Нийгмийн

Өв тээж, түүх бүтээхээр айсуй ТЭНГЭРИЙН НҮҮДЭЛЧИД

Монгол газарт тархан суурьшсан олон угсаатны ахуй соёлын үнэт зүйлс, зан заншил, соёлын өвийг сурталчлан таниулах зорилгоор 21 аймгийг мориор тойрон аялж яваа “Тэнгэрийн нүүдэлчид”-ийн баг Армонгол, Өвөрмонгол залуус, анч тайга ноход, анчин шонхор шувуунаас бүрдэнэ. Аялагч залуус анх өнгөрсөн намар Улаанбаатар хотноо танилцаж, үзэл бодол, үнэт зүйлсээ ярилцснаар аяллын санаа төрж, жавар тачигнасан арванхоёрдугаар сарын 21-нд Бурхан халдун уулыг зорьж, аялалаа даатгажээ.

-БУРХАН ХАЛДУНД ҮЙЛСЭЭ ДААТГАЖ, ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРТ  ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН АЯН ЗАМД ГАРАВ-

Тэнгэрийн нүүдэлчдийг товчхон танилцуулахад, ӨМӨЗО-ы иргэн М.Нандин, “Хэрсүү хүн чулуу” ХХК-ийн захирал, Төв аймгийн Баян сумаас эхнэр авсан. Уншигчид “Voice” шоуны оролцогч гэдгээр сайн мэднэ. М.Нандин хүрэл цутгуураар асарга бүс урлаач, өв тээгч юм.  Ар монголын аялагч Э.Чинзоригт нягтлан бодогч мэргэжилтэй, “Тайга нохой судлалын холбоо”-г үүсэн байгуулагч, “Монголын шувуулахуйн холбоо”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга. Морин харвааны багш, өв тээгч.

Энэ хоёр залуу бол Тэнгэрийн нүүдэлчдийн ГОЛ ДҮР.  Харин үлдсэн гурван гишүүний тухайд, А.Нармандах зураглаач, найруулагч аяллын контент мастер,  В.Мөнхболд жолооч-кэмп менежер, Т.Даваасүрэн морь, амьтдыг тэжээх, уналга жолоог тааруулах үүргийг багтаа хүлээн ажиллаж буй.  Нүүдэлчин баг дөрвөн анч тайга нохой, нэг анч шонхор шувуу, уналгын дөрвөн морьтой.  Аялал албан ёсоор 2022 оны хоёрдугаар сарын 11-нд  эхлэв.

Залуус Улаанбаатар хотоос хөдөлж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Хар зүрхний хөх нуурт хүндэтгэл үзүүлснээр монголыг тойрох морин аялал замд гарчээ. Хар зүрхний хөх нуур бол аялагч, өв тээгч Э.Чинзоригтын төрсөн нутаг юм. Тэдний аялал 21 аймгийг мориор тойрсны эцэст эхлэл болсон энэ газраа ирж өндөрлөнө.

-Х.НАРМАНДАХ: МОРИОР МОНГОЛОО НАР ЗӨВ ТОЙРОХ ЭНЭ АЯЛАЛ МААНЬ ХЭН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ-

Бид аялал эхэлсний 60 дахь хоногт холбогдож аяллын зураглаач, найруулагч Х.Нармандахтай  ярилцлаа.

-Аялал эхлээд хоёр сар болжээ. Аян замын сониноосоо хуваалцаач?

- За баярлалаа. Бид одоо Дорнод аймагт байна. Эндээс Мэнэнгийн талыг туулж Сүхбаатар аймаг орно. “Тэнгэрийн нүүдэлчид” морин аяллыг санаачлагч М.Нандин, Э.Чинзоригт хоёр маань мориороо, нохдоо дагуулаад явна. Бид гурав шонхор шувуугаа машиндаа аваад урьтаж аялагчдынхаа амрах, хонох газар ирж  бэлтгэл ажил хийж яваа. Аль болохоор сүлжээтэй газар олж, майхан саваа барина, морьддоо өвс тэжээл, нохойндоо хоол бэлдэж,  аялагчдаа тухтай хооллож, амрах нөхцөлөөр хангана.  

