж авсан бол түүнийхээ төлөө тууштай, цуцашгүй тэмцэхийг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур эрүүл мэнддээ илүүтэй анхаарахгүй бол болохгүй. Ялангуяа хоол хүнсээ тохируулах, хурц, ямар нэгэн эрсдэл дагуулахаар зүйл идэхгүй байхыг зөвлөж байна. Ямар нэгэн зүйл болж мэдэх түгшүүртэй байх болно. Хөндлөнгөөс ирэх таагүй нөлөөлөлд өртөж болзошгүй. Таны хувьд анхаарлаа сулруулж болохооргүй, сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Амьдралд танд юу өгнө түүнийг талархан хүлээж ав. Илүү ихэд шунах, үйлдлээ хянаж чадахгүй болтлоо буруу зүйл рүү тэмүүлэх нь таны амьдралыг аз жаргалтай бус, зовлон шаналалд хүргэх болно гэдгийг санаарай. Харин долоо хоногийн сүүлээр хайрын болзоо тань бодож төсөөлж байсанчлан таатай болохгүй. Хань ижилтэй хүмүүс харилцан бие биедээ шүүмжлэлтэй хандаж, тунирхал, гомдлоо илэрхийлж болзошгүй. Бүх үйл ажиллагаа нэр төр, алдар гавьяаг тань өсгөхөд чиглэгдэх бололтой.

Охин

Долоо хоногийн эхээр айдас түгшүүртэй, тайван бус байна. Шинийг хийж бүтээх гэхээсээ илүүтэй мэдлэгийн хүрээгээ тэлэх, ахмадуудын зөвлөгөөг сонсох, тэдний туршлагаас хуваалцахыг хүснэ. Таны амьдралын эрч хүч дээгүүр байна. Магадгүй өнөөдрийн ажил хэрэг тань бодож төсөөлж байснаас маш бага хүч чадал, цаг хугацааг шаардана. Бичиг баримт, визний асуудал, түвшин тогтоох шалгалт зэрэгт таатай байна. Цаг нь болоогүй ямар ч зүйлд хүч хаяад ч бүтэхгүй. Долоо хоногийн дундуур найз нөхдийн холбоогоо бататгах, гэнэтийн бэлэг барих зэрэг нь олон талын таатай эерэг энергийг авчирна. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой ажил хэрэгт тань саад учирч болзошгүй. Аливаа нөхцөл байдлыг засаж залруулахын тулд заавал тогтсон хэв маяг, зарчмыг дагах гэсний хэрэггүй. Ямар нэгэн азад найдах, сугалаанд хожих мэт аашилж гайхамшиг тохиохыг хүлээж хэвтэх хэрэггүй. Таны амьдралын хүч чадал маш өндөр байгаа тул ханцуй шамлан урагшил. Ухаалаг, зөв зүйтэй алхмыг хийхийн тулд өөрийгөө үнэлж дүгнэх, эрүүл ухаанаар аливаад хандахыг хичээ.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр жижиг сажиг худалдан авалт болон бизнесийн салбарт ажилладаг хүмүүсийн ажил бүтэмжтэй, ашиг орлого арвинтай байна. Ажиллах эрч хүчээ сулруулахгүй бол өвчин тусах, ажлын чадамжаа алдаж болзошгүйг анхаар. Мэдээллийн салбарт ажилладаг хүмүүс хэн нэгний бай болж магадгүй. Ямар нэгэн сонин содон, олны анхаарал татсан зүйлийг сайтар нягталж, эх сурвалжтай хүргэхгүй бол таагүй нөхцөл байдал таныг бүрхэж магадгүй. Бүх зүйлд уран сэтгэмжтэй, зүрх сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Аз одонд найдах хэрэггүй бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд бүхий л хүчин чадал, оюун ухаан, харилцаа холбоогоо ашиглах хэрэгтэй. Хийж заншсан ажлаасаа таашаал авч, шинэ зүйл эхлүүлэхээс цааргалж магадгүй. Таны хувьд бусдаас содон, гаж гэмээр үйлдэл гаргах нь олны анхаарлыг татаж магадгүй. Долоо хоногийн сүүлээр хамтрагч болон гэр бүлийнхэнтэйгээ харилцахдаа туйлын анхаарал, болгоомжтой байж өөрийн зүгээс үг хэлээ хянаж цэгнэх хэрэгтэй. Жилийн өмнөөс өөртөө тавьсан зорилгоо эргэн харж, өөртөө дүгнэлт хий. Таны төлөвлөсөн хугацаа дуусах дөхөж байгаа тул хоцорсон зүйлээ яг одоо ч болов эхлүүлж, амжуулахыг зөвлөж байна.

