ДЭЛХИЙ

CEOWORLD: Монголын тухай хэн ч үнэмшимгүй таван зүйл

Дэлхийн олон янз улс орнуудын тухай сонирхол татам баримтуудыг дэлгэж, аялагч жуулчдыг хэрэгтэй мэдээллээр хангадаг Ceoworld сайт энэ удаад Монголын тухай хэзээ ч итгэмээргүй таван зүйлийг дурьдаж, нийтлэл бэлдсэн байна. Гадны хүмүүсийн хувьд Монгол тийм ч тодорхой байр сууринаас харагддаггүй гэмээр. Тэдний зарим нь буурай хөгжилтэй, гар утас, интернетэд холбогдоогүй Африкын нэг орон шиг төсөөлнө. Харин зарим нь Улаанбаатар хот болоод ардчилсан засаглал бүхий Монгол улсын бодит байдлын талаар чамгүй зөв ойлголттой байх нь бий. Харин Ceoworld чухам ямар өнцгийг баримталсныг сонирхоё.

1. Тэд одоо ч нүүдэлчид хэвээр үү

Олон зуун жилийн өмнөх түүхийг сөхөж үзвэл Монголчууд нүүдэлчин овгоор амьдардаг байсныг олж мэдэх боломжтой. Амьдрах газар, идэх хоол хүнсээ олохын тулд үргэлж нүүж, байраа сэлгэдэг байсан гэсэн үг. Гэхдээ 21-р зуун нэгэнтээ гарсан цагт тэд нүүдэлчин хэвээрээ байгаа юу? хэмээн асуух хэрэгтэй болно.

Монголчуудыг одоо хүртэл нүүдэллэдэг хэмээн ойлгох явдал түгээмэл байдаг шиг, тэднийг одоо ч гэсэн гэрт амьдардаг гэж бодох нь бий. Яг үнэн хэрэгтээ тэд маш хурдтайгаар орчин үеийн амьдрал руу шилжсэн юм. Өнөөдөр тэдний тун цөөн хэсэг гэрт амьдарч, нүүдэлчин амьдралын хэв маягийг баримталж буй.

2. Монгол бол Хятадын нэг хэсэг биш

Нэлээдгүй боловсролтой, мэдлэгтэй хүмүүс Монголыг Хятад улсын нэг хэсэг хэмээн ярьж байхтай нэг биш удаа таарч байв. Тэгэх бүртээ балмагддагаа нуух юун. Тийм ээ, Хятадын нөлөө Монголд чамгүй их бий. Гэхдээ үүнээс дутахгүй Оросын нөлөө ч байсан гэдгийг сануулах нь зүй. Үүний учир нь Орос, Хятад хоёр гүрний тэхий дунд Монгол оршдог явдал хэмээн ойлгож болно. Монгол хүмүүс гадаад царай, төрхийн хувьд Хятадуудтай ойролцоо харагддаг байж болох ч, хэрэв та Монголыг Хятадын нэг хэсэг гэж ойлгодог бол газарзүйн мэдлэгтээ “шинэчлэл” хийх хэрэгтэй болжээ.

3. Монголчуудыг мориноос салгаж ойлгох боломжгүй

Эрт дээр үед Монголчуудын тээвэр хийдэг ганц хэлбэр нь морь унах байв. Олон хүний төсөөллөөр тэд морь унаж, сэлэм эргүүлсэн улс шүү дээ. Нүүдэлчин амьдралын хэв маяг нь өнөөдөр өөрчлөгдөж буйн адил, морь уналга ч бага гэлтгүй орхигдсон. Автобус, автомашин, мотоцикл тэдний гол унаа.

Гэвч морь гэдэг Монголчуудын хувьд тун чухал бэлгэдэлтэй, ариун дагшин хэмээж болох амьтан юм. Хэрэв та Монголд очоод морьтой зүй бусаар харилцах юм бол тэдний омголон занг хөдөлгөж мэднэ шүү.

4. Ер нь Монгол таны төсөөлдөг шиг газар биш

Маш олон хүн Монголыг аюултай газар гэж боддог. Энэ орны тухай буруу ойлголтууд ердөө мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаас үүдэлтэй. “Монгол аюулгүй газар” гэж би танд хэлмээр байна. Гэвч халаасны хулгайнаас бага зэрэг сэрэмжилж явахад илүүдэхгүй. Бусдаар танд яг л гэртээ байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ, учир нь тэд гадны жуулчдыг маш их хүндэлж, чин зүрхнээсээ харилцдаг юм.

Одоо ч итгэмээргүй санагдаад байвал бага зэрэг судалгаа хийгээд үзээрэй. Үнэхээр эрэл хайгуулч сэтгэлгээтэй нэгэн бол Монголын талаарх элдэв хий цуурхлуудын үнэн мөнийг олж, адал явдалтай, сэтгэл дүүрэн аялал хийгээд ирэх нь дамжиггүй.

5. Веган хоолтнуудад зориулагдаагүй газар

Монголчууд мах иддэгээрээ алдартай хүмүүс. Энэ нь ч үнэн билээ.

Тэдний хооллох хэв маяг махнаас салшгүй холбоотой, үхэр, хонины мах дийлэнхидээ хэрэглэнэ. Өвлийн хахир хүйтэн цагт илчээ авахын тулд адууны мах хүртэл иддэг нь цагаан хоолтон хүмүүсийн хувьд аймшигтай санагдаж болох юм. Гэхдээ веганчуудад зориулагдсан орон зай огт байхгүй гэсэн үг биш. Хүн амтайгаа харьцуулахад цөөнгүй тооны хүмүүс веган амьдралын хэв маягийг өдрөөс өдөрт сонгосоор буй нь судалгаагаар харагдаж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button