Нийгмийн

Улсын хэмжээнд нийт 439.7 мянган мал хорогджээ

Монгол Улсын Засгийн газраас 2020-2021 оны өвөлжилт хүндрэхээс урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Үүнд:

  1. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Улсын нөөцөөс өвс, тэжээл гаргах тухай” 212 дугаар тогтоолоор өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Ховд аймагт Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байсан, нийт 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3800 тонн өвс үнэгүй, 1900 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэсэн. Дээрх аймгуудын Засаг дарга нар захирамж гаргаж малчдад өвс, тэжээл олгох ажлыг зохион байгуулсан.
  2. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 213 дугаар тогтоолоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын болон отроор явж буй малчин өрхөд 300,000 төгрөгийн хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын Онцгой Комиссын даргын тушаалаар энэ ажлыг зохион байгуулах түр журам, ажлын төлөвлөгөөг баталж, тэжээл олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулан байгуулсан. Тэжээл олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн мэдээллээр орон нутагт тэжээл хүргэлтийн ажил дунджаар 40.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ ажлын хэрэгжилт аймаг, орон нутагт хэрхэн явагдаж байгаа талаар төслийн ажилтнууд орон нутагт томилолтоор ажиллаж, ажлын зохион байгуулалт, тэжээл хүргэлт, хүлээн авалт, хадгалалт, хуваарилалт, тараалтын байдалд хяналт хийж, анхан шатны баримт материал бүрдүүлэлт, мал тэжээх заавар, малчин өрхүүдтэй уулзах ажлыг газар дээр нь зохион байгуулсан.
  3. Мал аж ахуйн үйлдвэрлэл дэх 2021 оны өвөл, хаврын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр яамнаас дараах бодлогын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Тэжээл импортлох чиглэлээр 50 гаруй аж ахуй нэгжтэй, 120.0 орчим мянган тонн тэжээл импортлох бодлогын гэрээ байгуулсан. Ингэснээр 2021 оны Мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 20.0 гаруй мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Ингэснээр 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивэгний дундаж үнэ 19465 төгрөг байсан бол тэжээл импортолсноос хойш хивэгний үнэ 17965 төгрөг болж, өмнөхөөс 8 орчим хувиар буурсан дүн гарсан. Одоо Сэлэнгэ аймагт 1200, Дорнодод 200, нийслэлд 300 тонн, нийт 1700 тонн өвсний нөөц байна. Зах зээл дээр 20 кг боодолтой өвс 8000-12000 төгрөгийн үнэтэй байна.
  4. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар арын 17-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн “Цагааннуур”, Увс аймгийн “Боршоо” хилийн боомтоор малын тэжээл импортлох арга хэмжээ аваад байна. Ингэснээр баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, хаваржилтын эрсдэлийг буруулах боломж бүрдэж байна.
  5. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Аймаг, орон нутгийн Засаг дарга нар хамтран авч хэрэгжүүлсэн удаа дараагийн арга хэмжээний үр дүнд Мал аж ахуйн салбарынхан өвлийг өнтэй давж хавартай золгоод байна.

Хаваржилтын нөхцөл байдал:

Өнөөдрийн байдлаар мал хаваржилтын байдал хэвийн байна. Өвөлжилт хүндхэн байсан Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхөнгай, Дундговь, Архангай зэрэг аймагт хаваржилт хүндхэн болох төлөвтэй байгаад яам анхаарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Эдгээр аймгуудад малын зүй бус хорогдол нилээд өндөр байгаад бид дүгнэлт хийж байна.

2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 439.7 мянган толгой мал хорогдоод байна. Архангай аймагт 28.3 мянга, Баянхонгорт 219.3 мянга, Говь-Алтайд 31.9 мянга, Өвөрхангайд 33.7 мянга, Төв аймагт 36.4 мянга буюу 365.4 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 83.1 хувийг эзэлж байна. Цаашид малын зүй бус хорогдлыг багасгах, холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж боловсруулж байна.

ХХААХҮ-ийн сайд “Хаваржилтын болзошгүй хүндрэл, хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих” тухай албан даалгавар гаргаж аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр бэлтгэж байна.

Энэ оны 2 дугаар сарын 10-ны байдлаар 10 аймгийн 5637 малчин өрхийн 3.9 сая толгой мал бусад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Говь-Сүмбэр, Сэлэнгэ аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 4640 малчин өрхийн 2.1 сая толгой, нийт 10277 малчин өрхийн 5.2 сая толгой мал отроор өвөлжөөд одоо хаваржиж байна.

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ ТОГТВОРТОЙ БАЙНА

Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна.

Нийслэл, аймгуудаас 2021 оны 02 дугаар сарын 16-нд авсан тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 20.0 мянган тонн малын мах, 154.6 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 13.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.3 мянган тонн хуурай сүү, 1.4 сая ширхэг өндөг, 4.0 мянган тонн ургамлын тос, 81.8 мянган тонн төмс, 37.2 мянган тонн хүнсний ногоо, 3.0 мянган тонн элсэн чихэр, 0.9 мянган тонн давсны нөөцтэй байна.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 2-3 дугаар сард 4.0 мянган тонн цагаан будаа, 6.3 мянган тонн элсэн чихэр, 175 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 3.3 мянган тонн цагаан будаа, 1.1 мянган тонн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button