ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдүүдээ ой модонд агаарлуулахаа азнаарай

Жил бүрийн дөрвөөс аравдугаар сарын хооронд хачгийн идэвхжил өндөр болдог.
Хачигт хазуулбал үхэлд хүргэх ч аюултай. Иймээс хачигт халдварын идэвхжлийн үед ой модонд хүүхдээ агаарлуулахгүй байхыг анхааруулж энэ төрлийн мэдээллийг хүргэж байна.
Монголд 43 зүйлийг хачигт халдвар бүртгэгдсэнээс өнөөдрийн байдлаар гурван төрлийнх нь оношлогдож тогтоогдоод байгаа аж.
Хачиг тэнгэрээс унадаггүй
Хүмүүсийн дунд хачиг тэнгэрээс унадаг гэх яриа бий. Уг нь тэнгэрээс унаж биш салхиар л дамжиж хүний биед наалддаг байх нь. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл хачиг тэнгэрээс буудаг гэсэн ойлголттой хүн олон байдгийг мэргэжлийн тархвар судлаач хэлэв.
Ташрамд дурдахад монголчууд эртнээс хонин сүргээ өндөр өвстэй газар хэвтүүлдэггүй, хаврын цагт салхи сөргүүлж байж хотлуулдаг уламжлалтай. Энэ нь хачгаас сэргийлэх арга байжээ.
Сонирхуулахад хачиг өсөж үржихийн тулд өндөр өвсний үзүүрт тогтдог гэнэ. Хажуугаар нь бүлээн цустай амьтад өнгөрөх төдийд л наалдчихдаг. Эс бөгөөс хүчтэй салхи дэгдэхэд агаарт хөөрч яваад ямар нэг биет дээр тогтоно.
Монгол орны хэмжээнд хийсэн тандалт илрүүлгийн шинжилгээгээр сүүлийн жилүүдэд халдвартай хачиг нэмэгдэх хандлагатай байна. Өвчтэй нэг хачигнаас 30 ширхэг өндөг гардаг. Өндөг бүр нь халдвартай төдийгүй үржилд ороод дахин 30 ширхэг өндөг гарганагэх зэргээр үржихээр хачигны тоог хязгаарлах, нарийн тогтоох боломжгүй юм.
Амьтны биед шигдээгүй буюу өндөг хэлбэрээр байгаль дээр 8-10 жил тэсэж үлдэх чадвартай.
Авгалдай үедээ хулгана, зурам зэрэг жижиг мэрэгчийг шимэгчлэн амьдарч томордог. Хүүхэлдэй үедээ туулай, тарвага, үнэг зэрэг дундаж биетэй амьтдад шигдэн амьдарна. Бие нь томрох тусам буга, хонь зэрэг том биетэй амьтад руу шилжин, шимэгчилж эхэлдэг.
Ингэж явсаар нас биед хүрсэн хойноо л хүний биед шигдэж, хазах чадвартай болдог байна. Хачгийн амьдралын идэвхтэй үе нь 4-11 дүгээр сар юм.
Хачигт халдвараас хэрхэн хамгаалах вэ?
Хачиг хөнөөлтэй ч хамгаалах арга бий. Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх гурван тун вакцин байдаг. Эхний тунг хачгийн идэвхжлийн үед хийлгэдэг. Түүнээс зургаан сарын дараа хоёр дахь, жилийн дараа гурав дахь тунг хийлгэснээр хачигт халдвараас бүрэн хамгаалагдана. Давтан вакцинжуулалтыг гурван жилийн дараа хийлгэдэг байна.
ЗӨСҮТ-өөс голомтот нутгийн иргэд, цагдаа, эмнэлэгийн байгууллагын ажилтан, онцгой байдлын алба хаагчдыг заавал хамруулдаг.
Хачигт хазуулсан бол яах ёстой вэ
Хачиг шумуул шиг хатгаж, хүний цусыг хошуугаараа сордоггүй. Дөрвөн хөлөөрөө арьсны хананд бэхлэгдээд амнаасаа нян (энзим) ялгаруулж ойр орчимдоо хөндий зай үүсгэнэ. Ингээд л тэрхүү хөндийд урсаж ирсэн цусаар “ундаалдаг” байх нь.
Хэрэв энэ үед нь хүчтэй татаж гаргавал хошуу нь шигдэж үлдээд зогсохгүй, сорсон цусаа гулгих юм. Гулгисан цусаар хачигны доторх хор гадагшлах эрсдэлтэй. Иймд шууд сугалж авахаас татгалзаж, чих ухагч хөвөнгөөр бага багаар займчуулж гаргах нь зүйтэй. Хазуулсан хэсгийг спирт, иодтой хөвөнгөөр ариутгана.
Мөн хазуулсан хачгаа хаяж болохгүй. ЗӨСҮТ-ийн салбаруудад өгч лабораторийн шинжилгээ хийлгүүлээрэй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.