УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГЯрилцлага

Б.Долгорсүрэн: Биржээр дамжуулахгүй койн гаргаж, олон нийтээс хөрөнгө татахыг хориглоно

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон конйтой холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-21 КОМПАНИ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГАА БИРЖЭД БҮРТГҮҮЛЖ БАЙЖ ЭХЛҮҮЛНЭ-

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хууль өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн төслийн гол концепци нь юу юм бэ. Койны харилцааг зохицуулна гэж олйгоод байгаа. Хэрхэн зохицуулах вэ?

-Энэ хууль 2121 оны 12-р сарын 16-нд УИХ-аар батлагдсан. Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Онцлог зүйлүүд бий. Тухайлбал энэ хуульд шилжилтийн үеийн зохицуулалт оруулж өгсөн. Хууль мөрдөгдөж эхэлсэн өдрөөс буюу хоёрдугаар сарын 24-ний өдрөөс зургаадугаар сарын 25-ны өдрийг дуустал буюу дөрвөн сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороо аливаа этгээдийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэж хэнийг хэлээд байна вэ?

-Олон нийтэд өөрсдийгөө цахим бирж гэж нэрлээд байгаа флатформуудыг ярьж байгаа юм. Хоёр дахь шилжилтийн үеийн зохицуулалт нь бүртгэж эхлэх хугацаа буюу зургаадугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа флатформууд, өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон 23 хуулийн этгээд бүртгүүлэх боломжтой. Энэ хугацаанд бүртгүүлээгүй, бүртгүүлэх шаардлага хангаагүй бол дахиж бүртгэхгүй. Мөн бас нэг том зохицуулалт бий. Хууль мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Монгол Улсад ICO буюу биржийн бус замаар флатформ дамжуулахгүйгээр койн гаргаж, олон нийтээс хөрөнгө мөнгө татахыг хориглоно.

-Биржид бүртгүүлснээр арилжаагаа хийх нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг биз дээ?

-Энэ хууль нь зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд, флатформуудыг бүртгэх, зохицуулах үүрэгтэй. Хороонд бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хоёрдогч арилжаа, анхдагч зах зээлийн арилжаанууд явагдана. Зөвхөн энэ хуулийн хүрээнд, талбар дээр үйл ажиллагаагаа явуулна.

-Танай СЗХ-ны зүгээс биржээр бус компаниар койн гаргасан 21 компанийн арилжааг зогсоож байгаа талаар мэдээлсэн юм уу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Олон нийтээс хөрөнгө, койн гаргах замаар 21 этгээд анхдагч зах зээл дээрээс компаниараа мөнгө босгочихсон. Хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлээгүй байсан. Эдгээр 21 этгээдийн хоёрдогч арилжаа зургаадугаар сарын 25-наас хойш эхлэх нөхцөл бүрдэнэ. Хуулийн зохицуулалтаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хоёрдогч арилжаа эхлэх ёстой гэж хуульчилсан. Яг өнөөдрийн байдлаар ямар ч бирж Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байгаа юм. Тиймээс хууль хэрэгжиж эхэлснээр биржид бүртгүүлэх хүртэл хоёрдогч зах зээлийн арилжаа явуулах ямар ч боломж байхгүй. .

-Зургаадугаар сарын 25-наас хойш яг ямар шалгуур хангасан биржүүдийг бүртгэх юм бэ?

-Хуулиндаа биржид тавигдах шаардлага гээд бүгдийг нь тусгаж өгсөн. Технологийн, аюулгүй байдлыг хангасан бизнес загвартай, программ хангамжийн шаардлага хангасан, чадварлаг боловсон хүчинтэй байх гэх мэт шаардлага тавьж байгаа юм. Мөн үүнийг дагаад хуулийг хэрэгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох журмууд гаргах эрхийг нь олгосон. Бүртгэлийн шаардлагыг хороо тавина. Хуулинд зааснаас гадна хугацаатай шаардлагуудыг тавина. Үйл ажиллагаа эрхлэх явцдаа ямар шаардлага хангаж ажиллах вэ гэдэг журамд орно. Нэгэнт эрхзүйн зохицуулалтад орж байгаа учраас үүнийг дагаад хяналт шалгалтын журмууд гарч  ирнэ. Хорооноос журмуудын төсөл боловсруулаад олон нийтээс санал асуухаар цахим хуудастаа байршуулсан.

-БИРЖИД БҮРТГҮҮЛЭХДЭЭ ШАЛГУУР ХАНГАХ ЁСТОЙ-

-Биржээр биш компаниар хөрөнгө төвлөрүүлээд койн гаргасан этгээдүүд зургаадугаар сарын 24-нөөс хойш бүртгүүлэх юм бол хоёр дахь арилжаагаа хийнэ гэж ойлгож болох уу?

-Тийм. Гэхдээ хуулийн шалгуур хангасан нөхцөлд.

-Албан ёсоор биржээр дамжсан койн хэд байгаа юм бэ?

