НИЙГЭМХууль

Ц.Мянганбаяр залилсан 568 сая төгрөгөөрөө Ховд аймагт зэсийн орд нээсэн байжээ

2015 онд дампуурлаа зарласан “Монгол газар корпорейшн” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, түүний туслах Х.Даржаа нарыг “залилах “ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон билээ.

Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ял, Х.Даржаад 5 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

-ТЭД ХЭНИЙГ ЯМАР УЧРААС ЗАЛИЛСАН БЭ-

Учир явдлыг тодруулах аваас “Монгол газар” ХХК нь 1994 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр байгуулагдсан ба Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагааны 5 лиценз эзэмшиж, 2000-2010 он хүртэл 10.9 тонн алт олборлон улсад тушаасан байна.

Олборлолтын дараа 70 тэрбумын төгрөгийн их хэмжээний 700-800 кг алтны үлдэгдэл үлдсэн байна. Үлдэгдэл, хаягдал алт их хэмжээгээр үлдсэн учир Байгаль орчны яамнаас алт олборлох, нөхөн сэргээлт хийх нарийвчилсан төлөвлөгөөгөө батлуулаад, аж ахуй нэгжтэй гэрээ хийж тухайн газарт оруулж эхэлжээ.

-Ц.МЯНГАНБАЯР 2014 ОНД ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН ХЭРГЭЭР ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ БАЙЖЭЭ-

Ц.Мянганбаяр нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их үүсгэл” ХК-ийн байранд байрлаж, “Монгол газар” компани олборлолт явуулж байсан Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон багийн нутагт байрлах алтны орд газарт нөхөн сэргээлт хийх, алт олборлох чиглэлээр хамтран ажиллана гэж аж ахуй нэгжүүдийг залилж эхэлжээ.  

Улмаар нийт 13 иргэн, аж ахуй нэгжид 568 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байх юм. Улмаар дээрх их хэмжээний мөнгөөр Ховд аймагт зэсийн орд нээсэн ба хайгуулын охин компанийнхаа өрөмдлөгийн ажилд мөнгөө зарцуулсан хэмээн мэдүүлжээ. Улмаар алтны болон зэсийн хайгуулын, худалдаа үйл ажиллагаа эрхлэхээс гадна “Их үүсгэл” ХХК-ийн агуулахуудыг түрээсэлж орлого олж байгаагаа дурдсан байна.

Тэрбээр “Манай компани 200 сая төгрөгийн орлоготой. Би өөрөө сард 50  сая төгрөгийн орлоготой. өр зээл, хадгаламж байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин амьдралын эх сурвалж болгосон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би олон хүн тэжээн тэтгэдэг” хэмээсэн байна.

Ц.Мянганбаяр нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-д заасан “Хууль бусаар бүлэглэж, ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт холбогдож, 1 000 000 төгрөгийн эд хөрөнгө хураалгаж, 19 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж, торгууль төлж байжээ.

-Ц.МЯНГАНБАЯРЫН ТУСЛАХ Х.ДАРЖАА ШОРОНГООС ГАРЧ ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЛБАНДАА АЖИЛЛУУЛЖ, ХОХИРОГЧДЫГ ДАРАМТЛУУЛДАГ БАЙЖЭЭ-

Харин түүний туслах, Х.Даржаа гэх залуу Ц.Мянганбаярын итгэлийг хүлээж, нөхөн сэргээлт хийх дээрх ажиллагааг хариуцаж байх явцдаа мөн л иргэд, аж ахуй нэгжүүдтэй давхардуулсан гэрээ байгуулж, улмаар дараа нь тухайн аж ахуй нэгжүүдийг дарамталж, мөнгө авч эхэлсэн байна. Тэрбээр нийт долоон аж ахуй нэгж, иргэнд 166 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ.

Тэрбээр харуул хамгаалалтын компани ажиллуулдаг нэгэн бөгөөд тэндээ шоронгоос гарч ирсэн хүмүүс ажиллуулж, мөнгөө нэхэмжилсэн, залилуулсан иргэдийг айлган сүрдүүлдэг байсан аж.

Түүний хувьд хулгай, залилангийн  хэрэг үйлдсэн, улмаар хэргээ шалгуулж байх явцдаа шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэх хэргээр 2014 онд 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Улмаар 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 8 жил 3 сарын хорих ялаас чөлөөлөгдөж, суллагджээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Сайн бна, шагнах хэрэгтэй. Засагтай хамтраад ашиглаж мөнгө босго. Одоо л зэс үнэтэй бна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button