НИЙГЭМ

Монголд хийсэн шинжилгээг хүлээн зөвшөөрөх чиглэлийг ӨМӨЗО-ны удирдлагуудад өгчээ

“Ковид-19” цар тахлаас үүдэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өчигдөр /2020.12.04/ болов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцлээ.

Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлаар Хятадын талтай үргэлжлүүлэн ажиллаж байна. Хятадын талаас манайд хийсэн шинжилгээг хүлээн зөвшөөрөх, шинжилгээний хугацаа 14 хоног байх чиглэлийг ӨМӨЗО-ны удирдлагуудад өгсөн байна. ГХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзаж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын асуудлыг дахин тавьж, хятадын талд өгөх ноот бичгийг хүлээлгэн өгсөн. Элчин сайдаас 32 жолоочийн асуудал зарчмын хувьд шийдвэрлэгдэнэ гэж мэдэгдсэн. Хятадын талаас манайд хариуг бичгээр албажуулж өгөхийг хүссэн”,

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Өнөөдөр /2020.12.04/ Улаанбаатар хотоос хоёр шуурхай бүлэг манай аймаг руу гарсан байна. Бид их ач холбогдол өгч байна. Тайван зогсоолыг анхны зориулалтаар ашиглах асуудлыг шийдэх хэрэгтэй. Жолооч нараас урьдчилан шинжилгээ авах асуудлаар чиглэл ирвэл автобусаар жолооч нарыг гаргах асуудлаар Баяннуур аймагт бичиг явуулахаар бэлдсэн байгаа”,

Гаалийн ерөнхий газрын ажилтан н.Алтантуяа “Тайван зогсоолд ачаатай машин оруулах тохиолдолд гаалийн байгууллагаас шаардлага тавина. Шороон замаас ачаатай машин орох гарц байхгүй байна”,

АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан “Эрээнд ажиллах 32 жолоочийг тусгаарлаж, өмнө зөрчил гаргаж байсан эсэхийг цагдаагийн байгууллагаар шалгуулж, PCR шинжилгээний сорьцыг өчигдөр ХӨСҮТ-д явуулсан”.

Шуурхай бүлгийн хурлын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

  • Авто тээврийн үндэсний төвийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум дахь салбарын дарга нар Цагаанхадын боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж судлаад, ямар зохион байгуулалт хийх боломжийн талаар танилцуулах,
     
  • Хятадын талаас хилээр цөөн тооны машин нэвтрүүлж, Монголын талд машины бөөгнөрөл үүссэн байгаа тул “С” зөвшөөрөл олгосон тээврийн компаниудтайгаа яриад 6000 мянган жолоочийг хоёр мянгаар нь гурван ээлжийн зохион байгуулалтад оруулж тогтмол явуулах асуудлыг АТҮТ судалж танилцуулах,
     
  • УОК-оос “Тайван зогсоол”-д ачаатай автомашин байршуулж зогсоох шийдвэр гарахтай холбогдуулан тээврийг хэрхэн зохион байгуулах талаар судлах,
     
  • Замын-Үүд боомтоор шахмал түлшний түүхий эд, эм хангамж, хүнсний бүтээгдэхүүний тээврийг тэргүүн ээлжид явуулахад анхаарч ажиллах,
     
  • Монгол Улс руу орохоор Эрээнд хүлээгдэж байгаа ачаа, тээврийн хэрэгслийн судалгааг яаралтай гаргаж танилцуулах,
     
  • Хятадын талд шинжилгээ хийлгээд 6 хонож байгаа жолоочийг хилээс буцаасан асуудлыг холбогдох шугамаар Хятадын талтай ярих,
     
  • Гашуунсухайт боомтын тээвэр зохион байгуулалтад цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж ажиллах чиглэл өгөв хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button