ДЭЛХИЙ

Алдсан хэтэвч олж өгсөн орон гэргүй хүнд 50 мянган долларын хандив босгожээ

12 настай Микайла Гоунард охин эмээгийнх нь алдагдсан хэтэвчийг олоод авчирж өгсөн орон гэргүй хүнд талархсанаа илэрхийлэхээр шийдэж түүнд төрсөн өдрөөрөө хандив босгож өгөхөөр шийдсэн байна.

Өнгөрсөн сарын 9-ны өдөр Эвелин Топер ач охин Микайла Гоунардтай хамт Калифорни мужийн Сан Рафаэль дахь кафегаар үйлчлүүлээд гарахдаа хэтэвчээ алга болгосон аж. Үйлчлүүлсэн газрынхаа хяналтын камерыг шүүж үзэхэд Эвелин тооцоогоо хийж дуусаад хүрэмнийхаа халаасанд хэтэвчээ хийж байгаа нь бичигдсэн байжээ.

Эвелин хэтэвчээ алга олгосон гэдгээ гэртээ харьсны дараа л анзаарчээ. Түүний хэтэвчинд зээлийн картууд болон эмнэлгийн гэрчилгээ гэх мэт зүйлс байсан юм. Шон Карри тус кофе шопын ард байдаг хогийн сав ухаж байгаад  Эвелиний хэтэвчийг олжээ. Карри өнгөрсөн таван жилийн турш орон гэргүй явсан бөгөөд санхүүгийн хувьд маш хүнд байдалд орсон хэдий ч алдагдсан хэтэвчийг Эвелинд аваачиж өгсөн юм. Карри “WaPo”-д ярилцлага өгөхдөө “Би ходоод хоосон явсан ч гэсэн зөв зүйлийг л хийх болно. Хэрвээ би хэтэвчээ алдсан бол олсон хүн нь надад авчирч өгөөсэй л гэж хүснэ” хэмээжээ.

Гоунард охин уг явдлын өмнө төрсөн өдрөөрөө хандив босгохоор шийдсэн байжээ. Хэрэг явдлын дараа тэрбээр босгох хандиваа бүгдийг нь Каррид өгөхөөр шийдсэн аж. Одоогийн байдлаар 51,617 ам.долларын хандив цугларсан байна.

Эх сурвалж: People

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button