Хилэнц

Долоо хоногийн эхээр ачаа тээвэртэй холбоотой ажлуудыг цаг хугацаанд нь хэлэлцээрийн дагуу гүйцэтгэхэд бага зэргийн асуудал гарч магадгүй. Урьдчилан төлөвлөсний дагуу хийх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Шинээр төлөвлөгөө гаргах, санхүүгийн боломж нөхцөлөө тодотгох, орлого зарлагаа тооцох зэрэгт тохиромжтой. Томоохон төсөл төлөвлөгөөг эхлүүлж, хөрөнгө мөнгө зарцуулах хэрэггүй. Хуучны өр авлагаа цэгцлэх, санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэснээр таны ажилд ч нөлөөлнө. Долоо хоногийн дундуур оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд бүтээмж өндөртэй, мэдлэгийн цар хүрээгээ тэлэх боломжтой байна. Та өөрийн арга барил, хэв маягтаа өөрчлөлт хийж магадгүй. Бүсгүйчүүдийн мэдрэмж, үйлдэл хоёр харилцан шүтэлцэл үүснэ. Сайн сайхан, хайр энэрэл агуулсан үйл ажиллагаанд тань од эрхэс туслан ивээхэд бэлэн байна. Бусадтай харьцахдаа биеэ бариж хэлэх гэснээ залгих хэрэггүй. Бүх цаг үед чөлөөтэй сэтгэж өөрийн үг хэл, үзэл бодлоо илэрхийлэхдээ нэрэлхэх, ичиж зовох хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр аялал зугаалга, замд гарах нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдож болзошгүй. Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалах саад бэрхшээлийг тооцож хөдлөхийг зөвлөж байна.

Нум

Долоо хоногийн эхээр гэр бүл доторх уур амьсгал таагүй байгаагаас үүдэлтэй сэтгэл хямралд өртөж болзошгүй. Төрийн алба болон захиргааны байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд зарим боломж хаалттай байгаагаас болж бухимдаж магадгүй. Урлаг уран сайхны ажил дэмжлэг авах магадлал өндөр, шинэ бүтээл туурвих, мэргэжлийн хүрээнд ахиц дэвшил гаргаж чадна. Оршин суугаа газраа өөрчлөх нь таны амьдралд ихээхэн өөрчлөлтийг авчирна. Долоо хоногийн дундуур санхүүгийн хувьд зардал ихтэй, өр зээл тавих магадлал өндөр байна. Шинээр хийсэн ажил тань олигтой үр дүн өгөхгүй байж магадгүй. Та өөр олон талаас санхүүгийн эх үүсвэр олохыг хүснэ. Хувийн жижиг бизнес хийдэг хүмүүсийн хувьд хүндрэлтэй асуудлаа амжилттай шийдвэрлэж чадах бөгөөд тэдний хувьд урьд урьдынхаас илүү ашиг орлого олж магадгүй. Од гараг тэднийг ивээж байна. Долоо хоногийн сүүлээр гараг эрхсийн байрлал таатай боловч хэрэв та ажилдаа дургүй бол сайн үр дүн хүлээлтгүй. Харин та дуртай ажлаа хийдэг бол бүх юм сайн сайхан байна. Материаллаг байдал сайжирч, үл хөдлөх хөрөнгөө нэмэгдүүлнэ. Таны санхүүгийн байдал маш сайн болох бөгөөд илүү их ашиг орлого олох магадлал өндөр байна.

