Дүүгээ хөнөөж, шуудайнд хийж хаясан этгээдэд оноосон ялыг буурууллаа
Өдгөөгөөс арван сарын өмнө Чингэлтэй дүүргийн нутаг, Хандгайтын гудамж дахь гэрээсээ хичээлдээ явахаар гараад сураггүй болсон охины цогцсыг шуудайнд хийсэн байдалтай олсон байдаг. Уг хэргийг тухайн үед төрсөн ах нь үйлдсэн болохыг цагдаа нар илрүүлж байв.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дүүгээ хөнөөсөн С.Ганболдод холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Ганболдыг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд С.Ганболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, эдлэх ялыг 15 жилээр тогтоов.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.