-Санхүүгийн зохицуулах хороо олж тогтоогоод, судалгаанд хавсаргасанаар 59 койн хоёр дахь арилжаагаа хийгээд явж байна. 21 койн зөвхөн анхдагч зах зээл дээр хөрөнгүүдээ татсан. Цаашаа арилжаанд орох боломжгүй байна. Нөхцөл нь биржийн шаардлага хангаад бүртгүүлсний дараа хоёрдогч арилжаа руу шилжинэ гэсэн үг.

-Тэр 21 компанийн нэрийг зарлах уу?

-Энэ долоо хоногоос зарлаж, мэдээллүүдийг тодорхой болгоно.

-Олон нийтийн хамгийн их оролцсон IHC, MNFT гэх мэт койнууд хууль ёсны шаардлага хангасан арилжаа байж чадаж байгаа юу?

-Түүнийг бид тодорхойлохгүй шүү дээ. Санхүүгийн зохицуулах хороо бол зөвхөн бүртгэх үүрэгтэй. Тэр койны цаашаа явах бизнес загварыг ч хороо бүртгэхгүй. Койн гаргагчийг бирж бүртгэнэ. Хэн ч сайн, муу гэж хэлж чадахгүй.

-Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө иргэд койнтой холбоотой санал гомдлоо Эрүүгийн цагдаад гаргаж байсан юм билээ. Одоо танайх хариуцах уу?

-Нэгдүгээр өргөдөл гомдлыг авах хязгаар нь тодорхой. Энэ компани бүртгэлтэй эсэх асуудлаар гомдлоо манайд гаргаж болно. Иргэн хоорондын маргаан, залилан, эдийн засгийн агуулгатай гомдлуудыг хууль сахиулах байгууллагууд хүлээж авна. Койны ханш унасан асуудлаарх гомдлыг хүлээж авах боломжгүй.

-Койны харилцааг ингэж дэг журамд оруулах нь хэр зөв юм бэ?

-Койн бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй бизнес. Тиймээс ФАТФ-аас бүх улс оронд шаардлага тавж байгаа. Хоёрхон сонголт байгаа. Нэг нь бүхэлд нь хориглох. Орос, Хятадууд хориглочихсон. Харин ч Монгол Улс хүлээн зөвшөөрч, дэмжээд явж байгаа юм. Гол нь мөнгө угаах гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг. Хамгийн өндөр эрсдэлтэй бизнес.

-Монгол Улсад арилжаа хийж буй койнууд зах зээлд хэдэн тэрбум, их наяд төгрөг босгосон байгаа бол. Тооцоолол байгаа юу?

-Эрсдлийн үнэлгээ хийж байгаа. Виртуаль хөрөнгийн зэх зээл дээрх мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй энэ асуудалд үнэлгээ хийхийг олон улсын байгууллагаас шаарддаг. Зургаадугаар сард эцсийн үр дүн гарах ёстой. Эцсийн дүн гарах арай болоогүй. Далд, ойлгомжгүй байхаар иргэд их төөрөгдөлд орж байна. Ам дамжсан ярианаас болж төөрөгдөл их үүсэж байна. Бидний барьж байгаа байр суурь бол мэдээллийн ил тод байдлыг хангах.

-ЗОХИЦУУЛАЛТ ХИЙСНЭЭР ЭРСДЛИЙГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ХЯЗГААРЛАНА-

-Манай улс аль эрт л биткойноор арилжаа хийгээд эхэлсэн байсан. Тэр үед энэ хуулийн талаар ярьж байсан уу?

-Олон улсын байгууллагаас 2019 оноос эхэлж шаардсан. Хэн нэгэн эхэлсэн, эхлээгүй нь асуудал биш. Эрхзүйт орчинд амьдарч байгаа бол хууль барьж зохицуулах ёстой.

-Зургаадугаар сарын 25-наас хойш шинэ бирж гарч ирээд койн гаргая гэвэл боломжтой юу?

-Болно шүү дээ. Эрхзүйн зохицуулалттай орчинд орчихож байна шүү дээ. Гэхдээ стандарт тавих учраас хүссэн бүхэн нь гаргах боломж нь хязгаарлагдана. Одоо байгаа койнууд цаашид амьдрах уу гэдэг нь ч тодорхойгүй. Эрсдэлтэй зах зээл. Тийм ч учраас иргэдэд энэ талаар байнгын сэрэмжлүүлэг хийж байсан. Нэг тоо буруу хийгээд шилжүүлэг хийхэд тэр мөнгө буцаж орж ирэхгүй.

-Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлснээр биржүүдийг л бүртгэж байгаа болохоос иргэдийг эдийн засгийн эрсдэлд орхоос хамгаалж чадахгүй гэж ойлгох уу?

-Зохицуулалт хийж байгаа учраас тодорхой хэмжээнд эрсдлийг хязгаарлаж, зохицуулах гэж байгаа л оролдлого шүү дээ. Төр бүртгэлийн үйл ажиллагаа явуулснаар гарсан үр дагаварыг хариуцахгүй гээд хуулинд заагаад өгчихсөн. Маш ойлгомжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
guns
guns
2022-03-08 10:54

birj gedeg chini zugeer l busdiin ymiig dundaas n luivardaj ashig hurtdeg heden luivarchid suuj bdagaas uur ymar ashigtai ym be?

Холбоотой мэдээ

Back to top button