Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
“Манай улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас өмнө нь зээл авч байсан удаа бий юу. Мөн өмнө нь Азийн хөгжлийн банкнаас ковидын шугамаар тусламж авсан, үүний хэрэгжилт ямар түвшинд байна вэ?”
Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
“Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк манай хөгжлийн түнш байгууллага. Бид олон төсөл хөтөлбөрүүд дээр судалгааны түвшинд хамтарч ажилладаг. Өмнө нь нэг удаа 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг авч байсан, 2020 онд. Өөрөөр зээлийн харилцаа үүсэж байгаагүй. Цаашид харилцаа өргөжих болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа”
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
“Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тоног, төхөөрөмжүүд орж ирэн ашиглагдаж байгаа. Мөн вакцины иж бүрэн агуулах ашиглалтад орсон. Цаашлаад экмо аппарат, шаардлагатай тоног төхөөрөмжүүд үе шаттай ирж, хэрэгжээд явж байгаа”
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
“С.Энхболд сайд дэлгэрэнгүй хариу өгч чадахгүй байх шиг байна. Та маргааш, нөгөөдрөөс бичгээр төсөл төслөөр нь задалж мэдээлэл өгөөч. Хамгийн гол нь сургамж хэрэгтэй байна. Худалдан авалт дээр ямар хүндрэлүүд гарч байна. Вакцины агуулах гэлээ, энэ зөвхөн вакциных юм уу. Эмээ яаж хадгалах вэ?”
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “С.Энхболд сайд 2 минут 40 секунд дутуу байхад хариултаа дуусгалаа” гэж онцоллоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
“Зөвхөн биобэлдмэл, вакцины агуулах байгаа. Мөн ЗӨСҮТ дээр эм, эмнэлгийн хэрэгслийн агуулахын барилга баригдаж байгаа. Төсөл, төслөөр нь хэсэгчилсэн тайлбар явуулъя”
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.