Матар

Долоо хоногийн эхээр зарим залуусын хувьд ажлын идэвх байхгүй, залхуу хойргоосоо болж амьдралдаа томоохон алдаа гаргаж байгаагаа ухаарахгүй. Эрүүл мэндийн хувьд ихээхэн болгоомжил. Сэтгэл санаагаар унах, үрэвсэлт өвчин, хөнгөн харшил ч үүсэж болзошгүй. Жижиг сажиг явган хэрүүл, маргаан үргэлжилсээр л байх болно. Энэ бүгд бууж өгөх дургүй, өөрийнхөөрөө бусдыг байлгах гэсэн зангаас тань ихээхэн шалтгаалдаг гэдгийг санаарай. Долоо хоногийн дундуур үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд оролцох болон биеийн хүчний ачаалал авахад тохиромжтой. Хайр дурлалын асуудал таатай, удаан хүлээсэн хайртай хүнээ олж, магадгүй амьдралаа холбож мэднэ. Мөн таны хичээл зүтгэлээс маш их хамааралтай амжилт танд ирнэ. Харин долоо хоногийн сүүлээр өөрийн дотоод дуу хоолойг сонсож, хамгийн таагүй зүйлд бэлэн байхыг зөвлөж байна. Хамгийн таатай, тухтай орчинг бүрдүүлж, гэр бүлийн хүрээнд амттай хоол цай хийж идэнгээ хууч хөөрөхөд тохиромжтой.

Хумх

Долоо хоногийн эхээр уран бүтээл туурвихад онцгой сайн, гэхдээ та өөрийн сул талаа өөгшүүлэн залхууд хөтлөгдвөл танд ээлтэй, эерэг бүтээлч байдлыг дэмий өнгөрөөж магадгүй. Сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх бөгөөд та тааламжтай нөхцөл байдлыг баллах хэрэггүй. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд хамаатай. Цаг хугацаагаа зөв тооцож чадвал хамгийн чухал, шийдэхэд бэрхшээлтэй асуудлаа зохицуулж, урьд урьдынхаас илүү үр дүнг үзэж магадгүй. Хувийн асуудалдаа ойр дотныхоо хүмүүсийг хэт хутгах хэрэггүй. Долоо хоногийн дундуур бүтээлч чадвар, эрч хүч нэмэгдэн, та өөрийгөө зөв илэрхийлж чадна. Ажилдаа амиа тавьдаг таны зан чанар, хичээл зүтгэл тань үр шимээ өгнө. Эртнээс хэрэгжүүлж эхэлсэн ажил тань цаг хугацаандаа дуусахад бэрхшээл тулгарч, танаас ихээхэн хөлс хүч шаардаж магадгүй. Гэсэн хэдий ч ирээдүйн их амжилтын үндсийг амжилттай тавьж чадна. Харин долоо хоногийн сүүлээр томилолтоор явахад тааламжтай бөгөөд та хэдийгээр төвөгшөөх байсан ч энэ нь танд маш тааламжтай үр дүнг авчрах болно. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах эсвэл бүр гэр бүлээрээ нэг тийш салхинд гарахад маш тохиромжтой.

Загас

Долоо хоногийн эхээр мөнгө санхүүгээ зарцуулахад ихээхэн хүндрэлтэй байх ч гүйлгээ ухаан, ухаалаг байдлынхаа ачаар амархан зохицуулж чадна. Тэжээвэр амьтан тэжээдэг хүмүүсийн хувьд шинэ содон амьтан нэмэхийг хүснэ. Үр хүүхдүүдийн хүсэл сонирхол таныг эргэлзээтэй байдалд оруулна. Бүсгүйчүүдийн бодол хүсэл тийм гэж хэлэхийн аргагүй их байх бөгөөд тэдний хязгааргүй их хүслийг зөвхөн мөнгө л аргамжиж чадна. Гэвч ямар ч хэцүү нөхцөл байдал тэднийг зогсооход бэрх байх болно. Долоо хоногийн дундуур уралдаан тэмцээн, шалгалт шүүлэгт орж магадгүй бөгөөд энэ тохиолдолд та туйлын хянамгай бөгөөд бэлтгэлтэй байхгүй л бол тааруухан үр дүнг үзэж магадгүй. Таны ойр дотнын хүмүүсийн хэн нэгний хийсэн үйлдэл бусдын хүндлэлийг хүртэж, сайшаагдана. Санаандгүй тохиосон нөхцөл байдал нь таны нэр хүндийг ихээхэн өсгөнө. Харин долоо хоногийн сүүлээр уран бүтээлийн мэдрэмж өндрөөс гадна сексийн мэдрэмж ч их байх нь. Эсрэг хүйсийн хүнийхээ анхаарлыг татах, хөнгөн сээтгэнэлд өртөж магадгүй. Хайр дурлалын хувьд үйл явдлыг түргэсгэх хэрэггүй. Ганц бие хүмүүс сониуч зандаа хөтлөгдөн хамгийн дуулиантай, шуугиантай газар очихыг хүснэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button