Аялал эхлээд хоёр сар болоход бид хоёр дахь аймагтаа орж ирж байна. Хэнтий аймагт сар гаруй болчихлоо. Нэгдүгээрт нэвтрүүлгийн зураг авалтын ажил их байлаа. Нөгөө талаас орон нутаг, сумдын удирдлагууд ач холбогдол өгч хүлээн авсан учраас дөрвөн ч сургууль дээр уулзалт хийж, сургалт явуулж төслийн нээлтээ тэнд хийлээ.  Одоо бол ингээд цаашаагаа “туушиндах” маягаар явна.

- Ер нь очиж байгаа газрууддаа ямар хөтөлбөр зохион байгуулалттай яваа вэ?

- Манай хоёр аялагч, өв тээгчид хүүхэд залууст өөр өөрсдийнхөө чиглэлээр мэдээлэл өгч яваа. Манай М.Нандин бол хүрэл цутгуураар асарга бүс хийдэг дархан хүн. Харин Э.Чинзоригт бол анч тайга ноход,  шувуулахуйн арга ухаан, утга учрыг хүүхэд залууст таниулж мөн харваа зааж өгч байгаа. Хүүхдүүд монголчуудын өнө эртний соёл шувуулахуй,  тайга нохдын тухай амтархан сонсож, талархалтай хүлээн авч байна. Гэхдээ энэ уулзалт, сургалтыг тухайн орон нутгаас санал ирвэл зохион байгуулна.  Тийм ч учраас бид нар дараагийнхаа очих аймаг, сумдын сошиэл сүлжээнд мэдээллээ оруулаад явж байгаа.  

Анх манай хоёр аялагч танилцаад ярьж суухдаа Э.Чинзоригт “Би 21 аймагт тайга нохой болон шувуулахуйн холбоогоо сурталчилж хүүхэд багачууд болон сонирхож буй хүмүүст лекц орох сонирхолтой” гээд ярьсан чинь М.Нандин “Би бас монголыг тойрч аялах санаа байгаа. Өв соёлыг настай хөгшчүүлээс сонсох зорилго бий” гэснээр энэ төсөл үүссэн. Дараа нь М.Нандин надад санал тавьснаар би студийнхээ үйл ажиллагааг зогсоож, сэтгэл шулуудан орж ирсэн. Аяллын явцад дөчөөд видео контент гаргах төлөвлөгөө бий. Тэгэхээр бид хаана ч явсан аяллын зорилго, чиглэл, бидний хүсэл мөрөөдөл биелэлээ олсоор байх болно гэж хэлмээр байна.

-Тэнгэрийн нүүдэлчид анхны контентоороо Бурхан халдун уулын орой, бэлд нь очиж болдоггүй гэсэн мэдээллийг өгсөн. Энэ мэт үүх түүх хүүрнэсэн олон сайхан бүтээл төрөх нь...?

- Бид нар өөрсдөө ч анх очихдоо мэдээгүй. 12 сарын 21-ний өдөр очоод нутгийн буурай анчин н.Хурц гуайтай танилцаж, хэрэг зорилгоо хэлсэн. Тэгэхэд “Бурхан халдуны орой болон бэлд нь очиж болдоггүй юм. Хэрвээ та нар өөрсдийгөө даатгаж өргөл барьцаа барих гэж байгаа бол Бурхан Халдуны Дээд цагаан арал дээрээс өргөдөг учиртай. Хэрвээ тэгж чадахгүй ээ гэвэл би та нартай юм ярихгүй ээ” гэсэн. Тэгээд  учрыг нь лавлаж ярилцснаар аяллын маань эхний нэвтрүүлэг гарсан түүхтэй. Цаашид бид юм болгоныг шүүрэх гэж шунахгүй. Бид нар ч өөрсдөө өв соёл сурах гээд явж байгаа.

Хэнтий аймгийн Дадал суманд буриад зоны амьдралын онцлогийг олж харлаа. Дорнод руу орж ирээд барга, үзэмчин ястнуудын үнэн түүхийг сонслоо. Дорнод аймаг руу орж ирэхэд Талын түмэн адууны  залуус биднийг угтаж авсан. Нүд алдам эмээл, хэрэглэлтэй сайхан морьд, үндэсний баялаг хувцсаа өмчихсөн ямар ч бахархмаар юм. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр монголын түүх, өв соёл, зан заншил хэчнээн арвин баялагийг мэдэрч уран бүтээлч хүний хувьд их олзтой явна.

-Морь бэлгэнд авсан гэл үү? Ам бүл нэмэгдээд явах нь дээ?

