УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Төрийн мэдээллийг хязгаарлалттай гэж ангилаад, зөвшөөрөл авахыг шаардах буруу

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болсон. Хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зарчмын зүйл бүрээр хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хязгаарлалттай мэдээлэл гэх шинэ нэр томъёо буюу шинэ хуулийн зохицуулалт нь иргэд, хуульчдын дунд төөрөгдөл үүсгэж байна. Төрийн мэдээллийг хязгаарлалттай гэж ангилаад мэдээлэл олж авах иргэн, сэтгүүлчийг заавал зөвшөөрөл авахыг шаардаж байна хэмээн онцлов.

Тэрбээр “Нийтийн мэдээллийн тухай хуульд иргэдийн мэдээлэл чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрхийг зөрчих, төрийн ил тод байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй зарим асуудал байна. Энэ тухай иргэний нийгмийн байгууллагууд, судлаачдаас тодорхой саналуудыг ирүүлж байна.

Тухайлбал, 7.1, 7.6-д “Хязгаарлалттай мэдээлэл” гэдэг шинэ мэдээллийг өнгөн дээрээ нээсэн юм шиг хэрнээ уг чанартаа мэдээлэл олж авахад төвөгтэй болгосон шинэ категори нэмсэн.

1. Мэдээллийн ангилал буюу хязгаарлалттай, хаалттай мэдээллийн тухайд

Монгол Улсад мөрдөж ирсэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжид анх удаа “хаалттай” болон “хязгаарлалттай” мэдээлэл гэсэн цоо шинэ ойлголт нэмэгдсэн нь анхаарал татаж байна.

Хязгаарлалттай мэдээллийг эрж хайх, олж авах, түгээх эрх чөлөөгөө эдлэхийн тулд мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан байх шаардлагыг заажээ.

Нэгдүгээрт, ийм шаардлага тавих нь төрийн мэдээлэл ил тод байх, нууцалбал зохих мэдээллийг зөвхөн нийтийн эрх ашгийн шалгуурыг баримтлан хуулиар тогтоосны үндсэн дээр нууцлах олон улсын зарчимтай зөрчилдөж байна.

Хоёрдугаарт, мэдээлэл хүсэгч иргэнд зорилгоо танилцуулах, мэдээллийн эзний зөвшөөрлийг авах гэх мэтээр хариуцлага үүрүүлсэн нь иргэдийн мэдээлэлтэй байж төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад оролцох боломжийг боогдуулах эрсдэл бий болгож байна гэж үзэх үндэслэлтэй.

Хязгаарлалттай мэдээлэл гэсэн ангилалд албаны нууцын жагсаалтад орсон мэдээлэл нэлээд хувийг эзлэх нь тодорхой байна. Тийм учраас асуух асуулт байна. Хууль санаачлагчаас болон Ажлын хэсгээс асуух асуулт байна. Хязгаарлалттай мэдээлэл гэдэгт огтоос оруулж болохгүй бүлэг мэдээлэл бол  9.2.2-т заасан “төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл” юм. Яахаараа төрийн хяналт шалгалтын дүн нууцлагдах ёстой вэ?” хэмээн асуув.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Мэдээллийг “Нээлттэй, хязгаарлалттай, хаалттай” гэж гурав ангилж байгаа. Энэ заалт анх удаа орж ирээгүй. Анх 2018 онд батлагдсан Бүртгэлийн багц хуулиар төрийн бүх мэдээллийг суурь болон төрөлжсөн мэдээлэл гэж хоёр ангилсан. Суурь мэдээлэлд нь иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн мэдээлэл багтаж байгаа. Тухайн иргэний зөвшөөрөлтэй өгч байгаа мэдээллийг л хязгаарлалтай мэдээлэл гэж нэрлээд байгаа юм. Тухайлбал, тухайн иргэний зөвшөөрлөөр хөрөнгийн, эрүүл мэндийн мэдээллийг нь өгдөг болно. Харин эрх бүхий албан тушаалтнууд шууд хандах нь энэ хуулиар нээлттэй байгаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх мэдээллийг нээлттэй болгож болгодоггүй. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагын зөвшөөрлөөр мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг мөрдөн байцаагч буюу мөрдөгч хуульд заасан хүрээ хязгаарын хүрээнд олон нийтэд ил болгож болно. Бүгдийг нь ил болговол мөрдөн шалгах ажиллагаанд саад болно. Хоёрдугаарт, төрийн хяналт шалгалтын явцад мэдээллийг бүгдийг нь ил болголгүйгээр шалгалт дуусаагүй байхад тухайн ААН, байгууллагын тухайн бизнесийн нэр хүндэд халдаж, цаашаа буруу мэдээлэл тарж болзошгүй учир хязгаартай байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button