- Тийм ээ. Бид нар анх гурван морьтой гарсан. Хэнтийн Батноров суманд Э.Чинзоригтын найз нь аян замыг маань ерөөж, хонгор халзан морь бэлэглэсэн. Мөн Улаанбаатар хотод сая болсон Монгол банхар, монгол Тайга нохойны уран зургийн үзэсгэлэнд оролцсон Бүүдгэр нэртэй шүдлэн нохой нэмэгдэж ирлээ. Ер нь бол монгол орны газрын зургийг нар зөв тойрч мориор аялах энэ төсөл хүн бүхэнд нээлттэй. Сургалт мэдээллээ авч байна, морь унаж, харваа заалгаж байна. Магадгүй хэн нэг нь бидний аялалд нэгдээд хүссэн газрынхаа замыг туулж болно шүү дээ. Манай баг аяллын хөтөлбөр гаргаж байна.

- Ивээн тэтгэгч байгаа юу?

- Байхгүй ээ, таван хүн бор зүрхээрээ л явна. /инээв/  Манай М.Нандин компаниа, Э.Чинзоригт маань маш олон харилцагч компаниудынхаа гэрээг цуцлаад, би студийн ажлаа зогсоож тал талаасаа мөнгө босгоод гарцгаасан. М.Нандин маань Өвөрмонгол руу KUAISHOU апплэйкэйшнээр лайв хийж аялалаа танилцуулдаг. Ингэхэд өвөрмонголчууд маш сайхан хүлээн авч дэмжлэг үзүүлж байгаа.

 -Манай орон нутгийнхан хэр хүлээн авч байна вэ?

-Үнэхээр морьтон монголчууд гэх тэр мэдрэмж байнга огшоостой явна. Адуучин залуус, морь, ан гөрөөнд дуртай монгол эрчүүд  үнэхээр сайхан хүлээн авах юм.  Мөн нутгийн иргэд оччихсон явааг хараад нохойнд хоол, морины өвс, тэжээл өгч байна. Нутгийн ах нар тухайн газар усныхаа онцлогийг танилцуулж, заавар зөвлөгөө өгнө. Цай, хоолныхоо дээжийг барина. Үнэхээр өдөр бүр монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэл төрсөн гайхамшигтай аялал болж байна. Аялагчид бид нар хүртэл бие биенээсээ өв соёл, зан заншил гээд сурах зүйл их юм. Жишээ нь, би л гэхэд замд гарснаас хойш шонхор шувуундаа их дасч, шувууны талаар мэдлэгтэй боллоо. Нуман, Муси гээд тайга нохдодоо дасч, ирэх хооронд нь үгүйлэх, санаа зовох энүүхэнд болж байна.

- Анч шонхор шувууныхаа тоог нэмэх үү?   

 - Манай Зүүдэн бол эм шонхор, ноднингийн ангаахай. Шонхорыг тал газар сургадаг юм байна. Ганц шүглэхэд л хүрээд ирнэ. Шувуулайхуйн утга учир, арга ухаан их нарийн аж. Жишээ нь, энэ Зүүдэнг аян замд эр шонхор таарвал байгальд нь тавина. Тэгэхээр шонхор шувуу нэмэгдэхгүй.

Тэд өв соёл, уламжлал, ёс заншлаа сурталчилж, сургаж бас өөрсдөө сурч аялж явна. Тэдний эрхэм зорилго нь нүүдэлчин монгол түмний соёлын дархлаа болсон биет болон биет бус өвийг сурталчлан таниулж эх орноороо бахархах сэтгэлтэй ирээдүйг бэлтгэх, монгол уламжлал соёлыг хадгалж хөгжүүлэхэд ямар боломж бололцоо байгааг таниулах, өв уламжлал, ёс заншил бүдгэрэх, оюун санаа ядууран доройтохоос сэргийлэх гээд өргөн их агуулга тээж яваа. Хар зүрхний хөх нуураас эхэлсэн тэнгэрийн нүүдэлчдийн аялал монгол орноо нар зөв тойрч ирэх намар эндээ ирж аяллаа өндөрлөх аян замын төлөвлөгөөтэй.

Б.БАЯРТ  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-28 08:56

З�##�уу үедээ өв соёл, уламжлл�##�аа зааж сургаж хүмүүжүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-03-28 08:58

Өө хичээх хэрэгтэй шүү

Холбоотой мэдээ

Back to top button